Швейцарь улсад болж буй Олон улсын хөдөлмөрийн байгууллагын гишүүн орнуудын дээд хэмжээний чуулганд Монгол Улсыг төлөөлөн оролцохоор Ерөнхий сайд Н.Алтанхуяг, Хөдөлмөрийн сайд Я.Санжмятав нар өнөөдөр Женев хотод ажиллаж байна. Тэд өчигдөр Улаанбаатар хотоос мордсон юм.
Олон улсын хөдөлмөрийн байгууллага нь Засгийн газар, ажил олгогч, үйлдвэрчний эвлэлийн гурван талын хамтын түншлэлд үндэслэн үйл ажиллагаагаа явуулдаг НҮБ-ын төрөлжсөн байгууллага аж. Жил бүр дээд хэмжээний чуулган зохион байгуулж, хөдөлмөрийн салбарт үр дүнтэй ажиллаж байгаа гишүүн орны төрийн тэргүүн, ерөнхий сайдыг хүндэт зочноор урьж, илтгэл тавиулдаг уламжлалтай юм байна. Харин энэ жил Олон улсын хөдөлмөрийн байгууллагын Ерөнхий захирал Гэй Радар Монгол Улсын Шинэчлэлийн Засгийн газрын хөдөлмөр, нийгмийн салбарт авч хэрэгжүүлсэн туршлагын талаар илтгэл тавиулахаар Ерөнхий сайд Н.Алтанхуягийг албан ёсоор урьжээ. Энэ жилийн дээд хэмжээний уулзалт нь НҮБ-ын Женев дэх салбарт “Ажилтай хөгжил дэвшил-хөдөлмөр эрхлэлт 2014” нэрийн дор болж байгаа юм байна.
Засгийн газрын сайдууд ирэх пүрэв гаригт Улаанбаатар хотноо хүрэлцэн ирэх юм.