Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржид ХБНГУ-аас Монгол Улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Штефан Дуппел өнөөдөр Итгэмжлэх жуух бичгээ барив. Жуух бичиг барьсны дараа Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж Элчин сайд Штефан Дуппелийг хүлээн авч уулзсан юм. Уулзалтын үеэр Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж Монголд ажиллахаар томилогдон ирж байгаад нь Элчин сайдад баяр хүргээд саяхан АСЕМ-ийн дээд түвшний 11 дүгээр чуулга уулзалт Улаанбаатарт үр дүнтэй болж өндөрлөснийг дурдаж, түүнд ХБНГУ-ын Канцлер Ангела Меркель тэргүүтэй төлөөлөгчид амжилттай оролцсоныг тэмдэглэлээ.
Монгол Улс ардчилсан, нээлттэй орон тул Элчин сайдын хоёр орны харилцааг өргөжүүлэн гүнзгийрүүлэх үйл ажиллагаа амжилттай байх болно гэдгийг мөн дурдав. Элчин сайд Штефан Дуппел Монголд ажиллахаар ирсэндээ баяртай байна гээд хоёр орын харилцааг өргөжүүлэх чиглэлд хүчин чармайлт гарган ажиллана гэдгээ илэрхийлсэн юм.
Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж ХБНГУ бол Европын холбоон дахь Монголын гол түнш орны нэг гэдгийг онцолж, хоёр орон эртнээс ойр дотно харилцаатай явж, ардчиллыг гүнзгийрүүлэх чиглэлд хамран ажиллаж ирснийг дурдав. Мөн Монголд саяхан УИХ-ын сонгууль болж шинэ парламентаа бүрдүүлэн, УИХ-ын даргыг шинээр сонгож, шинэ Ерөнхий сайд томилж, одоо Засгийн газрын шинэ танхим бүрдүүлэх ажил эхэлж байгааг Элчин сайдад танилцуулаад ажилд нь өндөр амжилт хүсэн ерөөлөө.