Categories
мэдээ цаг-үе

Ерөнхийлөгчийн сонгуульд ямар хүмүүс нэр дэвших вэ

Юу юугүй л Ерөнхийлөгчийн сонгуулийн уур амьсгал хэдийнэ орсныг харж болохоор байна. Үндсэн хуульд Монгол Улсын Ерөнхийлөгч бол төрийн тэргүүн, Монголын ард түмний эв нэгдлийг илэрхийлэгч мөн хэмээн заасан байдаг. Тэгвэл өнгөрсөн хугацаанд Монгол Улсын Төрийн тэргүүнээр П.Очирбат нэг удаа, Н.Багабанди хоёр удаа, Н.Энхбаяр нэг удаа, Ц.Элбэгдорж хоёр удаа туурга тусгаар Монголын эв нэгдлийн илэрхийлэгчээр ажилласан байдаг. Төрийн тэргүүний сонгуульд парламентад суудалтай улс төрийн хүчин нэр дэвшүүлэх эрхээ эдлэх бөгөөд бусад намууд дэмжиж, хамтарч сонгуульд орж болох юм. Энэ удаагийн Ерөнхийлөгчийн сонгуульд Ардчилсан нам, Монгол ардын нам, Монгол ардын хувьсгалт намаас гурван нэр дэвшигч тодрох учиртай.

АРДЧИЛСАН НАМААС ЕРӨНХИЙЛӨГЧИЙН СОНГУУЛЬД НЭР ДЭВШИХ СОНИРХОЛТОЙ ЕСӨН ХҮН БИЙ

Өнгөрөгч оны УИХ-ын сонгуульд үнэмлэхүй ялалт бус ялагдал хүлээсэн тус намынхан ойрдоо хөл хөдөлгөөнтэй байна. Намынхаа нийт гишүүдийн дунд нээлттэйгээр намын даргын сонгуулиа явуулж, С.Эрдэнийг намын даргаараа батламжилж, Д.Эрдэнэбатыгаа УИХ дахь АН-ын бүлгийн дарга болгож, Ц.Туваанаар намынхаа гол тогоог бариулж эхэлсэн гээд яах аргагүй анхаарлын төвд байгаа юм. Эл намынхан дотоод сонгуулиа зохион байгуулсан хэмээн ам бардам байгаа ч тэд “ялагдсан нам” гэдэг нэрнээсээ салах болоогүй байна. Удахгүй намынхаа дэд дарга нарыг дөрөв эсхүл тав байхаар томилох сураг гарч буй. Намын шинэ удирдлагуудын эхний том ажил нь ирэх зургадугаар сард болох Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгууль. Ерөнхийлөгчийн сонгуульд тус намаас хэн нэр дэвших нь таамаг төдий байгаа ч С.Эрдэнэ даргын хэлснээр бүх гишүүдийнхээ оролцоотойгоор Ерөнхийлөгчид нэр дэвшигчийг тодруулах бөгөөд тавдугаар сарын 6-7-нд Их хурлын гишүүдийн төлөөлөгчийн нууц санал хураалтаар тодруулна.

Ардчилсан намын даргад нэр дэвших хүсэлтэй есөн хүний нэр яригдаж эхлэв. Цагтаа Ардчилсан нам, “Шинэчлэл”-ийн Засгийн газрыг тэргүүлж явсан Н.Алтанхуягийн нэр дуулдаж байна. Түүний хувьд саяхан болсон намын даргын сунгаанд нэр дэвшин өрсөлдсөн ч ялалт байгуулж чадаагүй. Нэг сунгаанд улдсан ч дахин сунгаанд орж намынхныхаа дэмжлэгийг авч болох. Гэсэн ч Ардчилсан намаас гаднах тойрогтоо ямар харагдах вэ гэдгээ бодолцох учиртай болов уу. УИХ-ын гишүүн, намын дарга, Ерөнхийлөгчийн сонгууль гээд гурав дараалан нэр дэвшихээр бол түүнийг албан тушаалын араас улайрагч мэт харагдуулж болох юм.

Аль ч цаг үед ард түмнийхээ дунд өөрийн рейтингийг алдаагүй улстөрч мэдээж Р.Амаржаргал. Засгийн газраа муу ажиллаж байна гээд огцруулахыг нь дэмжээд кноп дарчихдаг. Түүний хувьд Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшвэл МАН-аас нэр дэвшигчийн хамгийн хүчтэй өрсөлдөгч болж очно гэсэн яриа бий. Гэхдээ энэ олон жил парламентад суухдаа юу ч хийгээгүй хүн Ерөнхийлөгч болоод юм хийх үү хэмээх яриа гарчээ.

Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын даргаар ажиллаж буй Ц.Баярсайханы нэр мөн яригдах болсныг ойрын эх сурвалж өгүүлэв. Янз бүрийн зүйлд нэр холбогдож байгаагүй түүний хувьд өөрөө хүсэхгүй ч намынхан нь дэвш гэвэл өрсөлдөөд явахаас өөр замгүй гэж байв. Амбицаа дийлэхгүй яваа олон хүний дэргэд нуруутай гэдэг ч МҮДН фракц намынхаа анхан шатанд “хөлгүй”. Тэрбээр МҮДН фракцийн төлөөлөл.

Цагтаа Чингисийн талбайд тракторчдын жагсаал хийж, УИХ-ын гишүүн, Хотын даргаар ажиллаж байсан гэхээр хэн гэдэг нь тодорхой. Э.Бат-Үүлийг С.Зориг агсны хэрэгтэй холбогдуулан шалгаж эхэллээ гэдэг мэдээлэл цацагдсан цагаас хойш манай сонин дээр ганц хоёр нийтлэл бичиж тавьсныг эс тооцвол усанд хаясан чулуу мэт алга болсон. Харин намынхаа долдугаар Их хурлын тайзнаа гарч үг хэлж, намын даргадаа амжилт хүсч байсан. Чимээгүй “дайсан” хамгийн аюултай гэж ярьдаг. Тэрбээр нам гүмхэн байгаа ч Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших бодол бий гэнэ.

Ерөнхийлөгчийн Тамгын газрын даргаар ажиллаж байсан П.Цагааныг мөн нэр дэвшинэ гэх болов. Хөвсгөл аймагт Их хурлын сонгуулиар нэр дэвшин өвдөг шороодсон ч намын даргын сунгаанд өрсөлдөнө гэж байгаад хазаараа татсан. Ямартай ч энэ удаагийн намынхаа сунгаанд оролцох тухай чих дэлсэж байна.

Баянзүрх дүүргээс гурван удаа Их хурлын гишүүнээр сонгогдож байсан гишүүн асан “Бридж” хэмээх Д.Ганхуягийг нэр дэвших бодолтой яваа хэмээн эх сурвалж өгүүлэв. “Шонхор” фракцид харьяалагддаг түүний хувьд намынхаа сунгаанд гайгүй оролцож мэднэ гэх юм билээ. Өөрөө бол “Дэвших эсэхээ шийдээгүй” гэдэг зүйл ярьж байгаа юм. Учир нь “Шонхор”-ынхон нам дотроо хамгийн том нөлөөллийг тогтоогоод буй.

Өөр нэг сонирхолтой нэр дуулдах болсон нь “Буян” хэмээх Базарсадын Жаргалсайхан. Цагтаа ардчиллын анхдагч болон явсан тэрбээр Бүгд найрамдах намыг байгуулан өрх тусгаарлаж байсан түүхтэй. Тэгвэл АН-ын даргын сунгааны өмнө намын гишүүнчлэлээ сэргээж, С.Эрдэнийг дэмжээрэй хэмээн уриалж явсан нь ердөө ганц сарын өмнөх явдал. Тэдний хооронд ямар тохироо өрнөснийг таах аргагүй. Америкт Бүгд найрамдах намаас нэр дэвшсэн Дональд Трамп Ерөнхийлөгч болж байхад Монголд яагаад Буян Жагаа Ерөнхийлөгч болж болдоггүй юм гэсэн яриа хүртэл гараад амжжээ.

“АПУ”-гийн хэмээх тодотголтой Г.Батхүүгийн нэр мөн Ерөнхийлөгчийн сунгаанд яригдаж байгаа аж. Түүний хувьд МоАН фракцийн төлөөлөл бол тус фракцаас мөн УИХ-ын гишүүн Л.Болдын нэр яригдаж эхэлсэн. Г.Батхүүгийн хувьд намын даргын сунгаандаа нэр дэвшинэ хэмээн материалаа бүрдүүлж өгөхөөр Сонгуулийн хороо руугаа очиж явах замдаа бараг нэр дэвшихээ больж буйгаа хэлсэн гэдэг. Л.Болдын хувьд Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших сунгаанд оролцох уу гэхэд “Харж байгаад болно” гэдэг хариу өгч байсан. Эдгээр нэр дэвшигчдээс хэн нь намынхаа нийт гишүүдийн олонхийн саналыг авч, Их хурлаасаа баталгаажсан нь нэр дэвших юм.

МАН-ААС ГУРВАН НЭР ДЭВШИГЧ НАМ ДОТРОО “ҮЗЭХ ҮҮ”

Эв эеийг үргэлж сахидаг хэмээгддэг МАН-ынхан энэ удаагийн сонгуульд хэнийг ч нэр дэвшүүлсэн хамгийн хүчтэй өрсөлдөгч байх нь тодорхой. Парламентад үнэмлэхүй ялалт байгуулсан тус намынхан Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигчээ тодруулах цаг болоогүй гэж байгаа ч Ерөнхийлөгчийн сонгуулийн сурталчилгаагаа хийгээд эхэлсэн гэж харахаар байгаа. Учир нь намаасаа нэр дэвших хамгийн өндөр магадлалтай МАН, УИХ-ын дарга М.Энхболдын хувьд амралт, ажлаа зохицуулан орон нутагт ажиллаад эхэлсэн. Ойрын өдрүүдэд баруун аймгуудад ажиллаж, иргэдтэй уулзалт хийж байгаа талаарх мэдээлэл цацагдах болсноос харж болно. Энэ нь ч түүнийг баталж байгаа гэх юм билээ. Хэрэвзээ Төрийн тэргүүний сонгуульд орохгүй гэсэн бол тэрбээр Монгол Улсын Ерөнхий сайдаар Ж.Эрдэнэбат бус М.Энхболд дарга ажиллах байлаа. Засгийн ажил тааруу байвал Ерөнхий сайдын нэр хүнд унадаг гэдгийг мэдэхийн дээдээр мэддэг тул өөрт оногдох хариуцлагаа Ж.Эрдэнэбатад шилжүүлж байсан нь үүний хамгийн том нотолгоо байв.

Нам дотроо хийгээд бусад намаас нэр дэвшигчдийн хамгийн том өрсөлдөгч одоогийн МАН-ын дарга, УИХ-ын дарга М.Энхболд. Нам дотроо өөрийн байр суурийг бататгахын тулд бүхий л шатандаа ажиллаж байгаа хэмээн МАН-ынхан нь ярих болсон. Магадгүй нам дотроосоо өрсөлдөгчгүйгээр шууд нэр дэвших мандатаа аваад гарч ирж ч мэднэ. Намын даргаар ажиллаж байхдаа УИХ, орон нутгийн сонгуульд намаа ялуулсан нь түүний хувьд Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших хангалттай том шалтгаан мөн. Улстөрч хүн ямар ч үед хатуу байх ёстой гэдгийг тэр өөрийнхөө биеэр харуулж байв. 2013 оны аравдугаар сарын 29-ний өдөр тус намын Бага хурал хуралдаж намын даргаа сонгох санал хураалт явуулсан. Намын даргад нэр дэвшсэн өдөр нь түүний аав өөд болж тус намын хурал гурван цаг гаруй завсарлаж байлаа. Үдээс хойш үргэлжлүүлэн хуралдсан намынхаа Бага хуралд ирж оролцон 90 гаруй хувийн дэмжлэг авч намын даргаар сонгогдож байсан нь дөрвөн жилийн өмнөх мөчлөгт хамаарна.

МАН-ын хувьд Ардчилсан намынхан шиг нам дотроо сунгаа энэ тэр гэлгүй нэг өдөр хуралдаад асуудлаа шийдчихдэг. Намынхаа Удирдах зөвлөлөөс оруулж ирсэн нэрсийг Бага хурлаараа санал хураалтын журмаар шийддэг. Өмнөх Ерөнхийлөгчийн сонгуульд Бага хурлаараа дөрвөн хүний нэр оруулж ирсэн ч Б.Бат-Эрдэнэ, Ө.Энхтүвшин нарын оноо тэнцэн дахин санал хураалт явуулахад Б.Бат-Эрдэнэ илүү санал авч нэр дэвшиж байв. Энэ удаагийн Ерөнхийлөгчийн сонгуульд намын экс дарга Ө.Энхтүвшин нэр дэвшиж магадгүй талаар намынхан нь яриад эхэлжээ. Дэмжлэг ч гайгүй байгаа сурагтай. Өмнөх Ерөнхийлөгчийн сонгуулиар боломжоо алдсан түүний хувьд энэ удаа өөрийгөө сойгоод үзэх сонирхол бий бололтой. УИХ-ын гишүүн Ө.Энхтүвшингийн хувьд ноён нуруутай, тулхтай улстөрч хэмээн намынхандаа төдийгүй иргэдэд үнэлэгддэг. Нам нь олонхи болж Ерөнхий сайдаар Ж.Эрдэнэбатыг томилох чуулганы хуралдааны үеэр намын дарга М.Энхболдыг Ерөнхий сайд болсонгүй хэмээн “зад” шүүмжилж байлаа. Магадгүй хожмын нэр өдөр Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшүүлэх процесс өрнөхөд нэр цэвэр Их хурлын дарга нам дотроо өөртэй нь өрсөлдөж магадгүй гэж бодсон ч байж мэдэх юм. Ямартай ч чуулган, байнгын хорооны хуралдаан бүрт үг хэлж ад болдоггүй ч үе үе хэлэх үгээрээ намын даргаа “чимхэж” харагддаг.

Өөрийгөө Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшихгүй хэмээн зарласан ч Ц.Нямдорж гишүүний хувьд өрсөлдөж болох хувилбаруудын нэг хэмээн намынхан нь үзэж байгаа бололтой. Түүний хувьд “Эрдэнэт” үйлдвэрийн 49 хувийн хувьчлалаар улс төрийн карьерыг улам өсгөж яваа. Оюу толгой гэдэг ганц сэдвийг барьж авч дөрвөн жил ярьдаг нь С.Ганбаатар биш байсан гэдэг нь “Эрдэнэт” үйлдвэрийн жишээгээр Ц.Нямдорж гишүүн дээр харагдаж байгаа юм. Түүний хувьд УИХ-ын гишүүнээр долоо, Хууль зүй дотоод хэргийн сайдаар гурав, УИХ-ын даргаар нэг удаа ажиллаж байсан туршлага бий. Түүний хувьд Ерөнхий сайд, Монгол Улсын Ерөнхийлөгчөөс бусад өндөр албан тушаалыг хашсан. Тиймээс төрийн тэргүүний сонгуульд өрсөлдөж магадгүй хэмээн яригдаж байна. Одоогийн байдлаар намын даргаасаа илүү рейтинг өндөртэй байгаа гэнэ. Тэдний дундах өрсөлдөөнийг ажиглах л үлдлээ.

МАХН-ААС НЭР ДЭВШИГЧИЙГ Н.ЭНХБАЯР Л ШИЙДНЭ

МАХН-д парламентад цор ганц суудал авч ирсэн нь О.Баасанхүү гишүүн. Оны өмнөөс л тэрбээр хэвлэлд өгсөн ярилцлага бүртээ Ерөнхийлөгчийн сонгуулийн талаар үг цухуйлгаж, зарим үед дипломатч Ц.Гомбосүрэн, Л.Эрдэнэчулуун гуай нар шиг хүн хэрэгтэй гэж ярьж байгаа. Манай сонинд өгсөн ярилцлагадаа Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшүүлж болох найман хүний нэр байгаа талаараа мэдэгдсэн ч хэн хэн бэ гэдгийг нь хэлэхгүй гээд “гөжчихсөн”. Гэхдээ О.Баасанхүү гэхээсээ илүүтэй намын дарга Н.Энхбаярын мэдлийн шахуу асуудал л даа. Н.Энхбаяр УИХ-ын гишүүн асан С.Ганбаатарыг намдаа урьсан гэдэг мэдээлэл гарсан ч О.Баасанхүү гишүүн эрс үгүйсгэсэн. Өмнөх Ерөнхийлөгчийн сонгуулиар Н.Удвалаар туг тахисан МАХН-ынхан энэ удаа хэнээр сор залах нь одоогоор тодорхойгүй. МАХН-ынхан АН эсвэл МАН-тай болон бусад намтай хамтарч сонгуульд орохгүй гэвэл дангаараа нэг хүнийг нэр дэвшүүлнэ. Тус намынхны дунд одоогоор яригдаж буй ганц хүн нь Монгол Улсын Шадар сайд асан Ц.Оюунбаатар юм байна. Гэхдээ хувийн шугамаар Н.Энхбаяр даргатай хүмүүс уулзаж байгаа ажээ.

Э.ЭНХ

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *