Categories
мэдээ улс-төр

Ерөнхийлөгчийн хоригийг хэлэлцэж байна

УИХ-ын Хууль зүйн байнгын хорооны хуралдаанаар Өршөөл үзүүлэх тухай хуульд Ерөнхийлөгчийн тавьсан хоригийг хэлэлцэж байна. Хоригт авлига, албан тушаалын гэмт хэрэг, мөн залилангийн хэргийг багтсан юм. Түүнчлэн энэ үеэр УИХ-ын гишүүн Ө.Энхтүвшин “Өршөөлийн хуульд тавьсан хоригийг нэгэнтээ нээлттэй хэлэлцэж байгаа учраас битүү хатуугаар ярьж нууцлах шаардлага байхгүй. Ардчилсан нам, МАН-аас хэн нь хэрэгт буруутгагдаад байгаа, түүнийгээ хууль хяналтын байгууллагууд зарла. Нууц байхгүй болсон” гэлээ.

Авлигатай тэмцэх газрын холбогдох албан тушаалтны тайлбараар бол УИХ-ын гишүүн Б.Болд, УИХ-ын гишүүн Ё.Отгонбаяр нарын хэргийг шалгаж байгаад прокурорт шилжүүлжээ. Энэ хэрэг хамтарсан Засгийн газрын үед ажиллаж байх үед буюу Л.Болд гишүүн Батлан хамгаалахын сайдаар, Ё.Отгонбаяр гишүүн Боловсрол, соёл, шинжлэх ухааны сайдаар ажиллаж байх үед хамаарах юм байна.

Мөн энэ үеэр зарим гишүүн Ерөнхийлөгчийн хориг ойлгомжгүй байгаа. Хоригийг хүлээгээд авсан нөхцөлд хууль бүхэлдээ хэрэгжих боломж алдагдана. Гаргалгааг нь яаж харж байгаа юм бэ гэдэг асуудлыг дахин, дахин хөндөж байлаа.

Дээрх асуултад Ерөнхийлөгчийн зөвлөх Ц.Өнөрбаяр “Хөнгөн, хүнд, онц ноцтой гэмт хэрэг, авлигын хэрэг энэ бүгдийг нэг уутанд хийж, өршөөл үзүүлэхээр заасан нь бэрхшээлтэй байгаа. Тийм учраас Ерөнхийлөгч хориг тавихдаа зүйл заалт бүрээр нэгбүрчлэн тасалж тавьсан. Бичиг үсэг тайлагдсан хүнд ойлгомжтой” гэсэн хариулт өгсөнд УИХ-ын гишүүн З.Баянсэлэнгэ гишүүн бухимдаж “Гишүүдийг доромжилдог хэн юм чи. Том зантай амьтан. Бичиг үсэгт тайлагдаагүй хүн хэн байгаа юм. Ийм нөхдүүдийг яах гэж танхимд байлгаад байгаа юм, гаргаач… Талцуулаад, хэрэлдүүлээд суулгаж байдаг” гээд аашлаад авлаа. Улмаар “Ё.Сагсай чи намайг 8 сар тарчлаагаа биз дээ, хүн зодсон хэргээр эрүү үүсгээд… яаж хүн хэлмэгдүүлдэгээ яриач” гэв.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *