УИХ дахь МАН-ын бүлгийн 26 гишүүн, УИХ-ын дэд дарга Л.Цог, УИХ-ын гишүүн Ж.Батзандан нарын гарын үсэг бүхий Ерөнхий сайд Н.Алтанхуягийг огцруулах тухай УИХ-ын тогтоолын төслийг өчигдөр УИХ-ын дарга З.Энхболдод өргөн барив. Н.Алтанхуягийг Ерөнхий сайдаас огцруулах болсон гол шалтгаан нь 2015 оны төсвийн хуулийн төслийг өргөн мэдүүлэхдээ Засгийн газар хууль зөрчсөн, мөн эдийн засгийн хямрал гүнзгийрч, ард түмний амьжиргаа доройтож байгаа учраас огцруулахаас аргагүй нөхцөл байдал үүссэн гэнэ. Огцруулах төсөлд Монгол Улсын нэгдсэн төсөв, Үнэ тогтворжуулах хөтөлбөр, “Чингэс” болон “Самурай” бонд, Хөгжлийн банкны гэсэн таван төсөвтэй болсноор ард түмний хөрөнгө хяналтгүй, үр ашиггүй зарцуулагдаж байна. Улс орны ирээдүйн хувь заяагаар дэнчин тавьж авсан бондын хөрөнгийг дур мэдэн зарцуулж байгаа ньМонгол Улсын Төсвийн тухай хуулийг ноцтой зөрчсөнийг дурджээ. Түүнчлэн Засгийн газар улсын нэгдсэн төсвөө тооцоо судалгаатай, бодит үндэслэлтэй боловсруулж чадахгүй, төсвийн орлого бүрдүүлэх үүргээ биелүүлж чадаагүйгээс хоёр жил дараалан төсвийн орлого, зарлага нэг их наяд гаруй төгрөгөөртасарсан.
Энэ нь Монгол Улсын Төсвийн тухай хууль, Засгийн газрын тухай хуульд заасан төсвийн төлөвлөлт, гүйцэтгэлийн бодлого чиглэлээ энэ Засгийн газар хэрэгжүүлж чадахгүй байгаагийн илрэл гэж үзэж байгаа талаар тогтоолын төсөл өргөн барьсан УИХ-ын гишүүн Д.Хаянхярваа, Н.Номтойбаяр, Я.Содбаатар, Ч.Хүрэлбаатар нар дурдсан юм. Мөн эдийн засгийн хямралыг хохирол багатай даван туулах зорилгоор хэрэгжүүлсэн “ЭЗЭН-100” хөтөлбөр цаг хожих арга, улс төрийн шоу болоод дууссан. Өөрөөр хэлбэл, улс орны эдийн засгийг 100 хоногт сэргээж, эрчимжүүлэх биш уруудуулж доройтуулж, үнэ ханшийн хямралыг улам гааруулсан. “Төсвийг хэмнэлтийн горимд шилжүүлэх зарим арга хэмжээний тухай” тогтоолын төслийг хэрэгжүүлэх нь бүү хэл харин ч дарга нарын тансаг хэрэглээ, амралт зугаалга нь ихсэж, бүтэц орон тоо нь улам нэмэгдсэн гэдгийг онцолсон юм.
Ерөнхий сайд Н.Алтанхуяг нь төрийн албанд шургалуулсан ах дүү, хамаатан садангийн сүлжээ, зөвлөх, туслах, ажлын албаараа дамжуулан төсвийн хөрөнгийг хууль бусаар ашигласан, авлига, албан тушаалын нийт 40 гаруй тэрбум төгрөгийн хохирол бүхий хэрэгт холбогдсон олон ноцтой мэдээллийг эрх бүхий хуулийн байгууллагууд олон нийтэд мэдээлсэн. Тиймээс Ерөнхий сайдыг албан тушаалаасаа татгалзаж, нэр холбогдсонхэргүүдээ нэг бүрчлэн шалгуулах ёстой гэж үзэж, огцруулах төслийг мэдүүлсэн аж. Хуулийн хүрээнд УИХ уг асуудлыг 14 хоногт багтаан хэлэлцэн шийдвэрлэх ёстой юм. Ерөнхий сайдыг огцруулах тогтоолын төслийг өргөн барьсны дараа “Ардын намынхан ажил хийлгэхгүй гэж, ард түмний төлөө ажиллах цаг завыг хумслах гэсэн явуургүй алхам хийж байна” гэдгийг АН-ын бүлгийн зарим гишүүд онцоллоо.
МАН-ын 26 гишүүн нэмэх нь УИХ-ын дэд дарга Л.Цог, УИХ-ын гишүүн Ж.Батзандан нар Засгийн газрыг огцруулах хүсэлтэй байгаа нь ил болсон. Ажиглагчдын ярьж буйгаар МоАХ фракцийн бүх гишүүн МАН-ын энэ саналыг дэмжиж байгаа гэх. МАХН-МҮАН-ын “Шударга ёс” эвслийн бүлгээс УИХ-ын дэд дарга Л.Цог байгаа бөгөөд 1999 онд Монгол Улсын Засгийн газрын гишүүн, Хууль зүйн сайдын албыг АН-ын квотоор хашиж байв. Түүнээс хойш улс төрд гол дүр бүтээгээгүй ч Н.Энхбаяр даргыг МАХН нэрээ авч үлдэхэд дахин улс төрд орж ирсэн нэгэн. Тэгвэл мөн л Засгийн газрыг огцруулах хүсэлтэй байгаа Ж.Батзандан гишүүн иргэний хөдөлгөөнд харьяалагдаж байгаад сүүлд АН-д элссэн. Ямартаа ч өчигдөр Ж.Батзандан гишүүний хувьд “Ташкентад явж байна” гэдгээ цахим хуудаснаа бичсэн байсан.
Тэгэхээр огцруулах саналыг эрт авсан байж таарах нь. Тэрбээр өчигдөр өргөн барьсан тогтоолын төсөлд гарын үсгээ дурайтал үлдээсэн байсан юм. МоАХ-г тэргүүлдэг Х.Баттулга гишүүн Эх орон намаас УИХ-д орж ирсэн даруйдаа буюу 2006 оны тавдугаар сард бусдын жишгээр Ардчилсан намыг сонгосон. Тийнхүү сайдын сэнтийд хоёр засаг дамжин суусан түүхтэй. Гэвч Н.Алтанхуягтайгаа таарамжгүй харьцаатай байснаас Шинэчлэлийн гэх тодотголтой Засгийн газраас “Дан дээлтэй болно” гэх шалтгаанаар гарсан. Түүний хувьд ил далд олон асуудал дээр Н.Алтанхуягтай санал зөрөлддөг тул тогтоолын төслийн үеэр санал хураахад эсрэг санал өгөх хамгийн өндөр магадлалтай хүн юм. Хуульзүйн байнгын хорооны дарга “Техник импорт”-ын Д.Ганбат угаасаа Х.Баттулга гишүүний гарын хүн гэгддэг. Нэг тойргоос хөтлөлцөн гарч ирсэн тэрбээр чуулганы хуралдаан дээр Х.Баттулгыгаа өмөөрч үе үе шовсхийдэг зантай. Нутаг нугаас гадна МоАХ гэдэг туган дор нэгдсэн болохоор фракцаа дагах биз. Иргэний зориг намаас Ардчилсан намын хаяаг түшсэн М.Зоригт гишүүн өнөөдөр МоАХ фракцийн дэд дарга албан тушаалтай. Н.Алтанхуяг сайдын эсрэг хөдлөх өндөр магадлалтай хүн гэгддэг ч тэрбээр “Хуцаж байгаа юм шүү. Ажлаа хийхийг шаардаж байгаа болохоос биш арчаагүй урваад гүйчихдэг гар би биш” хэмээн твиттер хуудаснаа өөрийн сэтгэгдлийг үлдээсэн байх юм. Электроникийн инженер мэргэжилтэй Р.Бурмаа гишүүн бусдыгаа бодоход хожуу АН-д элссэн. МоАХ фракцад харьяаглагддаг тэрбээр Засгийн газрын давхар дээлийг хөнгөлөх үед намынхаа эсрэг кноп дарсан гэх асуудлаар намаасаа хөөгдөхдөө хүртэл тулсан юм. Сүүлийн гурав дөрөвхөн жилийн дотор улс төрд “Монос”-ын гэх тодотголтойгоор орж ирсэн Л.Эрдэнэчимэг Сонгинохайрхан дүүрэгт нэр дэвшин гарч ирснээр Их хуралд суусан. Ийнхүү АН-д гаднаас орж ирсэн буюу сүүлд элссэн гишүүд нь Засгийн газрын эсрэг байгааг эх сурвалжууд өгүүлж байгаа юм.
Э.ТЭМҮҮЛЭН