Ерөнхий сайд Н.Алтанхуяг УИХ-ын гишүүн Х.Баттулгад хандан мэдэгдэл гаргаж, зарим асуудалд тайлбар хийв.
“Ерөнхий сайдын 30 минут” уулзалтаар энэ удаа Ерөнхий сайд Н.Алтанхуяг олны анхаарлын төвд байгаа зарим асуудлуудад тайлбар өглөө. Тодруулбал, 2010 онд УИХ-аас баталсан “Төрөөс төмөр замын тээврийн талаар баримтлах бодлого”-ын дагуу манай улс гурван чиглэлд шинээр төмөр зам тавих ч өнгөрсөн дөрвөн жилийн хугацаанд нэг ч км зам бариагүй. Царигийн маргааны улмаас удааширсан энэ ажлыг Засгийн газар зоригтой урагшлуулж, төмөр замын бүтээн байгуулалтад “Чингэс” бондын хөрөнгөөс 200 гаруй сая ам.доллар зарцуулаад байна гэж Ерөнхий сайд уулзалтын эхэнд онцолж байв. Тэрчлэн ирээдүйд хоёр хөрш рүү долоон цэгээр төмөр замын тээвэрлэлт хийх боломжтойг дурдсан. Зорилтоос зөвхөн Өмнөговь аймгийн Гашуунсухайт боомтын төмөр замын ажил л урагшилж байгаа. Хятадын тал цаанаас Ганц модны боомт хүртэл төмөр зам тавьчихсан, харин манайх ачаа тээвэрлэх замын царигийн асуудлаа шийдвэрлэлгүй дахиад хойшлууллаа. Иймээс УИХ-ын намрын чуулган хүртэл Засгийн газар хөрш орнуудтай хийх хэлэлцээрээ үргэлжлүүлнэ. Шинээр тавих төмөр замаар зөвхөн Хятад улс руу биш далайн эрэг хүртэл ачаа тээвэрлэх учраас хөрш орны газар нутгаар явах маршрут, төлөх татвар хураамж, тээврийн зардал гэх мэт олон асуудлыг нарийвчлан хэлэлцэж тогтоох шаардлагатай гэдгийг ч хэлж байсан.
Түүний ярьсан дараагийн зүйл нь УИХ-ын гишүүн Х.Баттулгын Ерөнхий сайдад хаягласан ил захидалтай холбогдуулан мэдэгдэл гаргаснаа танилцуулсан. Тэрээр “Харилцаа холбооны салбарт ZTE, Huawei компаниудын тоног төхөөрөмж, программ хангамжийг ашиглах” тухай шийдвэр 2009 оноос хэрэгжиж эхэлсэн. Энэ асуудлаар Үндэсний Аюулгүй Байдлын Зөвлөлөөс гаргасан зөвлөмжийн дагуу ажил нь хийгдэж дууссан болно. Эрхэм гишүүн таныг 2008 оноос Зам, тээврийн сайдаар дөрвөн жил ажиллахдаа УИХ-д өргөн мэдүүлж батлуулсан төмөр замын бодлогыг манай Засгийн газар огтхон ч зөрчөөгүй бөгөөд уул уурхайн бүтээгдэхүүн нь шууд гадагшаа гарах зарим боомтод нарийн царигтай төмөр зам тавих асуудлыг “Төмөр замын талаар төрөөс баримтлах бодлого”-ын дагуу УИХ-д өргөн мэдүүлээд байна. “Банк оф Чайна”-гийн салбарыг Монголд байгуулах асуудал Засгийн газрын түвшинд огт яригдаагүй болно. “Үндсэн хуульд нийцүүлэн боловсруулсан “Газрын тухай багц хуулийн төсөлд газрыг гадаадын иргэн, аж ахуйн нэгжид өмчлүүлэхийг зөвшөөрсөн заалт тусгасан мэтээр мушгин гуйвуулж, олон нийтийн мэдээллийн хэрэгслээр иргэдийг төөрөгдүүлэх зохион байгуулалттай аян эхэлсэн тул энэ хуулийн төслийг эргүүлэн татсан. Засгийн газар Монгол Улсын үндэсний аюулгүй байдал, тусгаар тогтнолд хор хохирол учруулах ямар нэгэн шийдвэр гаргаагүй бөгөөд ийм шийдвэр хэзээ ч гаргахгүй гэдгийг хариуцлагатайгаар мэдэгдэж байна” хэмээжээ.
Дараа нь сэтгүүлчдийн асуултад хариулахдаа “ЭЗЭН-100” хөтөлбөрт тусгасан эрх зүйн гол гол зохицуулалтаа УИХ-ын хаврын чуулганаар батлуулж чадсан, орон сууцны найман хувийн зээл хэвийн үргэлжилж байгаа. Импортыг орлож, экспорт нэмэх 888 төслөөс одоогийн байдлаар арилжааны банкуудын шаардлага хангасан 20 гаруй төсөлд Хөгжлийн банкнаас санхүүжилт олгосон, энэ ажил хэвийн явагдаж байна. Төрийн өмчит нэр бүхий 22 компанийг энэ сард багтаан хувьд шилжүүлнэ гэх мэтийг дурдсан юм.
Л.ТӨР