Categories
мэдээ улс-төр

Ерөнхийлөгчийн “Монгол баатарлаг туульсаа дээдлэн дэлгэрүүлэх тухай” зарлиг гарав

Монгол Улсын Ерөнхийлөгч Халтмаагийн Баттулга монгол түмний бахархалт өв соёл, үеэс үед уламжлагдан ирсэн аман билгийн эх ундарга болсон баатарлаг туульсаа дээдлэн, дэлгэрүүлэх зорилгоор 2019 оны нэгдүгээр сарын 29-ний өдөр “Монгол баатарлаг туульсаа дээдлэн дэлгэрүүлэх тухай” 13 дугаар зарлиг гаргасан юм.

Монгол Улсын Ерөнхийлөгчийн дээрх зарлигийг XVII жарны “Урвуулагч” хэмээх Шарагчин гахай жилийн Цагаан сарын баярт зориулсан хүчит 256 бөхийн барилдааны дөрвийн даваа эхлэхийн өмнө уншиж сонордуулан, Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын дэд дарга Г.Байгалмаа зарлигт холбогдох байгууллагын төлөөллүүдэд зарлигийг гардуулж өгөв.

“МОНГОЛ БААТАРЛАГ ТУУЛЬСАА ДЭЭДЛЭН ДЭЛГЭРҮҮЛЭХ ТУХАЙ” ЗАРЛИГТ:
“Монгол түмний бахархалт өв соёл, үеэс үед уламжлагдан ирсэн аман билгийн эх ундарга болсон баатарлаг туульсаа дээдлэн, дэлгэрүүлэх зорилгоор Монгол Улсын Үндсэн хуулийн Долоодугаар зүйлийн 1, Гучин дөрөвдүгээр зүйлийн 1, Монгол Улсын Ерөнхийлөгчийн тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийг тус тус үндэслэн ЗАРЛИГ БОЛГОХ нь:
“Аваргасын таван бодон”, “Алтан ундарга”, “Бужин даваа хаан”, “Довон хар бөх”, “Жангар”, “Зул алдар хаан”, “Мөнх сайхан төрт Алтан торц”, “Хан харангуй”, “Хилэн галзуу баатар” зэрэг баатарлаг туульсыг олон нийтэд дэлгэрүүлэн таниулж, дээжээс үндэсний бичигт буулган нэг хувийг бүтээж, Төрийн ордонд дээдлэн залсугай.
Жил бүрийн Цагаан сарын баярыг тохиолдуулан хаврын тэргүүн сарын шинийн гурваны өдөр, Монгол бахархлын өдрийг тохиолдуулан өвлийн тэргүүн сарын шинийн гурваны өдөр Төрийн ёслол хүндэтгэлийн өргөөнд баатарлаг туульсыг хайлж байхаар тогтоосугай.
Баатарлаг туульсаа дээдлэн хамгаалах, бүртгэн судлах, өвлөн уламжлуулах, түгээн дэлгэрүүлэх, олон улсад сурталчлан таниулах; туульч, өвлөн уламжлагч, өв тээгчид болон судлаачдыг урамшуулах үйл ажиллагааг дэмжиж ажиллахыг төрийн бүх шатны байгууллага, албан тушаалтанд үүрэг болгосугай.
Монгол баатарлаг туульсынхаа агуулга, ач холбогдлыг таньж ойлгох, дэмжин дэлгэрүүлэх, өв соёлоо хүндэтгэн дээдлэх, хадгалах, уламжлуулан хамгаалах үйлсэд идэвх санаачилгатай оролцохыг төрийн ба төрийн бус байгууллага, иргэд олон нийт, эрдэмтэн судлаачид, шинжлэх ухааны ба хэвлэл мэдээллийн байгууллагуудад уриалсугай” гэжээ.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *