Categories
мэдээ улс-төр

Ерөнхийлөгч Х.Баттулга Олон улсын худалдааны төвийн гүйцэтгэх захирал хатагтай Аранча Гонзалезтай уулзав

Швейцарын холбооны улсын Женев хотноо Дэлхийн хөрөнгө оруулалтын чуулганд оролцож байгаа Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга өнөөдөр тус хотод төвтэй Олон улсын худалдааны төв /ОУХТ/-ийн Гүйцэтгэх захирал хатагтай Аранча Гонзалезтай уулзав.

Уулзалтын эхэнд Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга гадаад худалдаа, хувийн хэвшлийг хөгжүүлэх чиглэлд сүүлийн 20 гаруй жил ОУХТ Монгол Улсад олон дэмжлэг үзүүлж ирснийг онцлоод, хатагтай Аранча Гонзалез болон тус байгууллагын хамт олонд түүгээр дамжуулан талархал илэрхийллээ.

ОУХТ-ийн Гүйцэтгэх захирал хатагтай А.Гонзалез Монгол лсын Ерөнхийлөгчтэй уулзаж байгаадаа баяртай илэрхийлэн, ОУХТ-ийн Монгол Улс дахь хамтын ажиллагааг идэвхжүүлэх, цаашид боломжтой бүхий л чиглэлээр хамтран ажиллахад үргэлж нээлттэй гээд ОУХТ, Монгол Улсын эдийн засгийн харилцааны асуудлаар үргэлжлүүлэн ярилцав.

Мөн Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга 2020 оны “Дэлхийн экспортыг дэмжих форум”-ыг Монгол Улс зохион байгуулах, жижиг, дунд үйлдвэрлэлийн өрсөлдөх чадварыг сайжруулах замаар бүтээгдэхүүнийг олон улсын зах зээлд гаргах, экспортыг төрөлжүүлэхэд тус байгууллагатай хамтран ажиллах саналаа дэлгэрэнгүй танилцуулав. Мөн Европын орнуудын технологийг Монголд нэвтрүүлэх, тэр дундаа хөдөө аж ахуйн гаралтай түүхий эдээр бүтээгдэхүүн үйлдвэрлэн Зүүн Ази болон бусад зах зээлд нийлүүлэх боломжтойг танилцуулж, эмэгтэйчүүд болон залуучуудын хөдөлмөр эрхлэлт, бизнесийг дэмжихэд чухал ач холбогдол бүхий тус байгууллагын “Худалдаа ба эмэгтэйчүүд” санаачилга, “Худалдаа ба залуус” хөтөлбөрийг Монгол Улсад хэрэгжүүлэх асуудлаар санал тавьж ярилцсан юм.

Уулзалтын төгсгөлд Олон улсын худалдааны төвийн Гүйцэтгэх захирал хатагтай Аранча Гонзалез удахгүй Монгол Улсад айлчлах гэж байгаа талаараа Ерөнхийлөгч Х.Баттулгад танилцуулж, 2020 онд болох “Дэлхийн экспортыг дэмжих форум”-ыг Монгол Улсад зохион байгуулах саналыг найрсгаар хүлээн авч байгаагаа илэрхийллээ.


Олон улсын худалдааны төв нь хөгжиж буй болон шилжилтийн эдийн засагтай орнуудын төр, хувийн хэвшлийн гадаад худалдааны чадавхыг дэмжих зорилгоор 1964 онд байгуулагдсан. Эрх зүйн статусын хувьд ОУХТ нь Дэлхийн худалдааны байгууллага болон НҮБ-ын Худалдаа, хөгжлийн бага хурлын дундын агентлаг юм. Монгол Улс, Олон улсын худалдааны төвтэй хамтран Монгол Улсын экспорт худалдааны стратеги төслийг 2018 оны тавдугаар сараас эхлэн хэрэгжүүлж байгаа юм. Одоогоор төслийн нэгдүгээр үе шат буюу Монгол Улсын худалдаа, хөрөнгө оруулалтын “замын зургийг” боловсруулах ажил эхэлсэн байна.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *