Зүүн Азийн жүдо бөхийн холбооны шийдвэрийг үндэслэн Монгол Улсын Засгийн газар, Эрүүл мэнд, Сангийн сайд нарын тушаалаар 2018 оны Зүүн Азийн аварга шалгаруулах жүдо бөхийн тэмцээнийг 2018 оны зургадугаар сарын 8-10-ны өдрүүдэд Монгол Улсын нийслэл Улаанбаатар хотноо зохион байгуулахаар болсон юм.
Тэмцээнийг зохион байгуулах хорооны даргаар Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга З.Энхболд ажилласан бөгөөд өнөөдөр тэмцээний ганцаарчилсан төрөл амжилттай эхэлж, Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга тэмцээнийг албан ёсоор нээж үг хэлэв.
Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга тэмцээнийг нээж:
“Тамирчид дасгалжуулагчид,
Хүндэт зочид оо,
Монгол Улсад тавтай морилно уу
Бөхийн спортын урт бөгөөд гайхам уламжлалтай Монгол орны нийслэл Улаанбаатар хотод 2018 оны Зүүн Азийн аварга шалгаруулах Жүдогийн тэмцээн зохион байгуулагдаж байгаад туйлаас баяртай байна.
Бидний урилгыг хүлээн авч хүч чадвараа сорихоор ирсэн орон орны шилдэг тамирчид, дасгалжуулагчиддаа амжилт хүсье. Зүүн Азийн улс үндэстнүүдийн найрсаг хамтын ажиллагааг улам бэхжүүлэх, хөрш зэргэлдээ орнууд бие биенээ дэмжин хөгжихөд энэхүү тэмцээн олон талын ач холбогдолтой байх болно.
Жүдо бөх амжилт ялалтад тэмүүлэхээс илүүтэйгээр ёс зүйн өндөр зарчимтай, сэтгэлийн хатуужил, бие биенээ хүлээн зөвшөөрөх, ойлголцох, харилцан хүндлэл, бие хүний зохист төлөвшлийг амин чухалд авч үздэг найрсаг спортын төрөл юм.
Би энэ тэмцээний дэвжээн дээр Бүгд Найрамдах Ардчилсан Солонгос Улс болон Бүгд Найрамдах Солонгос Улсын жүдочид нэгэн баг болж Солонгос гэх нэгэн нэрийг дуурсган багийн төрөлд хүч үзэх гэж байгааг бахархан хүлээж сууна.
Хоёр Солонгосын баг тамирчид, төлөөлөгчдөд тусгайлан баяр хүргэж байгааг минь хүлээн авна уу?
Тэмцээнд оролцогчдод спортын өндөр амжилт хүсэхийн ялдамд нарлаг Монгол оронд минь тавтай морилоорой.
Та бүхнийг уралдаан тэмцээнийхээ дараа Монгол орон, Улаанбаатар хотоор аялж бидний түүх соёл, амьдрал ахуйтай ойр дотно танилцахыг урьж байна.
УЛААНБААТАРЫН ДЭВЖЭЭ ТА БҮХЭНД ӨЛЗИЙТЭЙ БАЙЖ, АМЖИЛТЫГ ТАНЬ МӨНХ ТЭНГЭР ИВЭЭХ БОЛТУГАЙ” гэв.
Тэмцээний эхний өдөр Зүүн Азийн шилдэг жүдочид ганцаарчилсан төрөлд жин жиндээ барилдах бол маргааш буюу зургадугаар сарын 10-ны өдөр улс орнууд багийн төрөлд өрсөлдөж, дүнгээ гаргаснаар тэмцээн өндөрлөх юм