БНХАУ-ын Дарга Ши Жиньпиний урилгаар 2018 оны зургадугаар сарын 9-10-ны өдрүүдэд БНХАУ-ын Чиндао хотноо болсон Шанхайн хамтын ажиллагааны байгууллага /ШХАБ/-ын гишүүн орнуудын Төрийн тэргүүн нарын зөвлөлийн 18 дахь удаагийн өргөтгөсөн хуралдаанд оролцсон Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга өнөөдөр эх орондоо ирлээ.
ШХАБ-ын дээд түвшний уулзалтын үеэр Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга ОХУ-ын Ерөнхийлөгч В.В.Путин, БНХАУ-ын Дарга Ши Жиньпин нартай Монгол-Орос-Хятадын гурван талт дээд түвшний ээлжит дөрөвдүгээр уулзалтыг хийж, ШХАБ-ын гишүүн, оролцогч орнууд болон олон улсын байгууллагуудын төлөөлөгчдийн тэргүүн нарын өргөтгөсөн хуралдаанд оролцон үг хэлсэн юм.
Мөн Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга Бүгд Найрамдах Беларусь улсын Ерөнхийлөгч Александр Григорьевич Лукашенко, ОХУ-ын Ерөнхийлөгч В.В.Путин, Исламын Бүгд Найрамдах Иран улсын Ерөнхийлөгч Хассан Рухани, Бүгд Найрамдах Киргиз улсын Ерөнхийлөгч Сооронбай Шарипович Жээнбеков, Бүгд Найрамдах Энэтхэг Улсын Ерөнхий сайд Нарендра Моди, Бүгд Найрамдах Казахстан улсын Ерөнхийлөгч Н.А.Назарбаев, БНХАУ-ын дарга Ши Жиньпин нартай хоёр талын уулзалт хийж, тодорхой асуудлуудаар санал солилцсон юм.