Categories
мэдээ улс-төр

Ерөнхийлөгчид Элчин сайд нар Итгэмжлэх жуух бичгээ барив

Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржид өнөөдөр Бүгд найрамдах Конго, Арабын Бүгд найрамдах Египет, Европын холбоо, Унгар, Бүгд найрамдах Кипр улсын Элчин сайд нар Итгэмжлэх жуух бичиг барив.

Жуух бичиг барьсны дараа Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж Элчин сайд нарыг хүлээн авч уулзлаа. Бүгд найрамдах Конго улсаас Монгол Улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Даниел Овасса Монгол Улсын Ерөнхийлөгчтэй хийсэн уулзалтын эхэнд Конго улсын Ерөнхийлөгчийн мэндчилгээг уламжиллаа. Тэрээр “Монгол, Конго хоёр эртний уламжлалт харилцаатай орнууд. Сүүлийн үед харилцаа удааширсан боловч уламжлалт харилцааг идэвхжүүлэн хөгжүүлэхийн төлөө Элчин сайдын хувьд анхаарч ажиллах болно” гэлээ. Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж Элчин сайд Даниел Овассад ажлын амжилт хүсч хоёр орны харилцааг идэвхжүүлэхэд анхаарал тавьж ажиллана гэдэгт итгэж байна гэв.

Арабын Бүгд найрамдах Египет улсаас Монгол Улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Магди Махмоуд Хелмитэй хийсэн уулзалтын үеэр Монгол Улс нь ардчилалд амжилттай шилжиж үлгэр дуурайлал болсон орон гэдгийг Египетэд сайн мэднэ гээд хоёр орны хооронд дипломат харилцаа тогтоосноос хойш 51 жил болж буйг тэмдэглэж харилцаагаа цаашид өргөжүүлэхийн төлөө ажиллана гэдгээ илэрхийлэв. Монгол Улсын Ерөнхийлөгч ирэх 2015 онд Монголын анхны ардчилсан сонгуулийн 25 жилийн ой болох гэж байгааг тэмдэглэж, Египет улсын Ерөнхийлөгч Абдел Фаттах Сисид чин сэтгэлийн мэндчилгээ дэвшүүлж буйг уламжилж өгөхийг хүслээ.

Европын холбооноос Монгол Улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Ханс Дитмар Швайсгуттэй хийсэн уулзалтын үеэр Монгол Улсын Ерөнхийлөгч энэ жил хоёр талын хооронд дипломат харилцаа тогтоосны 25 жилийн ой тохиож буйг тэмдэглэлээ. Өнгөрсөн 25 жилийн хугацаанд Монгол Улс, Европын холбооны хооронд гурав дахь хөршийн хэмжээнд харилцаа, хамтын ажиллагаа идэвхтэй хөгжиж ирснийг мөн дурдав. Энэ хугацаанд Европын холбоо Монгол Улсын гадаад худалдааны гурав дахь том түнш болсон гэлээ. Өнгөрсөн 2013 онд Монгол Улс, Европын Холбооны Тvншлэл, хамтын ажиллагааны хэлэлцээрт гарын үсэг зурсан нь хоёр талын харилцаанд илүү их түлхэц өгч буйг тэмдэглээд Европын холбооны Ерөнхийлөгчөөр шинээр сонгогдсон Жан Клауд Жанкерт халуун дотно мэндчилгээ дэвшүүллээ.

Унгар улсаас Монгол Улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд хатагтай Цецилиа Силаштай уулзах үеэрээ ирэх жил хоёр орны хооронд дипломат харилцаа тогтоосны 65 жилийн ой тохиох гэж буйг тэмдэглэж энэ үеэр Унгарын талаас Элчин сайдын яамаа Улаанбаатарт сэргээн байгуулах талаар санал дэвшүүлж буйг дурдлаа. Монгол Улсын Ерөнхийлөгчийн саяхан Унгарт хийсэн ажлын айлчлал амжилттай болсон гээд айлчлалын үеэр ярилцсан асуудлуудыг ажил хэрэг болгох талаар хоёр тал хамтран ажиллана гэдгийг тэмдэглэв.

Бүгд найрамдах Кипр улсаас Монгол Улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Агис Лоизутай хийсэн уулзалтын үеэр хоёр тал боловсрол, худалдаа, хөрөнгө оруулалтын салбарт хамран ажиллах боломж их байгааг тэмдэглэв. Ялангуяа боловсролын хамтын ажиллагааг ихээхэн үр дүнтэй хөгжүүлэх боломжтой гэлээ.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *