АНУ-ын Ерөнхийлөгч Б.Обама Хонолулуд харш худалдаж авсан тухай Америкийн “KITV4” телевиз мэдээллээ. Тус телевизийн дарга энэ талаар ярихдаа “Хонолулу дэх Уэйманалогийн байшинг мэдэхгүй хүн үгүй. Түүнийг зарсан гэсэн. Харшийг АНУ-ын Ерөнхийлөгч худалдан авсан гэсэн” хэмээжээ. Төрийн тэргүүн үл хөдлөх хөрөнгийг“Waimanalo Paradie LLC”фирмээр дамжуулан авсан бололтой. Б.Обама Хавайд харштай болсон талаар арлын оршин суугчдаас сэтгүүлчид асуусан байна. Ямар ч байсан төрийн тэргүүнтэй хөрш зэргэлдээ амьдрах болсондоо их баяртай байгаагаа тэд хэлжээ.
Америкийн төрийн тэргүүний худалдаж авсан гээд байгаа харшийг 1933 онд барьсан бөгөөд 8.7 сая ам.доллараар үнэлэгдсэн юм байна. Б.Обама гэр бүлийнхээ хамт Хавайд ойр ойрхон очиж амардаг билээ.