Categories
мэдээ улс-төр

Ерөнхий сайд Н.Моди УИХ-ын даргад бараалхлаа

Монгол Улсад албан ёсны айлчлал хийж буй Бүгд Найрамдах Энэтхэг Улсын Ерөнхий сайд Нарендра Моди Монгол Улсын Их Хурын дарга З.Энхболдод өнөөдөр /2015.05.17/ бараалхлаа.

УИХ-ын дарга З.Энхболд уулзалтын эхэнд Бүгд Найрамдах Энэтхэг Улсын Ерөнхий сайд, Эрхэмсэг ноён Н.Моди болон Энэтхэгийн төр, засгийн төлөөлөгчдийн Монгол Улсад хийж буй айлчлалд амжилт хүсч, манай оронд тавтай морилохыг хүсээд, Монгол, Энэтхэгийн хооронд дипломат харилцаа тогтоосны 60 жилийн ой тохиож байгаа энэ цаг үед хоёр орны харилцааны түүхэнд анх удаа БНЭУ-ын Ерөнхий сайд Монголд айлчилж буйд баяртай байгаагаа илэрхийллээ.

УИХ-ын дарга З.Энхболд, эрхэмсэг ноён Ерөнхий сайдын айлчлалын үеэр манай “гурав дахь хөрш”, бүс нутгийн гол түншүүдийн нэг болох Энэтхэг Улстай Иж бүрэн түншлэлийн харилцааны түвшинг ахиулан Стратегийн түншлэл тогтоосонд баяр хүргээд, шинээр тогтоосон Стратегийн түншлэлийн харилцааг хөгжүүлэхэд хоёр орны парламент хоорондын хамтын ажиллагаа чухал үүрэгтэй болохыг онцолсон юм. Тэрбээр, хоёр улсын парламентын хооронд сүүлийн жилүүдэд хамтын ажиллагаа идэвхжин, парламентад найрамдлын бүлгүүд тус тус байгуулагдаж, харилцан айлчлалууд хэрэгжин, парламентын хамтын ажиллагааны баримт бичиг байгуулсан нь хоёр орны хууль тогтоох дээд байгууллага хоорондын хамтын ажиллагааг өргөжүүлэхэд төдийгүй Монгол, Энэтхэгийн харилцаанд зохих ёсоор хувь нэмэр оруулж ирснийг тэмдэглэн хэлсэн юм.

Ардчилал, парламентын тогтолцооны арвин туршлагатай Энэтхэг Улстай харилцаа, хамтын ажиллагааг гүнзгийрүүлэх, Энэтхэгийн ардчилал, парламентын засаглалын туршлагаас залуу ардчиллын хувьд Монгол Улс суралцах сонирхолтой байдаг гэж УИХ-ын дарга хэлээд, Монгол Улсад ардчилсан төрт засаг үүссэний 25 жилийн ойн албан ёсны арга хэмжээнд Энэтхэг Улсын Дэд Ерөнхийлөгч бөгөөд Парламентын дээд танхимын дарга Хамид Ансариг оролцохыг урьсан тухай уламжилсан юм.

Бүгд Найрамдах Энэтхэг Улсын Ерөнхий сайд Нарендра Моди, УИХ-ын даргад элэгсэг дотноор хүлээн авч буйд, УИХ-ын чуулганы Хүндэтгэлийн хуралдаан зарлан хуралдуулж, УИХ-ын эрхэм гишүүдтэй нүүр тулан уулзах боломж олгосонд талархаж байгаагаа илэрхийлсэн. Эрхэмсэг ноён Нарендра Моди, Монгол Улсын Ардчилалд хүрэх зам мэдээж дардан байгаагүй гээд ардчиллын төлөөх буцалтгүй замыг сонгохдоо Та бүхэн олон саад бэрхшээлийг туулсан байдаг. Энэтхэг, Монгол хоёр улс оюун санааны хөршүүд бөгөөд миний энэхүү айлчлал завшаанаар олон чухал ой давхацсан жил тохиолоо. Энэ жил Энэтхэг, Монгол Улсын хооронд дипломат харилцаа тогтоосны 60 жилийн ой тохиож байна. Мөн Монгол Улсад байнгын ажиллагаатай парламент байгуулагдсаны 25 жилийн ой тохиож байгаа юм байна. Эрхэм Таныг би зөвхөн УИХ-ын даргынхаа хувьд төдийгүй, хувь хүнийхээ хувьд хүчтэй, үлгэр дууриал болсон удирдагч гэдгийг хэлмээр байна гэж хэлсэн юм.

УИХ-ын дарга З.Энхболд, манай хоёр улсын найрсаг харилцааны 60 жилийн түүхт ойтой давхцан тохиож байгаа ардчилсан хөгжлийн энэхүү ойн баяр нь Монгол төдийгүй ардчилал, энх тайван, эрх чөлөөг талархан дэмжигч, түгээн дэлгэрүүлэгч бүх улс орны баяр гэж үзэж байна гээд манай орны улс төрийн ардчилсан өөрчлөлт, шинэчлэл, зах зээлийн эдийн засагт шилжих үйл явцыг анхнаас нь тууштай дэмжиж ирсэн дэлхийн хамгийн том ардчилал – Энэтхэг Улсын төлөөлөгчид дээрх арга хэмжээнд оролцох нь онцгой ач холбогдолтойг тэмдэглэсэн юм.

УИХ-ын дарга, Ардчилал, энх тайван, эрх чөлөөг түгээн дэлгэрүүлэх үйлсэд үнэтэй хувь нэмэр оруулсан улс төрийн нэрт зүтгэлтэн Ерөнхий сайд Н.Моди манай УИХ-ын танхимд зочлон үг хэлэх гэж буйд баяртай байна гээд Ерөнхий сайдын айлчлал нь Монгол, Энэтхэгийн уламжлалт найрсаг харилцаа, хамтын ажиллагааг цаашид улам бүр бэхжүүлэхэд чухал хувь нэмэр оруулна гэдэгт итгэлтэй байгааг илэрхийллээ.

Бүгд Найрамдах Энэтхэг Улсын Ерөнхий сайд Нарендра Моди, Монголын ардчилалын үнэ цэнийг Та энэ дэлхий дээр байгаа хэн бүхнээс илүү ойлгож мэдэж байгаа. Таны их үйлсэд амжилт хүсэхийн зэрэгцээ, Монгол, Энэтхэг хоёр улс зөвхөн оюун санааны төдийгүй гуравдагч хөрш орон юм гэдгийг хэлэхийг хүсч байна гэж хэллээ.

Монгол Улсын Их Хурын дарга З.Энхболдод Бүгд Найрамдах Энэтхэг Улсын Ерөнхий сайд Нарендра Моди бараалхах үеэр УИХ-ын гишүүн С.Баярцогт, З.Баянсэлэнгэ, Д.Дэмбэрэл, Ж.Энхбаяр, Монгол Улсаас БНЭУ-д суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд С.Баяр болон албаны бусад хүмүүс байлцлаа хэмээн УИХ-ын Тамгын газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *