Ерөнхийлөгчийн сонгуулийн хоёр дахь санал хураалт долдугаар сарын 7-ны өдөр болохтой холбогдуулан Сонгуулийн ерөнхий хороо алслагдмал аймгуудын саналын хуудсыг хүргүүлж эхэлжээ. Мөн гадаадад байгаа сонгогчдын саналын хуудсыг хүргүүлсэн байна.
Тодруулбал, саналын хуудсыг долдугаар сарын 3 гэхэд бүх аймаг, сумдын санал авах хэсгүүдэд тагнуулын байгууллага болон цагдаагийн хамгаалалттай хүргэж дуусгах аж. Саналын хуудаст АН-аас нэр дэвшигч Х.Баттулга, МАН-аас нэр дэвшигч М.Энхболд нарын цээж зураг болон сонгох тэмдэглэгээ байна. Энэ сарын долооны өдөр буюу ирэх долоо хоногийн баасан гаригт дахин санал хураалт орон даяар 7-22 цаг хүртэл явагдана. Дахин санал хураалтад долоон тэрбум төгрөг зарцуулж байна. Иймд дахин санал хураалтандаа идэвхтэй оролцохыг Сонгуулийн ерөнхий хорооноос уриалж буй аж.