Categories
мэдээ нийгэм

Ерөнхий сайд У.Хүрэлсүх Евразийн эдийн засгийн комиссын Сайд нарын зөвлөлийн даргатай уулзав

Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх ОХУ-д хийж буй албан ёсны айлчлалынхаа хүрээнд Евразийн эдийн засгийн комиссын Сайд нарын зөвлөлийн дарга Т.С.Саркисяныг 2019 оны 12 дугаар сарын 4-ний өдөр Москва хотноо хүлээн авч уулзав.

Уулзалт найрсаг, ажил хэрэгч уур амьсгалд болж, хоёр талын хамтын ажиллагааны өргөн хүрээний асуудлаар санал солилцов. Талууд Монгол Улсын Засгийн газар, Евразийн эдийн засгийн комисс хоорондын хамтын ажиллагааны Ажлын хэсгийн III хуралдаан өнгөрсөн 10 дугаар сард амжилттай болж, энэ удаагийн айлчлалын үеэр Монгол Улсын Засгийн газар, Евразийн эдийн засгийн комисс хооронд 2020-2021 онд хэрэгжүүлэх үйл ажиллагааны төлөвлөгөөнд гарын үсэг зурж буй баяртай байгаагаа илэрхийлэв.

Ерөнхий сайд У.Хүрэлсүх Евразийн эдийн засгийн холбооны гишүүн орнуудтай худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагаа өргөжүүлэх, тарифын болон тарифын бус саад тотгорыг бууруулах, экспортын бараа бүтээгдэхүүний нэр төрлийг олшруулах нь манай улсын тэргүүний зорилт болохыг онцлоод энэхүү зорилтыг амжилттай хэрэгжүүлэхэд Чөлөөт худалдааны хэлэлцээр бодит нөлөө үзүүлэх боломжтой гэж үзэж байгаа илэрхийлэв. Тэрээр Монгол Улс, Евразийн эдийн засгийн холбоо хооронд Чөлөөт худалдааны хэлэлцээр байгуулах боломжийг хамтран судлах Ажлын хэсэг байгуулж, эдийн засгийн үр ашгийн нарийвчилсан тооцоог гаргах саналыг дэвшүүлэв.

Евразийн эдийн засгийн комиссын Сайд нарын зөвлөлийн дарга Т.С.Саркисян манай саналыг дэмжиж байгаагаа илэрхийлж, уг саналыг ажил хэрэг болгохын тулд Евразийн эдийн засгийн холбооны гишүүн орон тус бүрийн дэмжлэгийг авахын чухлыг тэмдэглэв.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *