Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга VII сарын 30-нд АНУ-д айлчлал хийхээр эх орноосоо мордоно. Уг айлчлал төрийн тэргүүний хувьд тус улсад хийж буй анхны айлчлал бөгөөд АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамптай уулзахаар төлөвлөөд байгаа аж. Айлчлал дөрвөн өдөр үргэлжлэх бөгөөд айлчлалын үеэр Монголын ноос ноолууран бүтээгдэхүүнийг татваргүй оруулах асуудлаар АНУ-тай яриа хэлэлцээ хийх юм байна. АНУ-ын Конгрессын нэр бүхий гишүүд энэ оны дөрөвдүгээр сарын 11-ны өдөр Монгол Улс-АНУ-ын хоорондох оёмол, сүлжмэл бүтээгдэхүүний худалдааг нэмэгдүүлэх зорилготой гуравдагч хөршийн худалдааны хуулийг дахин хэлэлцүүлэхээр Конгресст өргөн барьсан билээ. Ерөнхийлөгч Х.Баттулга айлчлалынхаа үеэр Дэлхийн удирдагчдын форумд оролцож “АНУ, Монгол Улсын харилцааны ирээдүй” сэдвээр илтгэл тавина.