Categories
мэдээ улс-төр

Ерөнхий сайд ОУВС-гийн төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа

Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх 2018 оны 02 дугаар сарын 05-ны өдөр Олон улсын валютын сангийн Ажлын хэсгийн ахлагч Жефф Готтлиб тэргүүтэй төлөөлөгчдийг хүлээн авч уулзав.

Эдийн засгийн уналт зогсож, сэргэх шатандаа орсон нь Олон улсын валютын сангийн өргөтгөсөн санхүүжилтийн хөтөлбөрт хамрагдсаны үр дүн. ОУВС-гийн Ажлын хэсэг Монгол Улсад ажиллах үеэр тулгамдаад байсан хэд хэдэн асуудлаар тохиролцоонд хүрч чадсанд талархаж байгаагаа Ерөнхий сайд Засгийн газрын нэрийн өмнөөс илэрхийллээ.

Тэрээр төсвийн сахилга бат сайжирч, алдагдал бууран орлого нэмэгдэж, гадаад валютын нөөц гурван тэрбум ам.долларт хүрч, гадаад хөрөнгө оруулалт өсч байгааг дурдав. Уул уурхайн түүхий эдийн бүтээгдэхүүний үнийн өсөлтөөс хамаарч эдийн засаг өсч, урууддаг өнөөгийн байдлыг өөрчлөхийн төлөө байгааг Ерөнхий сайд хэллээ. Энэ хүрээнд хөдөө аж ахуй, аялал жуулчлал, дэд бүтэц гээд бусад салбараа хөгжүүлж олон тулгуурт эдийн засагтай болохыг зорьж байна гэв.

Засгийн газар ОУВС-гийн хөтөлбөрийн хүрээнд ихээхэн хүчин чармайлт гаргасны дүнд өмнөө тавьсан ихэнх зорилтоо биелүүлж чадсан. Цаашид ололтоо улам бататгаж, ахиулна гэдэгт итгэж байдгаа Жефф Готтлиб хэлэв. Монгол Улс энэ хөтөлбөрийг тууштай үргэлжлүүлэхийн төлөө байгааг донор улс, байгууллагуудад уламжилна. Улс төрийн нөхцөл байдал тогтвортой байх нь хөтөлбөрийн хэрэгжилтэд чухал нөлөө үзүүлнэ гэлээ.

Талууд тулгамдаж байгаа хүндрэл, бэрхшээлээ харилцан ярилцаж, уян хатан байдлаар шийдвэрлэж байх нь зүйтэй гэдэгт санал нэгдэв гэж Засгийн газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *