АТГ-аас Ерөнхий сайд Н.Алтанхуягийн ахлах зөвлөх, УИХ-ын гишүүн, Байгаль орчны сайд асан Л.Гансүх болон түүний туслах, хамаатан зэргийг баривчилсан билээ. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 263.2, 150.3, 166.1.2-т заасан хүнд, онц хүнд гэмт хэрэгт буруутайд тооцон яллагдагчаар татсан юм. Дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн захирамжаар Л.Гансүхийг Төв аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх албаны цагдан хорих байранд энэ сарын 29-ний өдрөөс эхлэн цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авсан. Дээрх хэрэг явдалтай холбоотой мэдээлэл хэвлэл мэдээллийн хэрэгслээр гарах болсон. Мөн Ерөнхий сайд Н.Алтанхуяг ахлах зөвлөх нь саатуулагдсантай холбоотойгоор мэдэгдэл гаргасан билээ. Тэгвэл өчигдөр АТГ-аас сэтгүүлчдэд мэдээлэл хийж, албан ёсны мэдэгдэл хийлээ. Л.Гансүх туслахаар нь ажиллаж байсан Н.Даваахүү, Л.Эрдэнэбулган, Л.Гансүхийн эхнэрийн төрсөн дүүгийн охин Б.Мөнгөнтуяа, Монгол Улсын Ерөнхий сайд Н.Алтанхуягийн Улсын Их Хурлын гишүүний зөвлөхөөр ажиллаж байсан М.Тулга, Ерөнхий сайдын охин А.Саранзаяа, Хүнсний аюулгүй байдлын зөвлөлийн нарийн бичгийн дарга Э.Төмөрбаатар нартай хамтран хувийн аж ахуйн нэгжүүд үүсгэн байгуулж ард иргэдэд хямд үнэтэй нүүрс нийлүүлэх “Нүүрс” хөтөлбөрийг хэрэгжүүлэхдээ Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хууль, тогтоомжийг зөрчиж, өөрсдийн албаны эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашигласан гэж АТГ-ынхан хэлж байна. Монгол Улсын Төрийн өмчит компаниас 2012-2014 онд 279.000 тонн шигшиж, ангилсан чанартай нүүрсийг тонныг нь 27.500 төгрөгөөр авч, ард иргэдэд тонныг нь 80.000 төгрөгөөр худалдаж их хэмжээний ашиг олж, төрийн өмчит компанид олон тэрбум төгрөгийн онц их хэмжээний хохирол учруулсан байж болзошгүй гэх үндэслэлээр тэдэнд эрүүгийн хэрэг үүсгэн цагдан хорьж шалгаж байгаа аж.
Л.Гансүх цагдан хоригдсонтой холбоотойгоор Ерөнхий сайд Н.Алтанхуяг АТГ-ын мөрдөн байцаагч Д.Золжаргалд яллагдагчтай уулзах талаар ЗГ-1/150 дугаар мэдэгдлийг энэ сарын 31-ний өдөр ирүүлжээ. Мөрдөн байцаагч Д.Золжаргал Ерөнхий сайдын мэдэгдлийг хүлээн авч, “Яллагдагчтай уулзуулах нь Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн долдугаар зүйлийн 7.2.4-т заасан ашиг сонирхлын зөрчил үүсгэж байна. Тиймээс Сэжигтэн яллагдагчийг баривчлах, цагдан хорих шийдвэрийг биелүүлэх тухай хуулийн 19.2-т заасан эрхийнхээ дагуу Л.Гансүхтэй уулзуулах боломжгүй” гэж хариу мэдэгдсэн байна. Гэтэл Ерөнхий сайд Н.Алтанхуяг Хууль зүйн сайд Х.Тэмүүжинтэй хамт Төв аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх албаны Цагдан хорих байранд очиж 2014 оны долдугаар сарын 31-ний өдөр яллагдагч Л.Гансүхтэй цаг гаруйн хугацаанд уулзсан гэнэ. АТГ-аас гаргасан мэдэгдэлд “Энэ үйлдэл болон Ерөнхий сайдын долдугаар сарын 31-нд гаргасан мэдэгдэл нь Сэжигтэн яллагдагчийг баривчлах, шийдвэрийг биелүүлэх тухай хуулийн 19.2 дахь заалтыг зөрчиж хорих шийдвэр гаргасан эрх бүхий албан тушаалтны буюу түүний удирдах дээд албан тушаалтны бичгээр олгосон зөвшөөрөлгүй хоригдсон этгээдтэй уулзсан. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 245.2 буюу Хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалт, шүүн таслах ажиллагаанд саад учруулсан болон Хууль зүйн сайдын тушаалаар батлагдсан “Баривчлах цагдан хорих байрны дотоод журам”-ын 12.1 дэх заалтыг зөрчсөн хэмээн үзэж байна” гэжээ. Иймд АТГ Ерөнхий сайдын энэхүү үйлдэлд хариуцлага тооцно гэж мэдэгдлээ. Өөрөөр хэлбэл, холбогдох албаны хүмүүстэй нь уулзаж, Ерөнхий сайдыг дуудан мэдүүлэг авна гэсэн юм.
Мөн Л.Гансүх нарыг “Нүүрс” хөтөлбөрийг хэрэгжүүлснээр алдагдалтай ажилласан, Монгол Улсын Засгийн газрын 2012 оны 12 дугаар сарын 22-ны өдрийн 204 дүгээр тогтоолоор 854 сая төгрөг, Хөдөлмөрийн яамны Жижиг, дунд үйлдвэрийг хөгжүүлэх сангийн Төсвийн тусгай сангийн хөрөнгөнөөс Үндэсний хөрөнгө оруулалтын банкаар дамжуулан 2012 оны 11 дүгээр сарын 19-ний өдөр 1,5 тэрбум төгрөгийн санхүүжилтийг хууль бусаар гаргуулан авч төсвийн хөрөнгийг завшиж, үрэгдүүлсэн гэмт хэргийг тус тус үйлдсэн хэрэгт холбогдуулан шалгаж байгаа талаар мэдэгдэв. Хэвлэлийн бага хурлын үеэр Ерөнхий сайд Н.Алтанхуяг, Хууль зүйн сайд Х.Тэмүүжингийн хамт Төв аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх албаны Цагдан хорих байранд очиж байгаа дүрс бичлэгийг үзүүлсэн юм. Мөн энэ өдөр Л.Гансүхийн өмгөөлөгчид хэвлэлийн бага хурал зарлаж АТГ-ыг хууль зөрчиж байна хэмээн мэдэгдлээ. Л.Гансүхийн хуулиар олгогдсон өмгөөлөгчтэйгээ уулзах эрхэнд АТГ зүй бусаар халдаж байгаа талаар тэд онцолсон юм.
Э.ХҮРЭЛБААТАР