Categories
мэдээ нийгэм

Ерөнхийлөгчид нэр дэвшигчдийн халз мэтгэлцээний тухай иргэд ийм бодолтой байна

Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуульд Ардчилсан намаас нэр дэвшигч Халтмаагийн Баттулга, Ардын намаас нэр дэвшигч Миеэгомбын Энхболд, МАХН-аас нэр дэвшигч Сайнхүүгийн Ганбаатар нарын халз мэтгэлцээн өнөө орой буюу ердөө цагийн дараа МҮОНТВ-ээр 21.00 цагаас шууд явагдана. Ингээд иргэд сонгогчид мэтгэлцээний талаар ямар санаа бодолтой байгааг асууж сонирхсон юм.


Л.ДҮГЭРСҮРЭН: МЭТГЭЛЦЭЭНИЙГ ЗААВАЛ СОНГУУЛЬ БОЛОХ ХУГАЦААНД ТУЛГАЖ ХИЙХ ШААРДЛАГА БАЙСАН УУ

Баянгол дүүргийн 18-р хорооны иргэн Л.Дүгэрсүрэн “Монгол Улсын нийт иргэдийн өмнө төрийн тэргүүнээ сонгох чухал үүрэг ирээд байна. Тийм ч учраас мэтгэлцээн хийх нь зайлшгүй шаардлагатай. Харин энэ мэтгэлцээнийг заавал сонгууль болох хугацаанд тулгаж хийх шаардлага байсан уу гэж асуумаар байна. Бусад орны жишгээс харахад хоёроос гурван удаагийн мэтгэлцээн хийдэг. Гэтэл ганц удзаагийн мэтгэлцээнээр юу асууж, тодруулж мэтгэлцэх билээ. Өнөө орой болохоо больчих юм бол хугацаа нь тулчихсан энэ үед хэцүү шүү дээ. Энэ хариуцлагагүй бүх зүйлийн цаана Монгол улсын эрх ашиг явж байгааг ойлгох хэрэгтэй байна. Ямартай ч миний хувьд Монгол Улсын Ерөнхийлөгчид нэр дэвшигчдээс “27 жил хоёр нам ээлжилж төр барьсан хэрнээ эх орны баялгийг ард түмэнд эргүүлж өгнө гэж одоо яриад байх юм. Төр барьж байх үедээ яагаад хийгээгүй юм бэ” гэж асуумаар байна. Мөн өнөөдрийг хүртэл энэ их байгалийн баялагтай орон хэрнээ нефтийн үйлвэргүй байсаар байна вэ гэж асуухыг хүсч байна. Энэ мэтчилэн нэн хэрэгцээтэй асуудлыг шийдэж чадахаар, Монголоо гэсэн сэтгэлтэй хүн хэрэгтэй байна. Гэхдээ ийм хүн энэ нэр дэвшигчдэд алга. Үнэхээр сонголтгүй сонгууль болж байна.

Г.НАРАН: ХАЛЗ МЭТГЭЛЦЭЭНИЙГ ТЭСЭН ЯДАН ХҮЛЭЭЖ БАЙНА

Сүхбаатар дүүргийн VIII хорооны иргэн Г.Наран “Монгол Улсын иргэд эрхэм Ерөнхийлөгчөө сонгох цаг нь ирлээ. Монголчуудад өнөөдөр эв нэгдэл хэрэгтэй байна. Эв найрамдал, бие биенийхээ төлөө гэсэн чинь сэтгэл хэрэгтэй. Тэрнээс биш хүн бүхэн амиа бодох үзэл огт хэрэггүй. Өнөө орой болох мэтгэлцээнийг тэсэн ядан хүлээж байна. Гурван нэр дэвшигчийн юу ярьж, улсдаа юу хийж бүтээх вэ гэдгийг мэтгэлцээнээс харж, сонсож ард түмэн дүгнэнэ. Хамгийн гол нь гурван нэр дэвшигчийн үзэл бодлыг сонсох хэрэгтэй. Ард түмнийхээ төлөө яг үнэндээ юу хийх вэ гэдгийг мэдэх хэрэгтэй. Ерөнхийлөгч гэдэг бол улсын бэлэг тэмдэг. Тиймээс дэлхийн хэмжээнд Монгол Улсыг төлөөлж, зөв зам руу чиглүүлж, жолоодож чадах хүнийг өнөөдөр бид сонгохын тулд мэтгэлцээнээ үзэх хэрэгтэй. Өнөөдөр олон улсад, дэлхий нийтэд манай Ерөнхийлөгч очиход ямар нүүр царайтай, ямар байр суурьтай, ямар бодол ухаантай гэдгийг нь бодож, тулгатай, түшиг тулгуур болох хүнийг сонгоосой гэж хүсч байна. Манай улсад ядуурлыг шийдэх байдал эхлээд явж байна. Манай улсын цөөхөн хэсэгт ядуурал байна. Тэр ядуурал хаана байна вэ гэхээр тархинд нь байна. Ард түмний минь тархи нь ядуурсан юм. Гэхдээ Монгол ард түмэнд авах зан чанар их байдаг. Авах, гээхийн ухаанаар хандах хэрэгтэй. Сүүлийн үед сонгуулийн сурталчилгаа хийхдээ хар пиар их явуулдаг болжээ. Ийм байдлаас татгалзах хэрэгтэй шүү. Монголчуудыг сонгуульдаа идэвхитэй оролцож, муу ч сайн ч иргэнийхээ үүргийг биелүүлээрэй гэж хэлье. Хэрвээ сонгогчдын ирц бүрдэхгүй, хүрэхгүй бол дахин сонгууль явуулахад эдийн засгийн хохирол амсана шүү” гэлээ.

С.ОЧИР: МЭТГЭЛЦЭЭНИЙ АСУУЛТ СУЛ САНАГДААД БАЙНА

Хан-Уул дүүргийн иргэн С.Очир ярихдаа “Шударга бус мөнгөний сонгууль болох шинжтэй. Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшиж буй гурван хүний халз мэтгэлцээн жаахан сул асуулттай юм болов уу гэж санагдсан. Мэтгэлцээнээс ард түмэн тухайн хүний байр суурь, нөхцөл байдлыг олж харна. Мэтгэлцээнээ үзэж байж, сонголтоо хийнэ” гэсэн юм.

Т.ЭНХТАЙВАН: ТЭР НАМ, ЭНЭ НАМ ГЭХЭЭСЭЭ ИЛҮҮ БИДНИЙГ УДИРДАЖ ЧАДАХ МЭДЛЭГ БОЛОВСРОЛТОЙ ХҮН ХАМГИЙН ЧУХАЛ

Чингэлтэй дүүргийн 18-р хорооны иргэн Т.Энхтайван “Мэтгээлцээнийг их нухацтай үзнэ. Тэр нам, энэ нам гэхээсээ илүү биднийг удирдаж чадах мэдлэг боловсролтой хүн хамгийн чухал. Тиймээс мэтгэлцээнээс үүнийг харж, сонжино гэсэн бодолтой байгаа. Одоогоор М.Энхболдыг улс, орноо цааш нь аваад явчих болов уу гэсэн найдвар байна. Үүнээс гадна сонгуулийг хүн бүр өгөх ёстой. Өнөө үед залуусын сонгуульд хандах хандлага их өөр болжээ.Сонгуульд идэвхтэй оролцохоо байсан байна. Бидний үед бүгд маш идэвхтэй өгдөг байсан. Тэр ч бүү хэл хөдөө орон нутгийн иргэд хамгийн гоё хувцасаа өмсөөд сонгуулиа өгдөг шүү дээ” гэсэн юм.

Д.ХАСБААТАР: ЖИНХЭНЭ АРД ТҮМНЭЭ БОДДОГ ХҮН ЕРӨНХИЙЛӨГЧ БОЛООСОЙ ГЭЖ БОДОЖ БАЙНА

Сүхбаатар дүүргийн наймдугаар хорооны өндөр настан Д.Хасбаатар: Нэр дэвшигчид тоо баримттай зүйл ярихгүй байна. Энэ ингэж, би тэгсэн гэх мэт баримтгүй, ойлгомжгүй, худал үнэн нь мэдэгдэхгүй зүйл их ярьж байна. Аливаа зүйл бодитой, тоо баримттай байвал Ерөнхийлөгч болоод амлалтынхаа хэдэн хувийг биелүүлж байгааг харахад билэнл амар шүү дээ. Сурталчилгаа маш буруу явсан маш их хар пиартай байна. Ерөнхийлөгч болох хүн тооны ухаан сайтай байх ёстой. Ер нь ард түмэндээ баримтаар дүгнэх боломж олго. Тэтгэвэрийг яг хэдэн хувиар яг яаж өсгөх юм. Яг хаанаас, ямар хөрөнгө оруулалт татаад, ямар салбарт хэдэн төгрөгийн хөрөнгө оруулах гэж байна гэх мэтээр ярих ёстой. Би хэнд санал өгөхөө бол хэлэхгүй. Жинхэнэ ард түмнээ боддог хүн Ерөнхийлөгч болоосой гэж бодож байна. Би аль нэг нам дагаж туйлширдаггүй цэргийн хүн. Ард түмнээ бодно гэдэг чинь эх оронч үзэл. Эх оронч үзэлтэй хүн юунд ч бууж өгөхгүй, шийдвэр гаргаж чаддаг хүн байх хэрэгтэй. Ямартай ч мэтгэлцээн үзэх гээд 21.00 цагийг хүлээгээд л байна гэлээ.

Б.БУЯНБАДРАХ: СОНГУУЛИЙН СУРТАЛЧИЛГААНААС МАШ ИХ ЗАЛХАЖ БАЙНА

Мөн тус хорооны иргэн Б.Буянбадрах: Сонгуулийн сурталчилгаанаас маш их залхаж байна. Ямар их талцаж, хэрэлдэж, бие биенийгээ муу хэлдэг юм бэ. Би С.Ганбаатарт саналаа өгнө нөгөө хоёроосоо арай дээр байх гээд бодчихсон байгаа. Мэтгэлцээн өнөө орой болохыг мартчихсан явна. Амжвал үзэж, өөрийн үнэлэлт дүгнэлтээ өгнө. Иргэд ч гэсэн нэр дэвшигчдийн мэтгэлцээнийг үзэх хэрэгтэй байх гэсэн юм.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *