Categories
мэдээ нийгэм

Ерөнхийлөгч Х.Баттулга цаазаар авах ялыг сэргээн хэрэглэх тухай саналаа ХЗДХ-ийн сайд Ц.Нямдоржид хүргүүллээ

Image result for ерөнхийлөгч Х.БаттулгаМонгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга бага насны хүүхдийг хүчирхийлсэн, амийг нь хөнөөсөн, тарчлаан зовоосон, балмад хэрцгий аллагын гэмт этгээдүүдэд цаазаар авах ялыг сэргээн хэрэглэх тухай саналаа ХЗДХ-ийн сайд Ц.Нямдоржид өнөөдөр албан бичгээр хүргүүллээ.

Уг албан бичигт “Хүчирхийллийн гэмт хэрэг, тэр дундаа бага насны хүүхдийн эсрэг хүчирхийлэл үйлдэж, тэднийг бэлгийн дур хүслээ хангах хэрэгсэл болгож байгаа нь нийгмийн өмнө тулгамдаж буй асуудал болоод байна.

Бага насны хүүхэд бэлгийн хүчирхийлэлд өртсөн, хүчирхийллийн улмаас амь насаа алдсан зэрэг олон нийтийг цочроосон онц ноцтой гэмт хэргүүд сүүлийн үед олноор гарах болсон нь нийгмийг цочроож, олон нийтийг айдаст автуулах боллоо.

Хүний эрхийн Үндэсний комиссоос гаргасан тайлан мэдээнд тусгагдсаныг судалж үзэхэд 1 нас 4 сартай хүүхдийг ч хүртэл хүчирхийлсэн байх ба судалгаагаар өнгөрсөн онд 2-7 насны 298 хүүхэд бэлгийн хүчирхийлэлд өртжээ. Түүнчлэн 12-17 насны 1613 эх төрсөн, 20 хүртэлх насны 1668 эх үр хөндүүлсэн байгаагийн цаана хүсээгүй жирэмслэлт, хүүхдийн эсрэг бэлгийн хүчирхийллийн асуудал нуугдаж байгаа нь хэн бүхэнд ойлгомжтой юм.

Бага насны хүүхдийг хүчиндэх гэмт хэрэгт оногдуулах ялыг чангатгах, жигшүүрт гэмт хэрэг үйлдсэн этгээдүүдэд ялын дээд хэмжээ цаазаар авах ялыг оногдуулж, хатуу цээрлүүлж байх саналыг олон нийтийн зүгээс Монгол Улсын Ерөнхийлөгчид хандан олноор ирүүлж, цаазаар авах ялыг сэргээхийг шаардах боллоо.

Хэдийгээр цаазаар авах ял нь хүмүүнлэг бус гэгдэж байгаа ч хөл дээрээ ч бат зогсож амжаагүй, хөхнөөсөө ч гараагүй нялх хүүхдийг хүчирхийлж байгаа нь Монгол хүний зан заншил хийгээд соёлт хүн төрөлхтөний ёсонд харшлах онц ноцтой, харгис хэрцгий, жигшүүрт үйлдэл юм.

Монгол Улсын иргэдийн ухамсар, ёс суртахуун, хүн хүнээ дээдлэх соёл, зан заншлыг үгүйсгэсэн жигшүүрт гэмт үйлдлүүд улам бүр нэмэгдэж байгаа нь манай улс цаазаар авах ялыг халах цаг хараахан болоогүй байсныг илтгэж байна.

Монгол Улсын Үндсэн хуулийн Арван есдүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Төрөөс хүний эрх, эрх чөлөөг хангахуйц эдийн засаг, нийгэм, хууль зүйн болон бусад баталгааг бүрдүүлэх, хүний эрх, эрх чөлөөг зөрчихтэй тэмцэх, хөндөгдсөн эрхийг сэргээн эдлүүлэх үүргийг иргэнийхээ өмнө хариуцна” гэж заасан.

Үүний хүрээнд бид цөөхөн хүн амаа айх аюулгүй, амар тайван орчинд амьдруулахын тулд, нийгмийн шударга ёсыг хангах үүднээс цаазын ялыг дахин сэргээх ёстой гэсэн иргэдийн зүгээс ирүүлж байгаа санал хүсэлтийг анхааралдаа аван, даруй шийдвэрлэх нь зүйтэй юм.

Өнөөдрийн байдлаар дэлхийн 58 улсад цаазын ял хэрэглэгдэж байгаа бөгөөд бага насны хүүхдийг хүчиндэх гэмт хэрэгт хүлээлгэх хуулийн хариуцлага нилээд чанга байна. Тухайлбал:

-ОХУ-ын Эрүүгийн хуулийн 131 дүгээр зүйлд зааснаар 14 насанд хүрээгүй хүүхдийг хүчиндвэл 12-20 жил, 131.4-т урьд өмнө нь бэлгийн эрх чөлөөний эсрэг гэмт хэрэгт холбогдож байсан этгээд дахин ийм төрлийн гэмт хэрэг үйлдвэл бүх насаар нь хорих ял оногдуулдаг байна.

-БНСУ-ын Эрүүгийн хуулийн 10 дугаар зүйлд: Бага насны хүүхдийг хүчиндсэний улмаас нас барсан бол гэмт этгээдэд цаазаар авах эсхүл бүх насаар нь хорих ял шийтгэдэг байна.

-БНХАУ-ын Эрүүгийн хуулийн 236 дугаар зүйлд зааснаар бага насны хүүхдийг хүчиндсэн, бэлгийн харьцаанд орсон байвал 10-аас дээш жил хорих эсвэл бүх насаар нь хорих, цаазаар авах ял оногдуулдаг байна.

-Түүнчлэн дэлхийн зарим улсуудад ийм төрлийн гэмт хэрэг үйлдсэн этгээдүүдэд “Химийн аргаар хөнгөлөх” ял эдлүүлж байна. Франц, Швейцарь, Польш, ХБНГУ-д тухайн этгээд өөрөө зөвшөөрөхгүй бол шоронд ялаа эдэлдэг байна.

Монгол Улсын хувьд Үндсэн хуулиараа цаазын ялыг хэрэглэх бүрэн боломжтой боловч салбар хуулиараа хязгаарлаж хаасан байгаа нь учир дутагдалтай юм. Монгол Улсын Үндсэн хуулийн Арван зургадугаар зүйлийн 1 дэх хэсэгт “…Монгол Улсын Эрүүгийн хуульд заасан онц хүнд гэмт хэрэг үйлдсэний учир шүүхийн хүчин төгөлдөр тогтоолоор ялын дээд хэмжээ оногдуулснаас бусад тохиолдолд хүний амь нас бусниулахыг хатуу хориглоно” гэж заасан байдаг.

Хууль батлах, нэмэлт, өөрчлөлт оруулах нь Улсын Их Хурлын онцгой бүрэн эрхэд хадгалагддаг тул цаазаар авах ялыг Эрүүгийн хуульд тусгах эсэхийг Улсын Их Хурал шийдвэрлэх бүрэн эрхтэй. Улсын Их Хурлаас Эрүүгийн хуульд зөвхөн энэ төрлийн гэмт хэрэгт цаазаар авах ялыг тусгахаар шийдвэрлэсэн тохиолдолд Монгол Улсын Үндсэн хуулийн Аравдугаар зүйлийн 4 дэх хэсгийн “Монгол Улс Үндсэн хуульдаа харшилсан олон улсын гэрээ, бусад баримт бичгийг дагаж мөрдөхгүй” гэсэн заалтын дагуу нэгдэн орсон конвенцийг мөрдөхгүй болно. Тиймээс эрүүгийн хуульд өөрчлөлт оруулж, Иргэний болон улс төрийн эрхийн тухай олон улсын Пактын цаазаар авах ялыг халахад чиглэсэн Нэмэлт II Протоколоос гарах ажлыг хуулийн дагуу Засгийн газар эхлүүлэх нь зүйтэй гэж үзэж байна.

Засгийн газрын тухай хуулийн 20 дугаар зүйлийн 5 дахь хэсгийн 7-д заасны дагуу Хууль зүй, дотоод хэргийн сайд нь Монгол Улсын эрх зүйн шинэтгэлийн бодлого болон гэмт хэрэгтэй тэмцэх, түүнээс урьдчилан сэргийлэх асуудлыг хариуцдаг тул Та эрх хэмжээнийхээ хүрээнд Хууль тогтоомжийн хуульд заасан журмын дагуу дээр дурдсан асуудлаар холбогдох хуулийн төслийг боловсруулан Улсын Их Хуралд өргөн мэдүүлэх асуудлыг зохион байгуулж ажиллахыг хүсье.

Монгол Улсын Ерөнхийлөгч Халтмаагийн Баттулга” гэжээ.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *