Categories
мэдээ улс-төр

Ерөнхийлөгч Х.Баттулга дорнын эдийн засгийн чуулганд үг хэллээ

ОХУ-ын Владивосток хотод болж буй Дорнын эдийн засгийн V чуулганд оролцож байгаа Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга өнөөдөр үдээс хойш Төрийн тэргүүн, Ерөнхий сайд нарын бүрэлдэхүүнтэй Өргөтгөсөн хуралдаанд оролцож, үг хэллээ.

МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙЛӨГЧ Х.БАТТУЛГА:

“ОХУ-ынЕрөнхийлөгч Владимир Владимирович Путин,

Японы Улсын Ерөнхий сайд Шинзо Абэ,

Бүгд Найрамдах Энэтхэг Улсын Ерөнхий сайд Нарендра Моди,

Малайз Улсын Ерөнхий сайд Махатир Мохамад,

Хатагтай, ноёд оо,

Дорнын эдийн засгийн чуулга уулзалт 5 дахь удаагаа зохион байгуулагдаж, чуулга уулзалтад Монгол Улсын төрийн тэргүүний хувиар 3 дахь удаагаа оролцож байна. Энэхүү чуулга уулзалт нь Алс Дорнодын бүс нутгийн хөгжил төдийгүй Ази, Номхон далайн бүс нутгийн орнуудын эдийн засгийн хамтын ажиллагааг идэвхжүүлэхэд чухал ач холбогдол, нэр хүндтэй талбар, платформ нэгэнт болжээ. Чуулга уулзалтад салбар салбарын манлайлагчид хуран цуглан санал, бодлоо солилцон, түншлэн нөхөрлөдөг сайхан уламжлал тогтжээ. Энэ удаагийн чуулга уулзалтын уриа болох эдийн засгийн өсөлтийг хурдасгах шинэ шийдэл талаас санал бодлоо хуваалцъя. Олон төрлийн сүлжээгээр холбогдсон ард иргэд маань мэдээлэл, мэдлэгийг түргэн солилцох болсноор удирдагчид биднээс улам бүр хариуцлагатай ажиллах, эдийн засгаа чанаржуулах, ядуурлыг бууруулах, хурдацтай хөгжил дэвшлийг шаардаж байна. Иргэдийн сайн сайхан амьдралын асуудлыг шийдэх шинжлэх ухаан технологийн ололт, эдийн засгийн оновчтой шийдлүүд бэлээхэн байгаа. Эдгээрийг нэвтрүүлэхэд тулгарч буй аливаа хориг, саадуудыг арилгах талаар Та бүхнийг санал бодлоо солилцож, оюун ухаанаа уралдуулахыг уриалж байна. Тухайлбал, эдийн засгийн хоршил (shared economy), холбогдолт (connectivity), нөөцийн оновчлол (resource utilization/optimization) зэрэг дэвшилтэт шийдлүүдийг бүс нутгийн орон зайд нэвтрүүлэхээр ажиллаж буй төсөл, бизнесүүдийг онцгойлон дэмжих хэрэгтэй. Мөн тэдэнд тулгарч буй аливаа саад, хүнд сурталыг арилгах талаар хугацаа алдалгүйгээр өнөөдрөөс эхэлж ажиллах шаардлага зүй ёсоор тавигдаж байна. Миний бие энэ чиглэлийн санаачлагыг дэмжин ажиллах болно. Гэхдээ бид бүс нутгийн эдийн засгийн хамтын ажиллагааны зарим асуудлуудыг шийдвэрлэхдээ улс төрөөс ангид авч үзэх талаар ярилцах нь цагаа олсон гэж бодож байна.

Хатагтай ноёд оо,

ОХУ-ын Ерөнхийлөгч В.В.Путин Монгол Улсад уржигдар айлчилж харилцаагаа иж бүрэн стратегийн түншлэлийн түвшинд гаргасныг та бүхэнд дуулгахад таатай байна. Монгол Улс болон ОХУ эдийн засгийн хамтын ажиллагаагаа үлгэр жишээ сайн загвар болгохыг зорьж байна.

Далайд гарцгүй манай улсын хувьд ОХУ-ын Алс Дорнодын боомтууд нь дэлхийн улс орнуудтай худалдаа, эдийн засгийн харилцаагаа өргөжүүлэх, гадаадын хөрөнгө оруулалтыг идэвхжүүлэхэд чухал ач холбогдолтой. Манай улсын газар зүйн онцлог байдлыг харгалзан хөнгөлөлттэй нөхцөлөөр дамжин өнгөрөх тээвэрлэлт гүйцэтгэх эрх зүйн орчинг бүрдүүлэхэд дэмжлэг үзүүлж ирсэн ОХУ-ын Ерөнхийлөгч Танд талархлаа дахин илэрхийлье.

Энэ боломжийг ажил хэрэг болгох зорилгоор Монгол Улсын Худалдааны төлөөлөгчийн газрыг Владивосток хотноо байгуулах шийдвэрийг Монгол Улсын Засгийн газар гаргаад байна. Энэхүү шийдвэр нь бүс нутгийн худалдаа, эдийн засгийн харилцааг өргөжүүлэхэд хувь нэмэр оруулна гэдэгт итгэлтэй байна.

Монгол Улс нь Евразийн бүс нутгийн орнуудтай худалдаа, эдийн засаг, хөрөнгө оруулалтын хамтын ажиллагааг идэвхжүүлэх бодлогынхоо хүрээнд Монгол Улс болон Евразийн эдийн засгийн холбооны хооронд Чөлөөт худалдааны хэлэлцээр байгуулах боломжийг хамтран судлах саналыг бид дэвшүүлэн ажиллаж байна. Худалдаанд тулгарч буй тарифын болон тарифын бус хориг саадыг бууруулах, эдийн засаг, хөрөнгө оруулалтын салбарын нөөц бололцоог бүрэн дүүрэн ашиглахад Чөлөөт худалдааны хэлэлцээр чухал үүрэг гүйцэтгэх болно.

Монгол Улс нь бүс нутгийн эдийн засгийн интеграцид идэвхтэй оролцох зорилгоор тээврийн дэд бүтцийн бүтээн байгуулалтаа ОХУ, БНХАУ-тай харилцан уялдаатай хөгжүүлэх, үр ашгийг дээшлүүлэхэд өндөр ач холбогдол өгч ирлээ. Энэ хүрээнд гурван улсын хооронд “Эдийн засгийн коридор” байгуулах хөтөлбөрийг хамтран хэрэгжүүлж байна.

Эдийн засгийн коридорын ажил, төслүүд хэрэгжсэнээр бүс нутгийн хамтын ажиллагааг шинэ шатанд гаргаж, хөрөнгө оруулалт, бизнесийг хөгжүүлэхэд дорвитой түлхэц болно. Иймээс Монгол-ОХУ-БНХАУ бид хамтарсан механизмын үйл ажиллагааг эрчимжүүлэхээр ажиллаж байна.

Миний бие Зүүн хойд Азийн эрчим хүчний нэгдсэн сүлжээ байгуулах ажлыг уялдуулах үүрэг бүхий байгууллага байгуулах санал өнгөрсөн жил энэ индэр дээр гаргасан. Өнгөрсөн нэг жилийн хугацаанд Монголын тал судалгааны ажлаа дуусгаж, мөн олон улс, бүс нутгийг хамарсан олон ажлуудыг санаачлан хэрэгжүүлсэн байна. Үр дүнд нь бүс нутгийн улс орнуудын цахилгаан эрчим хүч, сүлжээ болон хөрөнгө оруулалт хариуцсан төрийн өмчит компаниуд энэхүү бүс нутгийн санаачлага, сүлжээнд хамрагдах төслүүдийн техник, эдийн засгийн нарийвчилсан судалгааг хийх, цахилгаан эрчим хүч үйлдвэрлэх, дамжуулах, худалдахад шаардлагатай ажлын бэлтгэлийг хангахаар хамтран ажиллаж байгааг дурдахад таатай байна. Монголын Эрдэнэс Монгол компани, ОХУ-ын Россети компанийн удирдлагууд хамтран ажиллах баримт бичгээ байгуулсан болно.

Манай Зүүн хойд Азийн бүс нутагт дэлхийн цахилгаан эрчим хүчний 4 том хэрэглэгч улс оршдог. Монгол Улс эдгээр улсуудад хямд, найдвартай цахилгаан эрчим хүчийг нийлүүлэх боломжтой. Энэ нь бүс нутгийн эдийн засгийн өрсөлдөх чадварт эерэгээр нөлөөлж, иргэдэд хямд, хүртээмжтэй эрчим хүч хэрэглэх боломж олгох чухал ач холбогдолтой юм.

Түүнчлэн, ОХУ-аас БНХАУ руу барихаар төлөвлөж буй байгалийн хийн хоолойг Монгол Улсын нутаг дэвсгэрээр дамжуулан өнгөрүүлэх Монгол Улсын саналыг ОХУ-ын Ерөнхийлөгч дэмжсэн бөгөөд БНХАУ-ын Ерөнхийлөгч судалж үзэхээ илэрхийлээд байна.

Бизнесменүүдээ, Хөрөнгө оруулагчидаа, Дээрхи сайн ажлуудаас гадна, Монгол Улс нь түнш орнуудтай худалдааны эргэлтийг нэмэгдүүлэх, нэмүү үнэ цэнэ шингээсэн бүтээгдэхүүний экспортыг дэмжих бодлогыг баримталж, эрх зүйн таатай орчин бүрдүүлэх чиглэлээр олон арга хэмжээг хэрэгжүүлж ирлээ. Тухайлбал, гадаад улстай байгуулах хөрөнгө оруулалтын загвар хэлэлцээрийн төслийг баталж, бусад улстай байгуулах хөрөнгө оруулалтын хэлэлцээрийг шинэчлэхээр ажиллаж байна. Энэхүү загвар хэлэлцээр нь дэлхийн тогтвортой хөгжлийн үзэл баримтлалд бүрэн нийцэж байгаа бөгөөд хөрөнгө оруулагчдын эрх ашгийг илүүтэй хамгаалж, эдийн засгийн өсөлтийг хангахдаа байгаль орчин, нийгмийн хөгжлийг хамтад авч үзэх болсноор онцлог юм. Иймд манай улсад үйл ажиллагаа явуулах, хамтран ажиллах сонирхолтой нөхөддөө Монгол Улсын үүд хаалга нээлттэй байгааг тэмдэглэхийг хүсч байна.

Хатагтай, ноёд оо,

Монгол Улс идэвхтэй, нээлттэй байхыг хүсч байна. Бид хуулийн засаглал дор хамтрагч нартайгаа хамтдаа үнэ цэнэ бүтээж(value creation), шударгаар хуваалцан хөгжих болно. Бие биенээ хүндлэх зарчимд суурилсан, шудрага өрсөлдөөн, шударга худалдааны үндсэн зарчмуудад тулгуурласан, харилцан ашигтай, эдийн засгийн хамтын ажиллагааг хөгжүүлэх үндсэн нөхцөл нь бүс нутагт энх тайван, тогтвортой байдлыг бэхжүүлэх явдал мөн.

Итгэлцэлд суурилсан хамтын ажиллагааг хөгжүүлэх нь бидний эрхэм зорилго юм. Чуулга уулзалтын үйл ажиллагаанд өндөр амжилт хүсье. Анхаарал тавьсанд баярлалаа” гэв.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Categories
мэдээ улс-төр

Ерөнхийлөгч Х.Баттулга Дорнын эдийн засгийн чуулганд оролцохоор эх орноосоо мордлоо

Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга 2019 оны есдүгээр сарын 4-5-ны өдрүүдэд ОХУ-ын Владивосток хотноо болох Дорнын эдийн засгийн V чуулга уулзалтад оролцохоор өнөөдөр эх орноосоо мордлоо.

ОХУ-ын Ерөнхийлөгч В.В.Путины санаачилгаар тав дахь жилдээ зохион байгуулагдаж буй энэ удаагийн чуулга уулзалтад оролцох үеэрээ Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга Төрийн тэргүүн, Ерөнхий сайд нарын тэргүүлэх нэгдсэн хуралдаанд оролцож, зарим улсын төр, засгийн тэргүүдтэй хоёр талт уулзалт хийхээр төлөвлөж байна.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *