Categories
мэдээ эдийн-засаг

Ерөнхийлөгч Х.Баттулга Эдийн засгийн форумын “Хөдөө аж ахуйн хөгжил ба хөрөнгө оруулалт” салбар хуралдаанд оролцов

“Монголын эдийн засгийн форум”-ын Үндсэн чуулган Төрийн ордноо хоёр дахь өдрөө болж өндөрлөлөө. Хоёр дахь өдрийн Үндсэн чуулганыг нээж Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга үг хэлсэн юм.

Мөн өнөөдөр Монгол Улсын Ерөнхийлөгч “Монголын эдийн засгийн форум”-ын Үндсэн чуулганы салбар хуралдаан болох “Хөдөө аж ахуйн хөгжил ба хөрөнгө оруулалт” сэдэвт салбар хуралдаанд оролцлоо

Хэлэлцүүлэг зохион байгуулагчдын зүгээс “Хөдөө аж ахуйн хөгжил ба хөрөнгө оруулалт” сэдвийг сонгосон нь эдийн засгийг төрөлжүүлж, тогтвортой өсөлтийг бий болгохын тулд хөдөө аж ахуйн салбарыг өргөжүүлэх шаардлагатай” гэж үзэж байгаатай холбон тайлбарласан юм. Мөн Монгол Улсын хөдөө аж ахуйн салбарыг эдийн засгийн тэргүүлэх чиглэл болгон хөгжүүлэх, хөдөө аж ахуйн үйлдвэрлэлд олон улсын шилдэг туршлагыг нэвтрүүлэх, хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх, улмаар хөдөө аж ахуйн бүтээгдэхүүний дотоодын үйлдвэрлэл болон экспортыг нэмэгдүүлэхэд салбар хуралдаанаас олон шийдэл гарна гэсэн хүлээлттэй байв.

Хуралдааныг МҮОНТ-ын Монголын мэдээ сувгийн Ерөнхий продюсер Ц.Цэнд хөтлөн явуулсан бөгөөд Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн дэд сайд Ж.Сауле, Дэлхийн банкны Хөрөнгө оруулалтын идэвхжүүлэлт, бодлогын зөвлөх Даниел Николас, “Сүү” ХХК-ийн Гүйцэтгэх захирал Б.Гантулга зэрэг панелистууд “Хөдөө аж ахуйн хөгжил ба хөрөнгө оруулалт” сэдвээр илтгэл тавьсан юм.

Панелистууд илтгэл тавьж, зарим оролцогчдын асуултад хариулсны дараа Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга Хөдөө аж ахуйн салбарт баримталж буй бодлогын талаар:

“Хөдөө аж ахуйн салбарын талаар ярих юм бол их олон зүйл ярина. Маш том салбар хэдий ч үйл ажиллагаа нь жижиг хэмжээнд л явж байна. Хэрхэн салбарыг томруулах вэ гэдэг нь бодлогын асуудал байх ёстой. Бодлогыг Засгийн газар гаргадаг.

2010 оны зургадугаар сарын 24-нд хөдөөг хэрхэн хөгжүүлэх вэ, эзэнгүй болж байгаа газар нутгаа хэрхэн эзэнтэй болгох вэ, гэдэг асуудлаар УИХ-ын тогтоол батлагдсан. Үүнээс хойш найман жил өнгөрч байгаа ч бид өмнөх асуудлаа ярьсаар сууна. Малчдыг хэрхэн орлогожуулах вэ гэвэл нэн тэргүүнд хариуцлага, сахилга батын асуудал мэдээж яригдана. Харин хөрөнгө мөнгө, орлоготой нь холбочих юм бол малыг эрүүлжүүлнэ. Хэрвээ, мал эрүүл байх юм бол бүтээгдэхүүн зарагдаж, бүтээгдэхүүн нь экспортод гарах ёстой. Экспорт гэдэг бол бүхэлдээ технологи. Харамсалтай нь одоог хүртэл арьс, шир боловсруулах үйлдвэрийнхээ шавыг нь ч тавиагүй явж байна. Энэ асуудлаар би Засгийн газрын төлөөллүүдтэй гурван удаа уулзаж, саналаа тавьж, тодорхой судалгаа, бэлтгэсэн ТЭЗҮ-ийг нь өгсөн. Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайдаар Б.Батзоригийг томилогдсоных нь дараахан яаман дээр нь очиж энэ асуудлаа хэлж байсан. “Маш том салбар жижигхэн боллоо, биднийг тэжээгээд аваад явах салбар шүү” гэж хэлсэн. Энд Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дарга Г.Занданшатар сууж байна. Өөрөө орон нутгаас сонгогдсон учраас хөдөөгийн амьдралыг мэдэх байх. Ирэх жилийн Эдийн засгийн форумын үеэр энэ асуудлаа дахиад яриад сууж баймааргүй байна шүү.

Одоо нэн тэргүүнд шийдэх ёстой зүйл бол санхүүжилтийн асуудал. Өнөөдөр үйлдвэрлэл эрхэлж байгаа буюу хөдөө аж ахуйн бүтээгдэхүүнийг малчдаас худалдаж авч байгаа үйлдвэрлэгчид хүүтэй мөнгөөр л бүтээгдэхүүнээ авдаг. Ийм байвал хэцүү. Урд хөршийнхөн ноолуурыг хүүгүй мөнгөөр авдаг. Бид хүүтэй мөнгөөр тэдэнтэй өрсөлдөх боломжгүй. Тиймээс Засгийн газар маш зоригтойгоор, эдгээр үйлдвэрүүдийг судалж, бонд гаргаад дотоодын банкуудад худалдах хэрэгтэй. Ингээд дор хаяж таван жилийн хугацаанд эдгээр үйлдвэрүүдээ сэргээх шаардлагатай. Тэгэхгүй бол Монгол Улсын үндсэн онцлог болсон энэ салбар эзгүйрч байна. Санхүүжилтийн маш тодорхой схемүүд байгаа. Эдгээр загварын дагуу санхүүжүүлэхгүй бол арилжааны зээлээр бид аж үйлдвэрээ авч явна гэж байхгүй. Монгол Улс 26 сая толгой малтай байхдаа аж үйлдвэрийн комбинат байгуулж байсан. Одоо малын тоо толгой 60 сая давж 70 сая дөхөж байна шүү. Маш тодорхой шийдэл гаргаж форум үр дүнтэй болоосой гэж хүсэх байна. Засгийн газар 2010 оны УИХ-ын тогтоолыг эргэж хараад, УИХ-ыг хүлээлгүй зоригтой шийдвэр гаргах хэрэгтэй. Монголбанк төгрөгөөр худалдан авалт хийгээд валют олдог салбар руу хөрөнгө оруулалт хийх ёстой. Ноолуурын салбар дээр Монголбанк дээрх жишгээр ажиллаад эхэлж байгаа. Өглөөний илтгэл дээр хэлсэн шиг бидэнд зориг хэрэгтэй. Ялангуяа хөдөө аж ахуй буюу мэддэг салбартаа бид зоригтой алхам хийх ёстой. Энэ том салбараа хамтын хүчээр босгоё гэж хэлмээр байна” гээд салбар хуралдааныг хаав.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *