Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж Дорнод, Сүхбаатар зэрэг аймгийн нутаг дэвсгэрт гал түймэр гарч буй нөхцөлд гал унтраагчид болон ард иргэдийн аюулгүй байдлыг хангах талаар Монгол Улсын Ерөнхий сайд Ч.Сайханбилэг, Зэвсэгт хүчний жанжин штабын дарга Ц.Бямбажав, ОБЕГ-ын дарга Т.Бадрал нарт чиглэл өгөв.
Мөн нийт ард иргэд, аж ахуйн нэгжүүдэд хандан түймэрт өртөөд буй аймгийнханд туслахыг уриаллаа.
Төрийн тэргүүн гал түймэр унтрааж байгаа ОБЕГ-ын ажилтнууд, гал унтраагчдын аюулгүй байдлыг хангах, мөн ард иргэдийн амь нас, эд хөрөнгийг хамгаалахад онцгой анхаарч ажиллах, шаардлагатай тохиолдолд Засгийн газраас дэмжлэг үзүүлж ажиллахыг чиглэл болгосон юм.
Монгол Улсын шадар сайд У.Хүрэлсүх өчигдөр орой түймэр гарч байгаа газруудад очин ажиллахаар Сүхбаатар аймгийг зорьжээ.