Categories
мэдээ улс-төр

Ерөнхийлөгч Х.Баттулга Дэлхийн худалдааны байгууллагаар зочилж, Монголд хэрэгжүүлж буй төсөл, хөтөлбөрийн талаар ярилцав

Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга Дэлхийн худалдааны байгууллагын Ерөнхий захирал Р.Азеведотой уулзсаныхаа дараа /уулзалтын мэдээллийг унших бол энд дарна уу/ энэ байгууллагын үйл ажиллагаатай танилцаж, зарим төсөл хөтөлбөрүүдийн хэрэгжилт, явцтай танилцсан юм.

Энэ үеэр Дэлхийн худалдааны байгууллагад ажиллаж буй Монгол ажилтан Дэлхийн худалдааны байгууллагын Стандарт, худалдааны хөгжлийн газрын мэргэжилтэн С.Онон хүнсний аюулгүй байдлын чиглэлээр хэрэгжиж буй төсөл хөтөлбөрүүдээс танилцуулсан юм.

Жишээ нь, Стандарт ба худалдааг хөгжүүлэх сангаас Монгол Улсын Архангай, Өвөрхангай аймгийн дөрвөн суманд 400 мянган ам.долларын санхүүжилттэй төсөл хэрэгжүүлж байгаа бөгөөд эхний шатыг амжилттай хэрэгжүүлбэл, 21 сая ам.доллар авч, хөтөлбөрөө үргэлжлүүлэх боломжтой юм байна.

Энэ талаар Дэлхийн худалдааны байгууллагын Стандарт, худалдааны хөгжлийн газрын мэргэжилтэн С.Онон:

“Стандарт ба худалдааг хөгжүүлэх санг 2004 онд Дэлхийн худалдааны байгууллага, Дэлхийн банк, Дэлхийн эрүүл мэндийн байгууллага, Дэлхийн малын эрүүл мэндийн байгууллага, НҮБ-ын Хүнс, хөдөө аж ахуйн байгууллага хамтран үүсгэн байгуулсан. Энэ сан хөгжиж байгаа орнуудад олон улсын стандартыг хэрэгжүүлэх замаар зах зээлийг тэлэх, олон улсын зах зээлд бүтээгдэхүүн гаргах замаар ядуурлыг бууруулах зорилготой ажилладаг.

Стандарт ба худалдааг хөгжүүлэх сан хүнсний баталгаат байдал, мал, ургамлын эрүүл мэндийг сайжруулахад чиглэсэн маш олон төсөл хөтөлбөр хэрэгжүүлж буцалтгүй тусламж олгодог.

Монгол Улс 2017 онд төслийн баримт бичиг ирүүлж, энэ дагуу нь 400 мянган ам.долларын тусламжийн төсөл хэрэгжиж байгаа. Малын эрүүл мэндийг сайжруулж, махны экспортыг нэмэгдүүлэх энэ төсөл Архангай, Өвөрхангай аймгийн дөрвөн суманд хэрэгжиж эхэлсэн. Төслийн хүрээнд малын бүртгэлийн мэдээллийн санг шинэчилж, сайжруулах зорилго тавьсан. Энэ туршилтын төсөл үр дүнгээ өгөх юм бол Дэлхийн банкнаас 21 сая ам.долларын буцалтгүй тусламж олгож, төслийг үргэлжлүүлнэ гэдгээ илэрхийлсэн” гэсэн юм.

Гэхдээ төслийг үргэлжлүүлэхийн тулд төр, хувийн хэвшил сайтар хамтарч ажиллах ёстой гээд манай улс дотоодын стандартаа Дэлхийн эрүүл мэндийн байгууллага, Дэлхийн малын эрүүл мэндийн байгууллагын стандарттай уялдуулах ёстойг онцлон хэллээ.

Уулзалт, ярилцлагын төгсгөлд Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга хүнсний стандартын асуудлаар баримталж буй бодлогоо товч танилцуулж, төслийг амжилттай хэрэгжүүлэхийн тулд төр, хувийн хэвшил нягт хамтарч ажиллах ёстойг онцгойлон сануулав.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

Ерөнхийлөгч Х.Баттулга Дэлхийн худалдааны байгууллагын Ерөнхий захирал Р.Азеведотой уулзлаа

Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга Швейцарын холбооны улсын Женев хот дахь Дэлхийн худалдааны байгууллагад өчигдөр зочилж, тус байгууллагын Ерөнхий захирал Р.Азеведотой уулзлаа.

Уулзалтын үеэр Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга Монгол Улс 1997 онд Дэлхийн худалдааны байгууллагад элссэн, 20 гаруй жил гишүүн нь байгааг дурдаж, энэ салбарын хөгжлийг хэрхэн үзэж байгаа талаар ноён Р.Азеведотой санал солилцож ярилцав.

Мөн дэлхийн эдийн засгийн байдал улс орнуудын дунд үүсээд буй худалдааны зөрчлийн талаар ярилцаж, энэ үед Монгол Улс худалдаа, эдийн засгийн салбартаа ямар бодлого баримтлах талаар санал солилцож, Монгол Улс олон талт худалдааны механизмыг бэхжүүлэх чиглэлийг цаашид ч баримтлахыг нотлов.

Дэлхийн худалдааны байгууллагын Ерөнхий захирал Р.Азеведо Монгол Улс эдийн засаг, зах зээлээ төрөлжүүлэх нь чухал хэмээн уулзалтын үеэр онцолж, үүнээс дутахгүй хүний нөөц бэлтгэх нь чухал тул Монгол Улсаас өнгөрсөн жилд 150 гаруй төрийн алба хаагч Дэлхийн худалдааны байгууллагын урт, богино хугацааны сургалтуудад хамрагдсан талаар дурдсан юм. Мөн тэрбээр ирэх онд Монгол Улсад айлчилж, хамтын ажиллагааны явц, нөхцөл байдалтай өөрийн биеэр танилцах хүсэлтэй байгаагаа илэрхийлэв.


Монгол Улс дэлхийн худалдааны байгууллагын гишүүнээр элсэх хүсэлтээ анх 1991 онд гаргаж, улмаар 1997 оны нэгдүгээр сарын 29-нд тус байгууллагын гишүүнээр элссэн түүхтэй юм.

Энэ байгууллагын гишүүнээр элссэнээр манай улс бусад гишүүн оронтой нэн тааламжтай үндэстний нөхцлөөр худалдаа хийх боломжтой болж, шаардлагатай мэдээллээр чөлөөтэй хангагдах, хоёр талын худалдаанд тулгарч буй асуудалд олон талт механизмыг ашиглах, байгууллагын техникийн туслалцааг авах боломж нээгдсэн байна.

Манай улс тус байгууллагын гишүүнээр элссэнээс хойшх хугацаанд гадаад худалдааны хууль, эрхзүйн орчинг боловсронгуй болгох зорилгоор шат дараалсан арга хэмжээ авч, гадаад худалдаа, түүнтэй холбоотой 30 гаруй хуулийг шинээр болон нэмэлт, өөрчлөлт оруулах замаар шинэчилсний зэрэгцээ үйлдвэрлэл, худалдаа эрхлэгчдэд худалдаа, бизнес эрхлэх илүү таатай орчин бүрдүүлэх, элдэв шат дамжлагыг цөөрүүлэх зэрэг арга хэмжээ авсан байна.

Мөн манай улсад дамжин өнгөрөх тээвэр чухал ач холбогдолтой байдаг тул худалдааг хөнгөвчлөх асуудалд онцгой анхаарч, энэ асуудлаарх хэлэлцээг эхлүүлэхэд ихээхэн хүчин чармайлт гаргасан байна.

Ингээд хэлэлцээрийн үр дүнд Худалдааг хөнгөвчлөх хэлэлцээр бий болж, хэлэлцээрт манай улс 2016 оны арваннэгдүгээр сард нэгдэн орсон юм. Хэлэлцээрийг хэрэгжүүлэх зорилгоор Гадаад харилцааны сайдаар ахлуулсан Үндэсний хороог байгуулан ажиллаж байна.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *