Categories
мэдээ улс-төр

Ерөнхийлөгч Х.Баттулга УИХ-ын намрын чуулганы хугацааг сунгах санал хүргүүллээ

Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга өнөөдөр Монгол Улсын Их Хурлын дарга М.Энхболдод “Санал хүргүүлэх тухай” албан бичиг илгээв.

АЛБАН БИЧИГТ:

Улсын Их Хурлын дарга, гишүүдийн хооронд үүссэн зөрчил, тэмцлээс шалтгаалан төрийн эрх барих дээд байгууллагын үйл ажиллагаа 40 гаруй хоногоор гацаж, улс орон, ард иргэдийн амьдралд ноцтой хохирол учруулах сөрөг үр дагаврыг бодитойгоор бий болголоо. Тухайлбал, Монгол Улсын Их Хурал 2018 оны намрын ээлжит чуулганаар хэлэлцэхээр төлөвлөсөн 23 хууль, тогтоомжийн төслөөс тавыг нь хэлэлцэн шийдвэрлэж, шийдлээ хүлээж байгаа нийгэм, эдийн засгийн амин чухал олон асуудлыг хойшлуулан, хаврын чуулган хүртэл хүлээлгэхээс өөр аргагүйд хүрч байна. Төрийн эрх барих дээд байгууллага ийм үр дүнтэй ажиллаж байгаа нь сахилга, хариуцлагыг бүх түвшинд алдагдуулж, нийгмийн хөгжлийг сааруулах, аливаа бэрхшээлийг гааруулах шалтаг, гол шалтгаан болохоос гадна Монгол Улсын Үндсэн хуулийн Нэгдүгээр зүйлийн “…хууль дээдлэх нь төрийн үйл ажиллагааны үндсэн зарчим мөн”, Гуравдугаар зүйлийн 1 дэх хэсгийн “Монгол Улсад засгийн бүх эрх ард түмний мэдэлд байна. Монголын ард түмэн …сонгож байгуулсан төрийн эрх барих төлөөлөгчдийн байгууллагаараа уламжлан энэхүү эрхээ эдэлнэ”, Хорин долдугаар зүйлийн 2 дахь хэсгийн “Улсын Их Хурлын ээлжит чуулган хагас жил тутам нэг удаа тавиас доошгүй ажлын өдөр чуулна” гэснийг тус тус зөрчих нөхцөлд хүрнэ. Ийм нөхцөлд Улсын Их Хурлын 2018 оны намрын ээлжит чуулганыг хуулийн хугацаанд нь хаах боломжгүй бөгөөд чуулганы хугацааг зайлшгүй сунгаж, шийдэл хүлээж байгаа тулгамдсан асуудлуудыг нэг бүрчлэн хэлэлцэн шийдвэрлэх шаардлагатай гэж үзэж байна. Хууль тогтоох, хэрэгжилтийг нь хянан шалгах, төрийн дотоод, гадаад бодлогын үндсийг тодорхойлох зэрэг онцгой бүрэн эрхийг хэрэгжүүлдэг төрийн эрх барих дээд байгууллага маань баталсан хууль, тогтоомжоо үлгэрлэн хэрэгжүүлж, үр дүнтэй ажиллах ёстой. Үүний хүрээнд Монгол Улсын Их Хурал 2018 оны 06 дугаар сарын 29-ний өдрийн 69 дүгээр тогтоолын хэрэгжилтэд үнэлэлт, дүгнэлт өгч, зохих түвшинд нь хэрэгжүүлэх шаардлагатай юм. Улсын Их Хурлын үйл ажиллагаанд Үндсэн хууль, бусад хуулийг сахин биелүүлэх ажлыг зохион байгуулах, бүрэн эрхээ хэрэгжүүлэхэд нь гишүүдэд бүх талын дэмжлэг үзүүлэх нь Улсын Их Хурлын даргын хуулиар хүлээсэн үүрэгт хамаарна. Иймд Монгол Улсын Их Хурлын 2018 оны намрын ээлжит чуулганы хугацааг сунган хуралдуулах асуудлыг эртнээс төлөвлөн шийдвэрлэх шаардлагатай байна” гэжээ.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *