Categories
мэдээ цаг-үе

Ерөнхийлөгч Д.Трампын хана

Мексикийн Ерөнхийлөгч Энрике Пенья Ньето энэ сарын 31-ний өдөр АНУ-д төрийн айлчлал хийхээр төлөвлөсөн байсан. Гэвч айлчлалаа цуцалснаа мэдэгдлээ. АНУ, Мексик хоёр ойрын жилүүдэд хэрхэн хамтран ажиллах талаар хэлэлцээр байгуулах ёстой байсан боловч ханын асуудал нь төрийн айлчлалыг цуцлахад хүргэв.

Д.Трамп АНУ-ын Ерөнхийлөгчид өрсөлдөж байхдаа л хэрвээ ялчихвал Мексикийн хил дагуу хана барина гэдгээ мэдэгдэж байсан. Тэрээр амлалтаа биелүүлэхээр өнгөрсөн долоо хоногт улсын хилийг хамгаалах тухай тогтоолд гарын үсэг зурсан юм. Ингэхдээ энэ ажлын зардлыг Мексикийн талаас гаргуулна гэсэн. Мексикийн Ерөнхийлөгч айлчлалаа цуцлах болсон шалтгаан нь энэ. Тодруулбал ханын санхүүжилтийн асуудал. Д.Трампын мэдэгдлийн дараахан Ерөнхийлөгч Энрике Пенья Ньето телевизээр ард иргэддээ хандан үг хэлэхдээ Мексик үүнд ямар ч мөнгө гаргахгүй гэсэн. Үүний хариуд Д.Трамп “Зайлшгүй шаардлагатай байгаа ханыг барих ажилд Мексик мөнгө гаргахгүй бол айлчлалаа цуцлах нь дээр” гэжээ.

АНУ, Мексикийн хил 3145 км урт. Хана босгох асуудал нэлээд хэдэн жилийн өмнөөс яригдаж эхэлсэн. Билл Клинтоныг Ерөнхийлөгч байхад хилээр хууль бусаар мансууруулах бодис оруулж ирэх явдалтай тэмцэх хүрээнд дээрх арга хэмжээг авах талаар яригдсан байдаг. Бага Жорж Буш 2006 онд “Secure Fence Act” баримт бичигт гарын үсэг зурж 1100 км урт хаалт босгосон. Үүнд зургаан тэрбум ам.доллар зарцуулахаар төлөвлөсөн боловч ажлыг дуусгаагүй. Өнөөдрийн байдлаар хил дагуух хаалтын өндөр нь янз бүр. Харин Ерөнхийлөгч Д.Трамп нь 1600 км урт хана босгохоор төлөвлөжээ. Тэрээр энэ ажилд 10-12 тэрбум ам.доллар зарцуулна гэсэн тооцоо гаргасан байна. Анх сонгуулийн сурталчилгааны үеэр дөрвөн тэрбум ам.доллар хэрэгтэй хэмээн ярьсан байдаг. Харин мэргэжилтнүүдийн хийсэн судалгаагаар 25 тэрбум ам.доллар шаардлагатай гэнэ. Америкийн CNBC телевизийн сэтгүүлчид тооцоолж үзээд Д.Трампын засаг захиргаа үүнд 15-25 тэрбум ам.доллар гаргана гэв. Ханыг босгосон хойно техникийн үйлчилгээнд нэг жилд 2,1 тэрбум ам.доллар шаардагдах аж. “Washington Post” сонины судалгаагаар мөн л ийм дүн гарсан байна.

Ханыг босгох ажил тийм ч амар юм биш. Хил залгаа орших Техас мужийн Эль-Пасогоос баруун хэсэг нь элсэн цөл. Хоёр улсын хилээр урсах Рио-Гранде голоор ханыг хэрхэн барих нь бас л асуудал. Учир нь голын урсгал өөрчлөгдөх гээд сөргөөр нөлөөлөх аюултай хэмээн байгаль судлаачид мэдэгджээ. Түүнээс гадна Аризона, Нью-Мехико мужийн газар нутгийн дийлэнх хэсэг нь улсын мэдэлд байдаг. Харин Техас мужийн газар бараг тэр чигээрээ хувийн эзэмшил. Энэ нь газар эзэмшигчид болон Засгийн газрын хооронд нэлээд зөрчил үүсгэж шүүхдэхэд хүргэх эрсдэлтэй хэмээн Техасын их сургуулийн Хууль эрх зүйн сургуулийн мэргэжилтнүүд үзжээ.


Хана барих болсон хамгийн гол шалтгаан нь хууль бус цагаачдыг АНУ-д нэвтрүүлэхгүй байх явдал хэмээн Д.Трамп тайлбарласан. Тус хоёр улсын хил дээр байдал үнэхээр хүнд байгаа гэнэ. Хууль бус цагаачдаас гадна мансууруулах бодис байнга Америк руу зөөдөг.

Америкийн хэвлэлүүдэд бичсэнээр хана барих нь хоёр улсын харилцаа төдийгүй АНУ-ын дотоодын улс төрийн нөхцөл байдалд нөлөөлнө. Мексикийн Ерөнхийлөгч Энрике Пенья Ньетогийн нэр хүнд унаснаар тус улсын зүүний үзлийг баримталдаг улстөрчид гарч ирэхэд хүргэх аж. Хамгийн гол нь улс орных нь эдийн засагт сөргөөр нөлөөлөх аюултай хэмээн мексикчүүд ихэд эмзэглэж байна.

Чухам ямар хана босгох нь одоогоор тодорхойгүй байгаа. Хана барих уу эсвэл аюулгүй байдлыг хангах янз бүрийн системийг ашиглах эсэхээс шалтгаална. Хэрвээ бетонон хана босгох юм бол нэлээд өндөр зардалтай. Маш энгийн барилгын материал ашиглахад ямар зардал гарахыг зарим шинжээчид тооцоолон гаргасан байна. 3.2 мянган километр урт, ханын зузаан нь 25.5 см гэж бодоход 700 сая ам.доллараас давна. Энэ бол зөвхөн барилгын материалын зардал. Түүнээс гадна ханыг хэнээр бариулах вэ гэдэг асуудал байна. Ерөнхийлөгч Д.Трампын хэлснээр хууль ёсоор амьдарч байгаа хүмүүсээр бариулах гэнэ. Хуулийн дагуу бичиг баримттай, барилга дээр ажиллаж байгаа хэдэн мянган хүн олно гэдэг нэлээд хугацаа шаардана. Учир нь Техаст барилга дээр ажиллаж байгаа хүмүүсийн дийлэнх нь хууль бус цагаачид.

Д.Трампын багийнхан энэ ажлыг санхүүжүүлэх өөр нэг хувилбарыг санал болгосон. Хоёр улсын хилээр өдөр бүр 1.6 тэрбум ам.доллартай тэнцэхүйц бараа орж байдаг. Тиймээс Мексикээс импортоор орж ирж буй барааны татварыг 20 хувь болгож нэмэгдүүлэхэд нэг жилдээ 10 тэрбум ам.доллар олно. Гэхдээ энэ хувилбарыг АНУ-ын Ерөнхийлөгчийн засаг захиргааныхан судалж байгаа гэнэ. Д.Трамп хэлэхдээ “Би ийм шийдвэр гаргах эрхтэй. Хэрвээ хүсвэл татвартай болгоно” гэжээ.

Түүнээс гадна Д.Трамп NAFTA буюу Хойд Америкийн чөлөөт худалдааны гэрээний заалтыг эргэн харна гэнэ. Энэ бол Мексикийн хувьд тун ашигтай баримт бичиг бөгөөд 23 жилийн өмнө байгуулсан. Энэ гэрээ АНУ, Мексик нь найрсаг харилцаатай хөршүүд болохыг илэрхийлдэг.

АНУ-ын Ерөнхийлөгчийн хэлсэнээр ханыг барих ажлыг санхүүжүүлэх өөр ч аргууд бий гэнэ. Жишээ нь, АНУ-ын виз хүсэгчдийн хураамжийг нэмэгдүүлэх, Америкаас Мексикийн цагаачдын ар гэрийнхэндээ шилжүүлж байгаа мөнгөний зарим хэсгийг хураан авах гэх зэрэг.

Харин мэргэжилтнүүд ханыг зөвхөн бариад л болчихгүй, нэлээд зарлагатай гэдгийг анхааруулсан.

Ерөнхийлөгч Д.Трампын хэлснээр АНУ, Мексикийн хил дээр байдал үнэхээр хүнд байгааг онцолсон юм. Тиймээс ханыг ямар ч байсан барина гээд “Өөрийн гэсэн хил хязгааргүй үндэстэн бол үндэстэн биш” гэжээ. Ийнхүү мэдэгдэл хийсэн арга хэмжээндээ хууль бус цагаачдын гарт амь үрэгдэгсдийн ар гэрийнхнийг урьж оролцуулсан байна. Вашингтон дахь Катоны Хойд Америк судлалын хүрээлэнгийн судлаачдын ярьснаар Д.Трамп сонгуулийн сурталчилгааны үеэр амласнаа биелүүлэхэд бэлэн гэдгээ ийнхүү илэрхийлсэн гэдэг.

АНУ-ын Ерөнхийлөгч Мексикийн хил дээр хана барихаас гадна хууль бус цагаачдыг гаргах ажлыг чангатгах тогтоолд гарын үсэг зурсан. АНУ-д амьдарч буй хууль бус цагаачдын дийлэнх нь мексикчүүд юм. Одоогийн байдлаар 5.9 сая Мексикийн цагаач хууль бусаар АНУ-д амьдарч байна гэсэн судалгаа бий бөгөөд сүүлийн жилүүдэд харьцангуй цөөрсөн гэдэг.

Ю.Дэлгэрмаа

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *