Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат өнөөдөр “Оросын төмөр зам” нийгэмлэгийн тэргүүн Олег Белозёровыг хүлээн авч уулзлаа. Уулзалтын эхэнд Ерөнхий сайд, Улаанбаатар төмөр зам хувь нийлүүлсэн нийгэмлэгийг үр ашигтай ажиллуулахад хоёр тал урд өмнөхөөсөө илүү санаачилгатай ажиллах, дамжин өнгөрөх тээврийн хэмжээг нэмэгдүүлэх шаардлагатай, тийм бололцоо байгааг онцоллоо.
Монгол Улс, ОХУ, БНХАУ-ын аль алинд хамтарсан томоохон төслүүд бий. Тэдгээр төслүүдэд оролцох, тэндээс ажил олох боломж бололцоо УБТЗ ХНН-т хамгийн их бий. Гурван улсын төрийн тэргүүн нарын уулзалтаар 100 сая тонн тээвэрлэх ачаа байгаа тухай яригдсан. Тэндээс хамгийн багадаа арван сая тонныг л УБТЗ-аар тээвэрлэхэд ашигтай ажиллах боломжтой, үүний төлөө манай Засгийн газар бүх талаар дэмжиж идэвхтэй ажиллах болно гэлээ.
Олег Белозёров, дамжин өнгөрөх тээврийн хэмжээг нэмэгдүүлэх болон тийм боломж байгаа талаар Ерөнхий сайдтай санал нэг байгаагаа илэрхийлэв. Мөн тэрээр Монгол Улсын Засгийн газрын өргөн барьсан төслийн дагуу УИХ-аас УБТЗ-ын хэрэгцээнд хэрэглэдэг дизель түлшинд ногдуулсан онцгой албан татварыг 2017 оны нэгдүгээр сарын 1-нээс тэглэх болсонд талархаж буйгаа хэлээд, энэ татварыг заавал он гарахыг хүлээхгүйгээр 2016 ондоо багтааж тэглүүлэх саналтай байгаагаа уламжлав.
Дизель түлшинд ногдуулсан Онцгой албан татварын хуулийг анх батлахдаа ч, сая хүчингүй болгохдоо ч Монгол Улсад мөрдөгддөг хууль, дүрмийн хүрээнд шийдсэн, манай улс аливаа татварын хуулийн өөрчлөлтийг дараа оны эхний өдрөөс мөрдөж эхэлдэг хуультайг Ерөнхий сайд хэлэв.
-УБТЗ-ыг одоогийн Хувь нийлүүлсэн нийгэмлэг хэлбэрээр нь хадгалаад явах уу, эсвэл зах зээлийн нийгмийн онцлог, эдийн засгийн орчин нөхцөлдөө тохируулан компанийн засаглалын хэлбэрээр шинэ төвшинд гаргаж хөгжүүлэх үү гэдэг дээр хоёр тал шийдвэр гаргах цаг болсон. 1949 оны гэрээг өөрчлөх замаар УБТЗ орчин үеийн шаардлагад нийцэж бие даан хөгжих, олон улсад одоо байгаагаасаа илүү нээлттэй болох, тээврийн хэмжээ нэмэгдэх боломжийг нээж өгөх ёстой. Үүний төлөө хоёр талаасаа бодитой алхам хийх хэрэгтэйг Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат онцоллоо.