Categories
мэдээ улс-төр

Ерөнхийлөгчид Сөүл хотын дарга Пак Вон Сүн бараалхав

Бүгд Найрамдах Солонгос Улсад албан ёсны айлчлал хийж байгаа Монгол Улсын Ерөнхийлөгч Цахиагийн Элбэгдоржид Сөүл хотын дарга Пак Вон Сүн бараалхлаа. Уулзалтын үеэр Сөүл хотын дарга Пак Вон Сүн хэлэхдээ ”Ноён Ерөнхийлөгч таныг БНСУ-д айлчилж байгаад талархлаа илэрхийлье. Ерөнхийлөгч тантай Улаанбаатар хотноо мөн Давосын чуулга уулзалтын үеэр уулзаж байсан. Өнөөдөр Сөүлд уулзаж байгаадаа маш их баяртай байна. Эрхэм Ерөнхийлөгч таныг ардчилалыг түгээн дэлгэрүүлэх хүний эрхийг хамгаалах чиглэлд амжилттай ажиллаж ирсэнийг бид мэднэ. Монголын ардчилал хүчирхийлэлгүй тайван замаар хөгжиж ирсэнийг онцлон дурдахад таатай байна.

Бидний зүгээс Сөүл хотод сурч, ажиллаж амьдарч буй Монгол иргэдийн нийгмийн асуудлыг шийдвэрлэхэд дэмжлэг үзүүлэх чиглэлээр анхаарч ажилладаг. Сөүл хотын захиргаанаас “Тундэмүн глобал төв”-ийг байгуулж, иргэдэд хуулийн болон бизнесийн зөвлөгөө, үйлчилгээг үзүүлж байна.

Мөн Сөүл хотод амьдарч буй Монгол иргэдийн хүүхдүүд суралцдаг бага дунд сургуулийн хүрэлцээг нэмэгдүүлэх асуудлыг ч анхаарах шаардлага гарч байгаа. Сүүлийн үед яригдаж буй бас нэг чухал асуудал нь худалдааны чиглэлээр хүүхэд залуусыг боловсрол эзэмшүүлж цаашид энэ чиглэлээрээ ажиллаад явах боломжийг бий болгох асуудлыг судлаж байна. Сөүл, Улаанбаатар хотуудын хамтын ажиллагаа улам өргөжин тэлнэ гэдэг итгэлтэй байна. Эрхэм Ерөнхийлөгч Таны айлчлалд өндөр амжилт хүсье.” гэлээ.

Монгол улсын Ерөнхийлөгч Цахиагийн Элбэгдорж: “Сөүл хотын дарга Пак Вон Сүн болон албаны хүмүүс найрсаг дотно хүлээн авч буйд талархлаа илэрхийлье. Тантай дахин уулзаж байгаадаа баяртай байна.

Сөүл хотын даргын зүгээс Монгол иргэдийн нийгмийн асуудалд анхаарал тавьж, дэмжлэг үзүүлж ирсэнд гүнээ талархаж байна. Энэ удаагийн айлчлалын хүрээнд Монгол иргэдтэй хийх уулзалтыг Сөүл хотын захиргаанд зохион байгуулж байгаад та бүхэнд баярлаж байгаагаа илэрхийлье. Энэхүү уулзалтад Улаанбаатар, Сөүл хотын дарга нар хамтран оролцож байгаа нь манай хоёр орны найрсаг харилцааны илрэл юм.

БНСУ-д манай хамгийн олон иргэн оршин суудгийг харгалзан тэдний хүүхдүүд монгол хэл, соёл зан заншлаас суралцах боломжийг бүрдүүлэх үүднээс Сөүл хотод “Mongolian Weekend school” ажиллуулахад дэмжлэг үзүүлэхийг хүсч байна.

Хоёр хотын харилцаа, хамтын ажиллагааг өргөжүүлэн хөгжүүлэхэд чиглэсэн хамтын ажиллагаанд Ерөнхийлөгчийн хувиар анхаарал хандуулж, дэмжиж ажиллах болно гэдгийг илэрхийлье.

Сөүл хотын даргад ажилд нь өндөр амжилт хүсч, хоёр орны нийслэл хот хоорондын хамтын ажиллагаанд хөгжил цэцэглэлтийг ерөөе.” гэлээ.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *