Categories
мэдээ улс-төр

Ерөнхий сайдад санал хүргүүлжээ

УИХ-ын гишүүн С.Бямбацогт, Ё.Отгонбаяр, Я.Содбаатар, А.Тлейхан, Б.Чойжилсүрэн нар малчдын амьжиргааг дээшлүүлэх, махны экспортыг нэмэгдүүлэх чиглэлээр авч болох санал санаачилгыг Ерөнхий сайд Ч.Сайханбилэгт хүргүүлжээ. Эдийн засагт үүссэн нөхцөл байдал, байгаль цаг уурын таагүй байдалтай холбогдуулан үүсч болох эрсдэлээс урьдчилан сэргийлэх зорилгоор тодорхой ажлуудыг яаралтай хийхийг Ерөнхий сайдад санал болгожээ. Тухайлбал, малыг хөлөөр нь гадагш гаргах, үйлдвэрлэлийн аргаар нядалж боловсруулан ОХУ, БНХАУ-ын зах зээлд нийлүүлэх ажлыг зохион байгуулах, махны экспортын чиглэлийн компаниудын тоог нэмэгдүүлэх, ингэхдээ малыг үнэгүйдүүлэхгүйгээр худалдан авч, гадаад зах зээлд үнэ хүргэж борлуулах боломж, нөхцөлөөр хангах ажлыг яаралтай хийхийг сануулсан байна. Мөн дотоодын зах зээлд махны үнийг хэт унах эрсдэлээс сэргийлэх арга хэмжээ авах, малын гаралтай түүхий эд, мах экспортлох чиглэлээр үйл ажиллагаа явуулж буй малчид, нөхөрлөл, хоршоо, аж ахуйн нэгжүүдэд дэмжлэг үзүүлэх, зээл тусламж, татварын таатай орчин бий болгох зэрэг ажлыг яаралтай зохион байгуулж, хэрэгжүүлэх талаарх саналаа Ерөнхий сайдад уламжилсан байна.

Э.Анхбаяр

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *