Монгол Улсын Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат энэ сарын 7-ны өдөр Дорноговь аймгийн Мандах сумын “Цагаан суваргын” зэсийн орд газар болон Мандах, Хатанбулаг сумыг төвлөрсөн эрчим хүчээр холбох агаарын шугамын ажил байдалтай танилцсан байна.
Тэрээр “21 дүгээр зуун гарчихаад байхад манай улсад байнгын эрчим хүчний сүлжээнд холбогдоогүй хоёр сум байна. Ойрын хугацаанд эдгээр сумыг төвийн эрчим хүчинд холбох ажлыг эрчимжүүлж, шийдвэрлэх хэрэгтэй” гээд энэ асуудлаар эрчим хүч хариуцсан холбогдох албаныхан болон энэ төслийг хэрэгжүүлж байгаа “МАК”-ийн удирдлагуудад үүрэг, чиглэл өгсөн байна.
Цагаан суваргаас Хатанбулаг сум руу чиглэсэн 120 км-ийн 35 квт-ын хүчин чадалтай агаарын шугамын барилгын ажлыг Багануурын “ЗӨБЦТС” төрийн өмчит компани дуусгаж хүлээлгэн өгсөн. Цагаан суваргаас Мандах сум хүртэлх эрчим хүчний агаарын шугамыг гүйцэтгэгч компани мөн л дуусгаж хүлээлгэн өгсөн бол одоо зөвхөн “МАК” ХХК-ийн Оюу толгойгоос Цагаа суварга руу чиглэсэн 220 квт-ын 160 км агаарын шугамын ажил хүлээгдэж байгаа ажээ. “МАК” ХХК нь тус сумын нутагт байх Цагаан суваргын зэсийн орд газрыг ашиглаж зэсийн баяжмалын томоохон үйлдвэр байгуулахаар ажиллаж байгаа юм. .