Categories
гадаад мэдээ

Ерөнхийлөгч Жо Байден “ленд-лийз”-ийг баталгаажуулав DNN.mn

Киевт цэргийн тусламж үзүүлэх явдлыг хялбар болгон Украинд “ленд-лийз” гэрээгээр зэвсэг нийлүүлэх тухай хуульд АНУ-ын ерөнхийлөгч Жо Байден Оросын ялалтын баярыг давхацуулан гарын үсэг зурав. “Украины ардчиллыг хамгаалах 2022 оны хууль” нэртэй уг баримт бичгийг ОХУ Украин руу довтолж эхлэхээс өмнө буюу энэ оны нэгдүгээр сард Конгресст өргөн бариад байсан юм. Харин энэ сарын 3-нд уг хуулийн төслийг АНУ-ын Конгрессын Төлөөлөгчдийн танхим олонхын саналаар (417 нь дэмжин, 10 нь эсэргүүцэж) баталсан ба үүнээс өмнө уг хуулийн төслийг Сенатын танхим батлаад байсан билээ.

Уг хуульд АНУ-ын ерөнхийлөгч “эдгээр орнуудын батлан хамгаалах чадавхыг бэхжүүлэх, энгийн иргэдийг ОХУ-ын болзошгүй халдлага, эсвэл тус улсын зүгээс үргэлжилж буй түрэмгийллээс хамгаалахад туслах зорилгоор Украинд болон ОХУ-ын Укриан руу хийсэн довтолгооны улмаас хохирсон Зүүн Европын бусад улсад батлан хамгаалахын зэвсэг, тоног төхөөрөмжийг зээлээр олгох, түрээслэхийг Засгийн газарт зөвшөөрнө” хэмээн заасан юм.

Энэхүү хууль нь Дэлхийн II дайнд эргэлт гаргах гол нөхцөл болсон, АНУ-аас холбоотнууддаа зэр зэвсэг, цэргийн тоног төхөөрөмж, хоол хүнсийг урьдчилгаа төлбөргүйгээр урт хугацааны зээлээр нийлүүлж байсан ленд-лийзийн тухай хуультай адил хэрэгжих юм. Дэлхийн II дайны үед энэ тусламжийг гол хүлээн авагч нь эхлээд Англи удалгүй Зөвлөлт Холбоот Улс болж байв.

Украины ерөнхийлөгч Владимир Зеленский АНУ болон Жо Байденд уг тусламжийн хөтөлбөрийг дахин сэргээсэнд талархал илэрхийлсэн байна. “Эрх чөлөө, ирээдүйнхээ төлөө хийж буй тэмцэлд Украинд дэмжлэг үзүүлсэнд ерөнхийлөгч Жо Байденд болон Америкийн ард түмэнд баярлалаа. “Ленд-лийз”-ийн тухай хуульд өнөөдөр гарын үсэг зурсан нь түүхэн алхам боллоо. Бид хамтдаа дахин ялна гэдэгт итгэлтэй байна. Бид Украины, мөн Европын ардчиллыг яг 77 жилийн өмнөх шигээ хамгаалах болно” гэж В.Зеленский твиттер хуудсандаа англиар бичжээ.

“Ленд-лийз”-ийн тухай хууль нь ихэвчлэн зэвсгийн худалдаанд гардаг хүнд суртлын үйл явцыг ихээхэн хялбаршуулдаг аж. Энэ тохиолдолд Америк хүссэн зэвсгээ Украин болон Зүүн Европын бусад улсуудад төлбөргүйгээр шууд түрээслэх боломжтой болж байгаа юм. “Энэ хуульгүй байхад цэргийн тоног төхөөрөмжийг түрээслэхдээ Украин улс таван жилийн дотор АНУ-д буцааж өгч, эвдрэл хохирлыг нөхөн төлөх ёстой байсан. Харин уг хууль нь энэ хязгаарлалтыг арилгаж байна” гэж Катоны Институтийн улс төрийн шинжээч Жордан Коэн хэлжээ. Үүнээс гадна, энэ хууль нь Жо Байденыг Украинд чухам ямар төрлийн зэвсгийг яаралтай түрээслэхийг хүсч байгаа талаараа Конгресст заавал үндэслэл гаргах шаардлагагүй болгож байна гэж Коэн нэмж хэлсэн байна.

“Ленд-лийз”-ийн гэрээний тухай хууль нь Москватай хийж буй энхийн хэлэлцээнд Киевийн байр суурийг бэхжүүлэх зорилготой гэж Атлантын зөвлөлийн “For­ward Defense” хөтөлбөрийн шинжлэх ухааны ахлах ажилтан Томас Уоррик үзэж байна. “Энэ нь украинчуудад төдийгүй Путинд түүний эсрэг илүү сайн, олон тооны зэвсэг, сум удахгүй бэлэн болно гэсэн дохио болж байна” гэж Уоррик хэлжээ.

Г.АМАРСАНАА

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *