Categories
мэдээ улс-төр

Ерөнхийлөгч Х.Баттулга: ОХУ-тай хоёр талын болон гурван талт идэвхтэй хамтын ажиллагааг өргөжүүлэхийг хүсч байна

“Монгол-Оросын санаачилга-2018” цуврал арга хэмжээний хүрээнд өнөөдөр Төрийн ордны Их танхимд Эдийн засгийн чуулга уулзалт болж байна. Чуулга уулзалтыг нээж Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга үг хэлcэн бөгөөд нээлтэд УИХ-ын гишүүн, сайд нараас гадна ОХУ-ын Ерөнхийлөгч В.В.Путины бие төлөөлөгч Игорь Евгеньевич Левитин, ОХУ-ын Аж үйлдвэр, худалдааны сайд Денис Валентинович Мантуров тэргүүтэй тус улсын албаны болон бизнесийн төлөөллүүд оролцов. Тэд Монгол-Оросын эдийн засгийн чуулга уулзалтыг нээж Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга үг хэлсний дараа “Худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагаа нь стратегийн түншлэлийн харилцааг хөгжүүлэх гол хүчин зүйл”, Монгол-Оросын хил орчмын мужуудын хамтын ажиллагаа зэрэг салбар хуралдаануудад орсон юм.

Чуулга уулзалтыг нээж Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга:

“Эрхэм хүндэт Денис Валентинович,

Эрхэм хүндэт төлөөлөгчид, зочид оо,

Хатагтай, ноёд оо,

Та бүхнийг “Монгол, Оросын санаачилга – 2018” арга хэмжээнд хүрэлцэн ирсэнд гүнээ талархаж, угтан мэндчилье.

Монгол Улсын Ерөнхийлөгчөөр сонгогдсоныхоо дараахан анхны гадаад айлчлалаа ОХУ-д хийж, Дорнын Эдийн засгийн чуулга уулзалтад оролцох үедээ ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путинтай өнөөдрийн энэ арга хэмжээг зохион байгуулахаар тохиролцож байснаа би тодхон санаж байна.

Талуудын яриа хэлцэл өнөөдөр биежин биелж Улаанбаатар хотноо “Монгол, Оросын санаачилга-2018” арга хэмжээ нээгдэж байна. Энэ арга хэмжээний хүрээнд зохиогдох олон төрлийн уулзалт, арга хэмжээнүүд нь Монгол-Оросын хооронд бизнес яриа хэлэлцээ өрнүүлэх, худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагааг гүнзгийрүүлэн хөгжүүлэхэд чухал хувь нэмэр оруулна гэдэгт итгэлтэй байна.

Хатагтай, ноёд оо

ОХУ-тай уламжлалт найрсаг харилцаа, хамтын ажиллагаагаа тогтвортой хөгжүүлэх нь манай улсын гадаад бодлогын тэргүүлэх чиглэл бөгөөд хоёр талын харилцааг эдийн засгийн агуулгаар баяжуулах нь өнөөгийн шатанд гол зорилт болон дэвшиж байгаа юм. Монгол Улс гадаад худалдаа, хөрөнгө оруулалтад тэнцвэртэй байдлыг хадгалж, хөршүүдтэйгээ хамтын ажиллагаагаа бүх талаар өргөжүүлэн хөгжүүлэхийн төлөө байна.

Юуны өмнө манай хоёр улс худалдааны эргэлтээ нэмэгдүүлэхийн зэрэгцээ экспорт, импортын худалдааны тэнцвэргүй байдлыг арилгах нь чухлаар шаардагдаж байна. Манай хоёр улсын хувьд худалдаа, хөрөнгө оруулалтын хамтын ажиллагаа товчхон хэлэхэд нэн чамлалттай байгаа. Үүнд хэн нэгнийг буруутгахаасаа илүүтэй даруй засаж залруулах, сайжруулах хэрэгтэй гэдэгтэй та бүхэн санал нийлэх болов уу.

Бид ОХУ-тай хоёр талын болон гурван талт идэвхтэй, эрчтэй хамтын ажиллагааг өргөжүүлэхийг хүсч байна. Хоёр талын хамтын ажиллагааны тухайд “Улаанбаатар төмөр зам” -тай дүйцэхүйц томоохон 1 – 2 төслийг эхний ээлжинд хэрэгжүүлмээр байгаа юм. Оросын хөрөнгө оруулалт, технологиор мах, арьс шир боловсруулах үйлдвэрүүдийг байгуулан Орос, Евразийн эдийн засгийн холбооны стандартад нийцсэн бүтээгдэхүүн экспортолж гаргах бүрэн боломж бидэнд бий. Энэ зорилгод “Алтанбулаг”-ийн чөлөөт бүсийн хүрээнд олгогдох хөнгөлөлттэй нөхцөлүүдийг бид дүүрэн ашиглах нь зүйтэй.

Эрчимтэй хөгжиж буй хоёр аварга зах зээлийн дунд оршдог нь манай улсын хувьд далайд гарцгүй байдлаа даван дийлэх том боломж юм. Хоёр хөршөө болон Евроазийн хоёр эргийг холбох тээврийн шугам болох боломжоо ашиглахын тулд бид “Монгол – Орос – Хятадын эдийн засгийн коридор байгуулах хөтөлбөр”-ийг эрчимтэй хэрэгжүүлэхээр зорьж байна.

“Эдийн засгийн коридор”-ын хүрээний төслүүдийн техник эдийн засгийн үндэслэлийг боловсруулах, санхүүжилтийн хэлбэрийг тодорхойлохоор гурван улсын холбогдох байгууллагууд идэвхтэй ярилцаж ажиллаж байна. Хөршүүд маань 2020 он гэхэд Орос-хятадын худалдааны эргэлтийг 200 тэрбум долларт хүргэхээр зорьж ажиллаж байгаа бөгөөд энэ худалдааг Монголын нутгаар, дөт замаар, эдийн засгийн коридороор дамжуулбал бүх талын эрх ашигт бүрнээ нийцэх юм. Тийм учраас яриа хэлцлээс хэтрэхгүй байгаа Гурван улсын эдийн засгийн коридорын хэрэгжилтийг хурдлуулахыг бид хүсэж байна. Монгол Улс энэ бүтээн байгуулалтад өөрсдийн талаас шаардагдах бүхнийг хийхэд бэлэн байгаа болно.

“Эдийн засгийн коридор”-ын бүтээн байгуулалтыг бодитойгоор урагшлуулахын тулд хамтын ажиллагааны холбогдох механизмыг боловсронгуй болгохын зэрэгцээ хамтын ажиллагааг удирдан чиглүүлэх үүрэг бүхий төрийн тэргүүн нарын уулзалтыг үргэлжлүүлэх нь чухал юм.

Хэдхэн хоногийн дараа болох Шанхайн хамтын ажиллагааны байгууллага (ШХАБ)-ын уулзалтын үеэр Монгол Улс, ОХУ, БНХАУ-ын төрийн тэргүүн нарын 4 дэх уулзалт болох гэж байна.

Бүс нутгийн эдийн засаг, худалдааны интеграцид нэгдэж, худалдаа, хөрөнгө оруулалтын нөхцөлийг хөнгөвчлөх үүднээс Евразийн эдийн засгийн холбоотой Чөлөөт худалдааны хэлэлцээр байгуулах саналыг Монгол Улс дэвшүүлсэн. Энэ саналыг маань ОХУ дэмжсэнд талархал илэрхийлэхийн зэрэгцээ тус холбооны гишүүн орнууд мөн хүлээн авч, хэлэлцээ эхлэнэ гэдэгт итгэлтэй байна.

Чөлөөт худалдааны хэлэлцээрийг хэрэгжүүлэх хүртэл тодорхой хугацаа шаардагдах тул тэр болтол Монголд үйлдвэрлэсэн бүтээгдэхүүний үзэсгэлэн худалдааг ОХУ-ын муж, субъектуудад тогтмол зохион байгуулах, цахим худалдаа хийх нөхцөл, техникийн зохицуулалтыг нийцүүлж хялбаршуулах, эрх зүйн үндсийг бүрдүүлэх зэрэг ажлыг одооноос идэвхжүүлэн, эрчтэй урагшлуулах хэрэгтэй байна.

Монгол, Оросын хоорондох худалдааны нийт бараа эргэлтийн 80 орчим хувийг бүрдүүлдэг бүс нутаг, хил орчмын худалдаанд тулгарч буй тарифын бус саадыг арилгахыг бид чухалчлан үзэж байна. Энэ чиглэлээр хоёр улсын Засгийн газар хоорондын комисс болон холбогдох дэд комисс идэвхтэй ажиллаж байгаа нь сайшаалтай.

Хатагтай, ноёд оо

Монгол Улс эдийн засгийн хүндрэлийг богино хугацаанд даван туулж, тогтвортой өсөлтийг хангах үүднээс “Эдийн засгийг сэргээх төлөвлөгөө” гарган хэрэгжүүлж, мөн ОУВС-гийн “Өргөтгөсөн санхүүжилтийн хөтөлбөр”-т хамрагдаад явж байна.

Монгол Улсын эдийн засгийн үзүүлэлтүүд бага боловч дээшилж, 2017 оны байдлаар эдийн засгийн өсөлт 5.1 хувьд хүрсэн, гадаад худалдааны ашиг нэмэгдсэн дүн гарлаа. Өсөлтийг хадгалах, тогтворжуулах нь бидний тэргүүний зорилт бөгөөд үүнд хөрш орнууд, бүс нутгийн орнуудтай олон талын болон хоёр талын хамтын ажиллагаа хөгжүүлэх нь урьдын адил чухал үүрэгтэй байх нь мэдээж.

Оросын шинжлэх ухаан, соёл, урлаг монголчуудад ойр дотно байдаг. “Орос, Монголын санаачилга-2018” арга хэмжээний хүрээнд бараг зуун жилийн түүхтэй орос ардын бүжгийн алдарт Моисеевын эрдмийн чуулга хүрэлцэн ирж, тоглолтоо хийх гэж байгаад Монголын үзэгчид нэн баяртай байгаа.

Бизнес эрхлэгчид бол манай хоёр орны харилцааг хөгжүүлж өргөжүүлэхэд үнэтэй хувь нэмэр оруулж байдаг том хүч билээ. Та бүхний хөрөнгө оруулалт, бизнесийн үйл ажиллагаа шинэ технологи, мэдлэг, соёлыг түгээж байдаг. Та бүхнийг дэмжих зорилгоор Монголын төр засгаас явуулж буй бодлого, бүрдүүлж буй нөхцлийг бүрэн дүүрэн ашиглаж хоёр орны эдийн засгийн хамтын ажиллагааг шинэ шатанд гаргана гэдэгт тань итгэл төгс байгаагаа илэрхийлье.

Монгол оронд Та бүхэн тавтай морил.

Монгол, Оросын эдийн засгийн чуулга уулзалт болон Монгол, Оросын санаачилга 2018 цуврал арга хэмжээнд амжилт хүсье!” гэв.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *