Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга бүх нийтэд хандсан анхны зарлигаа гаргаж, жил бүрийн есдүгээр сарын 1-ний өдрийг “Эх хэлний өдөр” болгон зарлалаа.
Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулгын наймдугаар сарын 25-нд гаргасан “Эх хэлний өдөр зарлах тухай” 25 дугаар зарлигийг гардуулах ёслол өнөөдөр Ерөнхийлөгчийн дэргэдэх Иргэний танхимд болов.
Зарлиг гардуулах ёслолд Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга З.Энхболд, Ерөнхийлөгчийн Соёл, шашны бодлогын зөвлөх Ц.Хулан нар оролцлоо.
Монгол Улсын Ерөнхийлөгчийн “Эх хэлний өдөр зарлах тухай” 25 дугаар зарлигийг Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын дэд сайд Ё.Отгонбаяр, Нийслэлийн Засаг даргын орлогч Ш.Анхмаа, НЗДТГ-ын Нийгмийн хөгжлийн хэлтсийн дарга О.Эрдэнэжаргал, Шинжлэх ухааны Академийн Хэл, зохиолын хүрээлэнгийн захирал Г.Билгүүдэй, Монголын Сэтгүүлчдийн нэгдсэн эвлэлийн Ерөнхийлөгч Б.Галаарид, Монголын Үндэсний Олон нийтийн телевизийн дэд захирал Г.Гэрэл, ТВ9 телевизийн захирал Т.Баасансүрэн, Монгол Улсын Их Сургуулийн Сургалт, оюутан хариуцсан дэд захирал Б.Очирхуяг, Монгол Улсын Боловсролын Их Сургуулийн Нийгэм, хүмүүнлэгийн сургуулийн захирал Ж.Батбаатар, Хэл, иргэншлийн дээд сургуулийн захирал Л.Соёмбо, Үйлдвэрлэл урлалын политехникийн коллежийн захирал Б.Даваажав, Шинэ Монгол бүрэн дунд сургуулийн захирал Ж.Галбадрах, Нийслэлийн 23 дугаар сургуулийн захирал н.Ганболд, Баянзүрх дүүргийн 32 дугаар цэцэрлэгийн эрхлэгч Л.Алтанцэцэг нар гардан авлаа.
Ёслолын эхэнд Монгол Улсын Ерөнхийлөгчийн туслах Д.Мөнхбадрал “эх хэлний өдөр зарлах тухай” зарлигийг уншин сонордууллаа
Уг зарлигт “Үндэсний аюулгүй байдал, тусгаар тогтнолын баталгаа болсон язгуур соёл, өв уламжлал, төрт ёсны түүхээ дээдлэн хамгаалж, төрийн албан бичиг баримтыг хуульд нийцүүлэн хөтлөх, хэвлэл мэдээллийн хэрэгслээр эх хэл, түүх соёлоо сурталчлах, иргэн бүр төрөлх монгол эх хэлээрээ зөв ярьж, зөв бичих бүх ард түмний хөдөлгөөн өрнүүлэх зорилгоор,
- Жил бүрийн 9 дүгээр сарын 01-ний өдрийг “Эх хэлний өдөр” болгон зарласугай.
- Монгол Улсын нийт ард иргэд, айл өрх, төрийн болон төрийн бус байгууллага, аж ахуйн нэгж, бүх шатны сургалтын байгууллагууд “Эх хэлний өдөр”-ийг жил бүрийн энэ өдөр уламжлал болгон тэмдэглэн өнгөрүүлсүгэй.
- “Эх хэлний өдөр”-ийг тэмдэглэх арга хэмжээний хүрээнд:
а/ Бүх нийтээр монгол хэлний хэм хэмжээг дагаж мөрдөх, төрийн болон захиргааны албан бичиг хэрэг хөтлөлтийг монгол хэлний зөв бичих дүрэм, орчин цагийн утга зохиолын монгол хэлний хэм хэмжээнд нийцүүлэх, монгол хэл бичиг, кирил үсгийн дүрмээ сурч судлах, өвлөх, өвлүүлэх, эзэмших, хэрэглэх, хамгаалах, хөгжүүлэх талаар санаачилга гарган ажиллах;
б/ “Эх хэлний өдөр”-ийг угтаж, олон нийтийн хэвлэл мэдээллийн байгууллагууд эх хэлээ сурталчлах, түүгээр бахархах, олон нийтэд түгээн дэлгэрүүлэхэд чиглэсэн эх хэл соёл, түүх, зан заншил, өв уламжлалын тухай мэдээ мэдээлэл, нийтлэл, нэвтрүүлгийг орон даяар нэвтрүүлэхийг хэвшүүлж ажиллахыг уриалсугай.
4.Монгол Улсын их, дээд сургууль, мэргэжлийн боловсрол, сургалтын байгууллага, ерөнхий боловсролын сургууль болон сургуулийн өмнөх боловсролын байгууллагууд жил бүрийн “Эх хэлний өдөр”-ийн хичээлийн нэгдүгээр цагийг монгол хэл, монгол уран зохиол, Монголын түүхийн хичээлийн сэдэв агуулгад багтаан явуулахыг Боловсролын асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагад даалгасугай” гэжээ.