Categories
мэдээ улс-төр

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэхийг дэмжив

УИХ-ын Хууль зүйн байнгын хорооны өнөөдрийн хуралдаанаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн хэлэлцэх эсэхийг хэлэлцлээ.

Уг хуулийн төслийг УИХ-ын гишүүн Б.Энхбаяр, Б.Пүрэвдорж, Ц.Сандаг-Очир нар 2021 оны дөрөвдүгээр сарын 8-ны өдөр өргөн мэдүүлсэн аж.

Хэргийн бодит байдлын тогтоох, оролцогчдын эрхийг хангах, хэргийг буруу тусгаарласан, мөрдөн шалгах ажиллагаа явуулахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн, хууль буруу хэрэглэсэн алдааг засах, дутуу хийсэн мөрдөн шалгах ажиллагааг нөхөн гүйцээх зорилгоор уг хуулийн төслийг санаачилсан болохоо Б.Энхбаяр гишүүн хэлсэн.

Хуулийн төсөлд шүүхийн анхан шатанд болон давж заалдах, хяналтын шатны шүүхээс хэргийг прокурорт эсвэл дахин хэлэлцүүлэхээр шүүхэд буцаах зохицуулалтыг хүчингүй болгохоор тусгасан байна. Мөн шүүх хуралдааны явцад нотлох баримтаар тогтоогдсон, шүүгдэгчид холбогдох хэргийн зүйлчлэлийг хүндрүүлэх шаардлагатай болсон эсхүл хэргийн оролцогчийн эрхийг зөрчсөн тухай талуудын гаргасан гомдлыг шийдвэрлэх нөхцөл үүсэн тохиолдолд шүүх хэрэг хэлэлцэхийг нэг удаа 30 хоногоор хойшлуулж, шаардлагатай ажиллагаа явуулахыг прокурорт даалгах тухай нарийвчилсан зохицуулалтыг шинээр нэмсэн байна.

Өөрөөр хэлбэл, дээр дурдсан цөөн хэдэн тохиолдлоос бусад үед хэргийг шүүхээс буцаахыг болиулах заалтыг хуулийн төсөлд тусгажээ.

Ингэснээр хэргийг шүүх хуралдаанаар хэлэлцүүлж, шийдвэрлэгдэхгүй өнгөрдөг байсан асуудлыг бодитоор хэлэлцэх боломж бүрдэх ач холбогдолтой гэж хууль санаачлагчид үзжээ. Мөн шүүх, прокурорын байгууллагад улс төрд нөлөө бүхий этгээдээс дарамт үзүүлэх, авлига өгөхөөс урьдчилан сэргийлэх, шүүгчдэгчийн гэм бурууг нэг л удаа шүүхээр эцэслэн шийдвэрлэх зарчмыг ноцтой зөрчиж, гэм буруутай этгээдэд ял завших боломж олгож буй хуулийн хийдлийг залруулах ач холбогдолтой гэж үзсэн байна.

Давж заалдах шатны шүүх 2019-2020 онд нийт 4,988 эрүүгийн хэрэг шийдвэрлэснээс 502 хэргийг анхан шатны шүүхэд буцааж, 269 хэргийг прокурорт буцаасан байна. Харин Дээд шүүх 2019-2020 онд 1,359 эрүүгийн хэрэг шийдвэрлэснээр 43 хэргийг анхан шатны шүүхэд буцааж, 71 хэргийг прокурорт буцаасан нь Монгол Улсын Үндсэн хууль болон Эрүүгийн процесс хуульд заасан шударга ёсны зарчим хэрэгжихгүй байгаагийн илрэл гэж хууль санаачлагч хэлэлцүүлгийн явдад танилцуулсан юм.

Хэлэлцүүлгийн явцад үг хэлсэн гишүүдийн байр суурийг хүргэж байна.

УИХ‑ын гишүүн Н.Учрал: Нотлох баримтаа бүрэн дүүрэн үнэлээгүй хэргүүдийг шууд шүүх рүү шилжүүлдэг. Шүүх дээр хайна хагалдаг. Буцаах гэхээр болдоггүй. Тэгээд шүүх шууд шийдвэр гаргадаг байдал үүснэ.

Уг нь прокурор хэргийг заавал шүүх рүү шилжүүлэхгүйгээр хэрэгсэхгүй болгож болно. Гэтэл хангалттай нотлох баримт бүрдээгүй байхад шүүх рүү шилжүүлдэг. Шүүх үүнийг шийд гээд хаячихдаг. Энэ талаас нь харахгүй бол зөвхөн хүний эрх талаас нь яриад байж болохгүй.

Давж заалдах, хяналтын шатны шүүхээс хэрэг буцаахгүй байхыг зөв гэж үзэж байна. Харин анхан шатны шүүхээс хэргийг буцаадаг байх ёстой. Тэгэхгүй бол прокуророос хэргийг шүүх рүү шууд шилжүүлээд, шүүх хэргийг буцааж болохгүй учир алх цохиж байна. Хууль санаачлагчид анхан шатны шүүхээс хэрэг буцаах тохиолдолд 30 хоногийн хугацаа тавьж байгаа юм байна. Гэвч 30 хоног заах нь үр дүнд хүрэхгүй. Прокурорууд яагаад заавал хэргийг шүүх рүү шилжүүлээд байгаа юм. Шаардлагатай бол хэрэгсэхгүй болгож болно шүү дээ.

Өнөөдөр практик дээр анхан шатны шүүх дээр хэрэг хэрэгсэхгүй болж байгаа тохиолдол олон байна. Энэ нь прокурор ажлаа муу хийсэнтэй холбоотой.

УИХ-ын гишүүн Б.Энхбаяр: Манай улс хэргийг нотло, нотолж чадахгүй бол цагаатга гэдэг зарчмыг 1926 оноос эхлэн үндэсний хууль тогтоомждоо нутагшуулж ирсэн байдаг. 1926-1936 он хүртэл энэ зарчим үйлчилсэн. Гэтэл шүүхээс буцаадаг зарчим 1936 оноос хуульд орж ирсэн. 1936 он гэдгийг анхаараарай. Хэлмэгдүүлэлтийн үе. Хэлмэгдүүлэлттэй хамт энэ зарчим хуульд орж ирээд 1963 он хүртэл үргэлжилсэн.

Түүний дараа 1994 оны Эрүүгийн байцаан шийдвэрлэх хуулиар шүүхээс хэрэг буцаадаг байдлыг болиулсан. Ингэж явсаар 2002 оны “хар” хуулиар шүүхээс буцаадаг болсон. Ингээд шорон дүүрсэн гэж ярьдаг.

Н.Алтанхуягийн Засгийн газрын үед буюу 2013 онд шүүхээс буцаадгийг халах тухай хуулийн төсөл УИХ-д орж ирсэн. Н.Алтанхуягийн Засгийн газар огцорсны дараа Д.Дорлигжав Хууль зүйн сайд болоод шүүхээс буцаадгаар хуулийн төсөл оруулж ирсэн.

Тэгээд 2015 онд шүүхээс буцаадаг байдлаар хуулиа баталсан ч ёсчилж чадаагүй. Ингээд 2016 онд С.Бямбацогтыг ХЗДХ-ийн сайд байхад шүүхээс буцаадгийг халах тухай хуулийн төсөл оруулж ирж, батлуулсан. Гэтэл 2019 онд буцаадаг байх заалтыг оруулж ирсэн. ХЗДХ-ийн сайд нь Ц.Нямдорж байсан.

УИХ-ын гишүүн Ж.Сүхбаатар: Бид нэг зүйлийг буруу ойлгож ирсэн. Бүх шатны шүүийн шийдвэр эцсийнх байх ёстой. Гэтэл манайхан тэгж ойлгодоггүй. Давж заалдах, хяналтын шат гэдэг бол эрх зүйн үндэслэлийн талаас нь хянаж байгаа болохоос биш тухайн асуудлыг эцэслэн шийдвэрлэх гээд байгаа зүйл биш юм. Хамгийн гол нь ял завшуулахгүй байхад анхаарах ёстой.

УИХ-ын гишүүн Б.Энхбаяр: Шүүхээс буцаасан хэргүүд хэрхэн шийдэгдсэн бэ гэдэг дээр судалгаа хийж үзсэн. 2019-2021 оны байдлаар харахад 267 хэрэг хэрэгсэхгүй болсон байна. Энэ бол анхан болон давж заалдах шатны шүүх 267 хүнийг хэрэг хийгээгүй байхад нь ял өгчихсөн байсан гэсэн үг.

Хэргийг буцаадаг байдал нь дээр мөрдөн байцаагч, прокурор, шүүгчийг авлигын сүлжээнд оруулаад байна. Үүнийг нийлүүлээд хуулийн мафи гэж хэлмээр байна. Сүүлдээ бүр ийм яриа гарсан байна “Энэ нөхөр нэг тийм хэмжээний хөрөнгөтэй юм билээ. Энэнээс авах юм бараг болчихлоо. Одоо энийг больё доо” гэж ярьж байна. Энэ бол хуулийн байгууллагынхны авлигын тухай яриа.

Хэргийг буцаадаг байдал нь хүнийг ингэж хохироож, хуулийн байгууллагынхан бие бие рүүгээ шидэж байна.

Прокурорууд яагаад дутуу хэрэг шийдээд шүүх рүү шилжүүлээд байна гэхээр шүүхээс чиглэл авах гэж шилжүүлж байгаа юм. Уг нь шүүгч аль нэг талд орох ёсгүй. Гэтэл шүүхээс хэрэг буцаадаг байдал нь шүүгчийг яллагч болгочихоод байна. Тухайн хүний хэрэг нотлогдохгүй байна. Гэтэл шүүгч прокурортой үгсээд үүнийг нотлоод ир гэж явуулдаг. Ийм зарчим дэлхийд байхгүй. Одоо Орост л ганцхан байх шиг байна.

УИХ-ын гишүүн Ш.Раднаасэд: Энэ хууль давуу тал ч ихтэй, сөрөг зүйл ч ихтэй. Дутуу мөрдөөд ял завшуул эсвэл дутуу мөрдөөд ялтан болго. Ийм л зарчим яваад байх шиг байна.

Энэ хуулийн төслийг чуулганаар хэлэлцэх үеэр Улсын дээд шүүх, прокурорын байгууллагаас хүмүүс байлцуул. Бидэн дунд хэрэг мөрдөж, хянаж, шүүж байсан нэг ч хүн алга. Тэр зовлонг нь мэдэхгүй.

Олны анхаарал татсан хэргүүд шүүх рүү шилжихгүй байх вий дээ. Мөрдөн байцаалтын шатанд хэрэг замхраад алга болдог болох вий гэдэг зүйл ажиглагдаж байна.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *