Тулгар төрийн 2223, Их Монгол Улсын 808, Ардын хувьсгалын 93 жилийн ой, Үндэсний их баяр наадмын хоёр дахь өдөр Ерөнхий сайд Н.Алтанхуяг Төв цэнгэлдэх хүрээлэнг тойрч, наадамчин олонтой уулзлаа.
Ерөнхий сайдыг асрынх нь дэргэдүүр өнгөрөхөд урьж наадмын хуушуураар дайлсан өндөр настан Д.Амгалан гуай Дорноговь аймгийн харьяат, аймгийн заан, улсын наадмын шагайн харваанд хоёр удаа түрүүлсэн харьшгүй мэргэн цолтой харваач юм байна. “Хүүгийнхээ ажиллуулж буй асарт түр ирсэн” гэж Д.Амгалан гуай хэллээ. Тэднийх найман хүүхэдтэй, отгон хүү нь хоёр дахь жилдээ Төв цэнгэлдэхэд хуушуур хийж буй ажээ. Ерөнхий сайд асарт хуушуур идэхээр ирсэн наадамчин олныг хамт суухыг урьж, наадмын сонин хачин хуучиллаа. Хуушуурын асрын дэргэд айраг зарж байсан Өвөрхангай аймгийн Баян-Өндөр сумын иргэн Гүндэгмаа нийслэлд хөхүүрийн айрагны гэр ажиллуулах зөвшөөрөл хөөцөлдөж байгаагаа энэ үеэр ярьж байлаа.
Нар хур тэгширсэн сайхан наадам болж байна, морь нь хурдан, бөх нь хүчтэй, сум нь мэргэн сайхан наадамлахыг Ерөнхий сайд Н.Алтанхуяг ерөөж байлаа гэж Засгийн газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах албанаас мэдээллээ