Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

Ерөнхий сайд тусгай хуралдаанд үг хэллээ

Швейцарийн Холбооны Улсын Женев хотноо “Ажилтай хөгжил дэвшил-хөдөлмөр эрхлэлт-2014” нэрийн дорзохион байгуулагдаж байгаа Олон улсын хөдөлмөрийн байгууллагын дээд хэмжээний чуулга уулзалтад Ерөнхий сайд Н.Алтанхуяг оролцож үг хэллээ. Уг чуулганд дэлхийн 180 гаруй орны 5000 орчим төлөөлөгч оролцож, хөдөлмөр эрхлэлт болон тулгамдаж байгаа асуудлуудын талаар санал солилцож байна. Ерөнхий сайд Н.Алтанхуяг дэлхий нийтээр 2015 оноос хойш эдийн засаг, нийгэм, хөгжлийн бодлогыг тодорхойлох “Post 2015: The future we want” хэлэлцүүлэгт Монгол Улс идэвхтэй оролцож зохистой, бүтээмжтэй хөдөлмөр эрхлэлтийг дэмжихэд онцгой ач холбогдол өгч байгааг хэллээ. Бизнес эрхлэгчид, хөрөнгө оруулагчдад тогтвортой, ил тод, хүнд сурталгүй төрийн үйлчилгээг үзүүлэх, татварын таатай орчин бүрдүүлэхэд Засгийн газраас олон арга хэмжээ авч байгаа. Үүний нэг бүрэлдэхүүн хэсэг нь Засгийн газрын “Ажилтай орлоготой Монгол хүн” хөтөлбөр юм.

“Монгол Улсын Засгийн газрын бүтцэд Хөдөлмөрийн яамыг шинээр үүсгэн байгуулж, хөдөлмөр эрхлэлт, хөдөлмөрийн харилцаанаас гадна жижиг, дунд үйлдвэр, хоршоо, мэргэжлийн боловсрол, сургалт зэрэг иргэдээ ажилтай, орлоготой байхад дэмжлэг туслалцаа үзүүлэх асуудлуудыг тус яаманд хариуцуулсан. Энэ нь хөдөлмөрийн зах зээлийн эрэлт-нийлүүлэлт тэр дундаа ЖДҮ-ийн хүний нөөцийн асуудал цогцоор шийдэгдэхэд чухал алхам боллоо. Мөн ажил олгогчийн захиалга, ажил хайж буй иргэдийн мэдээллийн бүртгэлийн нэгдсэн систем бий болгоход ихээхэн дэмжлэг болсон. Зах зээлд өрсөлдөх чадвар сул иргэдийнхээ хөдөлмөрлөх эрхийг хангах зорилгоор “40-өөс дээш насны иргэдийн хөдөлмөр эрхлэлтийг дэмжих”, “Аж ахуй эрхлэлтийг хөгжүүлэх” зэрэг хэд хэдэн дэд хөтөлбөр, төслүүдийг амжилттай хэрэгжүүлж байна. Монгол оронд хөдөлмөр, нийгмийн олон асуудлыг гурван талт гэрээ хэлэлцээрийн хүрээнд шийдвэрлэж, орон нутаг, салбар, аж ахуйн нэгж, байгууллагад нийгмийн түншлэл амжилттай хөгжиж байна” гэж хэллээ. Олон улсын хөдөлмөрийн байгууллагын Ерөнхий захирал Гэй Радар Монгол Улсын шинэчлэлийн Засгийн газрын хөдөлмөр, нийгмийн салбарт авч хэрэгжүүлж байгаа эдгээр туршлагуудын талаар илтгэл тавиулахаар Ерөнхий сайд Н.Алтанхуягийг албан ёсоор урьжээ гэж Засгийн газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах албанаас мэдээлллээ.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *