Categories
их-уншсан туслах-ангилал

Ерөнхий сайд Эрдэнэбат эздийнхээ авсан “Эрдэнэт”-д очоогүй байж “Оюу толгой”-н амсар дээр омогдож омогдож ирлээ

Сүүлийн үеийн Монголын нийгмийн гол шуугиан нь “Эрдэнэт” үйлдэр тойрсон асуудал болоод байгаа. “2016 оны эхний найман сарын байдлаар “Оюу толгой” компани 244.6 тэрбум төгрөгийн татвар төлсөн байна. Харин “Эрдэнэт” үйлдвэр өнгөрөгч жил 284 тэрбумыг өгсөн хэрнээ өнөө жил 20.3 тэрбум төгрөгийн татвар төлсөн нь Оюу толгойтой харьцуулахад хэрхэн ажиллаж байгаа нь тодорхой харагдана” гэж Их хурлын гишүүн Ц.Нямдорж мэдэгдсэн. Түүний мэдэгдэлтэй холбогдуулан тус үйлдвэрээс хэвлэлийн хурал зарлаж, Нямдоржийн мэдэгдэл ташаа болохыг залруулсан юм.

“Эрдэнэт” үйлдвэр 2016 оны эхний найман сарын байдлаар улсын төсөвт 64 тэрбум төгрөг төвлөрүүлээд байна гэж ерөнхий захирал нь дуулгасан. Хорин тэрбумын уг асуудалтай зэрэгцээд “49 хувийг хувийн хэвшил авч буй нь сайн хэрэг. Ингэснээр эрх барьж буй намынхны хошуугаа зоож байгаад сордог байдал алга болно. Төр 51 хувь дээрээ нэмээд 49-ийг авсан бол дураараа дургиж, ялсан намынхны сонгуулийн мөнгөө босгох гол талбар нь болно” гэх зэргээр эдийн засагч, судлаачдын байр суурь нийгэмд зогсоо зайгүй хүрч байв. Мөн Ж.Батзандан “Эрдэнэт”-ийн 49 хувийг Засгийн газар дур мэдэн шийдсэнийг эсэргүүцсэнээрээ намаасаа хөөгдөх дээрээ тулсан гээд яалт ч үгүй Монголын нийгмийн гол трэнд нь “Эрдэнэт” болоод байв.

Гэтэл Монгол Улсын Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат улстөрчдийн дунд хамгийн халуун сэдэв болж, төрийн түшээдийг өөр хооронд нь дайсагнуулан, хэн бүхний анхаарлын төвд байгаа “Эрдэнэт” үйлдвэрийг тойрч, Монголын төрд өндөр татвар төлсөн гэх “Оюу толгой”-д очин сүржин мэдэгдэл хийдэг нь ямар учиртай вэ. Үндсэндээ нийгмийн шуугианы гол цэгээс зайлсхийж, манайхны хэлдгээр “Нүдэн балай чихэн дүлий” царайлан, өндөр татвар төлж буйд нь өширхсөн юм шиг “Оюу толгой”-д очиж омогдсон нь олон түмний гайхшралыг төрүүллээ. Энэ дашрамд дуулгахад, “Эрдэнэт” бол Эрдэнэбатын эздийнх нь юм гэсэн. Тэгж яригдаад байгаа. Эздийнхээ “саалийн ферм” рүү очиж элдэв үг хэлэх шонгүй учир Өмнийн говийг зорьж л дээ, хөөрхий.

“Оюу толгой ажилчдаа олон жил онгоцоор зөөлөө. Одоо орон сууцны хотхон барьж өгөх хэрэгтэй. Компанийн гадаад, дотоод худалдан авалт болон ханган нийлүүлэлт, ялангуяа санхүүгийн үйл ажиллагаанд Монголын Засгийн газар 34 хувьдаа ногдох хяналтыг бодитой хэрэгжүүлнэ. Оюу толгойн ажилчид нь Оюу толгойн ашигт малтмалаасаа үнэ цэнэтэй” гэж Ерөнхий сайд Өмнөговь аймагт ажиллах үеэрээ “Эрдэнэс Оюу толгой” болон “Оюу толгой” компанийн удирдлагуудад үүрэг өгсөн. Эрдэнэбатын энэ үгийг сонсоход их гоё. Үнэхээр л ард иргэдийнхээ өмнөөс тэнд ажилладаг бүх хүний төлөө хэлсэн үг шиг санагдана. Гэвч бизнесийн ёс зүйн дүрэм гэж маш чухал зүйл бий. Компани хоорондын гэрээ яаж хийгдсэн, түүний дагуу л бүх зүйл явах журамтай. Түүнээс хэн нэгэн дарга сайд очиж гоё ганган үг хэлж, үүрэг өгсний дагуу байдал өөрчлөгдөхгүй. Үндсэн гэрээнд нь тусгагдаагүй бол энгийн иргэн байтуай Ерөнхий сайд нь хэлээд ч асуудал шийдэгдчихдэг юм биш. Эрдэнэбат хэлсэн юм чинь гээд шууд л хот байгуулаад эхэлнэ гэвэл үнэндээ инээдтэй хэрэг болно. “Оюу толгой” бол барууны соёлтой, эхнээсээ л тэрхүү хууль журмыг чандлан сахисан компани. Дэлхийн шилдэг компаниудын оршин тогтнох гол үндэс суурийн нэг нь компанийн дотоод соёл, дэг журам, гэрээ, дүрмэндээ байдаг.

“Оюу толгой” компани “Бидний ажлын арга барил” хэмээх бизнесийн ёс зүйн дүрмийг мөрдөж ажилладаг. Үүнийгээ бизнесийн үйл ажиллагаандаа баримталдаг хэм хэмжээ гэж тодорхойлсон байна лээ. “Бидний ажлын арга барил нь бизнесийн үйл ажиллагааг ёс зүйтэй, шударга явуулах зорилгыг тусган харуулсан бөгөөд компанийн засаглалын өндөр стандартыг даган мөрдөж, тогтвортой хөгжилд хувь нэмэр оруулахыг шаарддаг. Маш олон стандарт байдаг. Тэдгээр нь хүндэтгэл, ёс зүй, хамтын зүтгэл, хариуцлага зэрэг гол үнэт зүйлсэд суурилна” гэжээ.

Энэ нь хаашаа ч хөдлөн гуйвж дайвахгүй, хэний ч үг үйлдэл, улс төрийн мэдэгдэлд автахгүй, зөвхөн гэрээ дүрмийнхээ дагуу ажлаа явуулна гэсэн уриа тунхаг нь юм. Өнгөрөгч жил “Эрдэнэс Монгол компанийн удирдлагууд давхар дээл өмслөө, Оюу толгойн ТУЗ-ийн гишүүнээр томилогдоод жилд 100 мянган ам.долларын цалинг хувааж авдаг” гэх мэдээллүүд гарч байсан. Үүнд “Эрдэнэс Монгол” компанийн гүйцэтгэх захирал Б.Бямбасайхан “Энэ бол бидний буюу манай компанийн хийх ёстой ажил. Компанийн хуулийн дагуу, засаглалын зарчмаараа бид ажиллах ёстой. Эрдэнэс Монгол-ын ажилтнууд бүрэлдэхүүн компаниудынхаа ТУЗ-ийн гишүүнээр томилогдож компанийн үр ашигтай удирдлагын тогтолцоог төлөвшүүлэх, өрсөлдөх чадварыг дээшлүүлэх стратегийг баримтлан ажиллах дүрэмтэй” гэж хариулаад бүхний амыг хааж байсан удаатай.

Дэлхий дахины хөрөнгө оруулагчдад нээлттэй, олон улсын хөрөнгийн биржид бүртгэлтэй, олон нийтэд хувьцаагаа гаргасан компаниуд засаглалын ийм л зарчмаар явдаг. Тэгэхээр Эрдэнэбатын “Оюун толгой”-н удирдлагуудад өгсөн үүрэг бол зүгээр жүжиг. Ард түмэндээ хайртай болж харагдах гэсэн, ажил хийж байгаа дүр үзүүлэх гэсэн, түүнийгээ олон нийтэд хүргэх гэсэн ядарсан аргынх нь нэг юм. Үндсэндээ телевиз дагуулж очин Монгол даяар шоудах гэсэн өрөвдмөөр санаа нь байхгүй юу. Харин өнөө телевизийн нөхөд нь даргын суудал булаацалдан хоорондоо алалцаад юун Эрдэнэбатынхаа шоуг нэвтрүүлэх вэ. Мэдээллийн хөтөлбөрийнхөө дундуур нэгнийхээ нэр хүндэд халдсан нэвтрүүлгийг явуулаад Оюу толгойн мэдэгдлийг нь олигтой ч гаргаж чадаагүй дээ.

Харин нийгмийн сүлжээгээр “Манай дарга ширүүхэн дуугарлаа”, “Оюу толгойд очоод хатуу үүрэг өглөө” гэж долдойчууд нь хэлэх үгээ олж ядан, нус нулимсаа унагах нь холгүй, завсар зайгүй бичиж байна. Энэ үйл явцыг хараад өмнөөс нь ичих юм. Үнэндээ хэлэх ч үг олдохгүй юм.

Оюун толгойн гүний уурхайн бүтээн байгуулалтын санхүүжилтийн эхний зардал болох 4.2 тэрбум ам.долларыг олон улсын 19 банк, санхүүгийн байгууллага шийдээд явж байгаа. Эдгээр байгууллага болоод олон улсын дүрэм журамтай санхүүгийн нэгдэл комдпаниуд Эрдэнэбатыг ингэж үүрэг даалгавар өгөхийг хараад инээд нь хүрч байгаа нь мэдээж. Монголын Засгийн газрын тэргүүн нь бизнесийн ёс зүйн зарчмыг мэддэггүй юм байна гэх ойлголтыг авсан нь харамсалтай. Үнэндээ өнөөдөр чинь монголчууд бидний туулж өнгөрүүлсэн социализм шиг нэг нь үүрэг тавиад, нөгөөх нь тэмдэглэж аваад явагддаг ажил гэж байхгүй болсон шүү дээ. Төгсгөлд нь хэлэхэд, нийгмийн гол дуулиан болсон “Эрдэнэт”-д очиж ганц үг ганхийгээгүй байж Оюу толгойн амсар дээр омогдож омогдож ирсэн чинь цагаа олсонгүй Эрдэнэбат сайд аа. Ингэж хий хоосон жүжиг тавьж, долдойчуудаараа магтуулан Монголд нэгэнт унаад байсан нэр хүндээ олон улсад унагахын хэрэг байсан уу.

Б.БАТБОЛД

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Categories
мэдээ нийгэм

Ерөнхий сайд Эрдэнэбат эздийнхээ авсан “Эрдэнэт”-д очоогүй “Оюу толгой”-н амсар дээр омогдож омогдож ирлээ нийтлэл хэвлэгдлээ.

“Өдрийн сонин”-ы даваа гаригийн дугаар хэвлэгдэн, захиалагчдадаа хүрлээ. Энэ өдрийн дугаарт гарсан нийтлэл, сурвалжлага, ярилцлага, мэдээ мэдээллээс онцолж, тоймлон хүргэж байна.

Нэгдүгээр нүүрээс та ирэх оны төсвийн орлого, зарлага ямар байхыг та мэдэх боломжтой юм.

Мөн нэгдүгээр нүүрт уламжлалт “Танайд өнжье” булангаар зураг зурж, стрессээ тайлангаа дотоод сэтгэлээ сонсох ертөнц гарчигтай нийтлэл хэвлэгджээ.

“King tower apartment”-ийн нэг давхарт уг уран бүтээлийн галерей байрладаг юм байна. Галерейн хаалгыг нээмэгц сонгодог хөгжмийн эгшиглэнт ая урин дуудаж, хүрэлцэн ирсэн зочид нэг зургаас нөгөө зургийн хооронд хөлөө аядуухан зөөж өнгө үзэмж төгс уран зургуудыг ажиглана. Хормын төдий л гадаа бударч буй цас, хаашаа ч юм яаран гүйлдэх хүмүүсийн дүр зураг сарниж одов” хэмээн сэтгүүлч нийтлэлэ эхлүүлжээ. Та эндээс өнөөгийн нийгмийн стресс бухимдалтай үед хэрхэн түүнээсээ салж болох нэгэн клубтэй танилцаж болох юм.

УИХ-ын гишүүн Л.Болдын “Би өөрийгөө АН-ын бэлтгэгдсэн улстөрч гэж үздэг” ярилцлага нэг, дөрөвдүгээр нүүт хэвлэгджээ. Үргэлжлэлийг 4-р нүүрээс уншаарай.

Хоёрдугаар нүүрт УИХ-ын гишүүн Х.Баделхан: “Төр аж ахуйтай зууралдаад хэрэггүй” ярилцлага нийтлэгдлээ. Тэрээр, “Хувьчлах нь зөв. Төр аж ахуйтай зууралдаад хэрэггүй. Тэр ажлаа өгчихсөн байхад буруудах юм байхгүй. Ер нь төр оролцсон компаниуд дандаа алдагдалтай ажилладаг. Төр бол хамгийн муу менежер. Төр оролцчихвол төрийн мөнгийг саахыг л боддог”хэмээн ярилцлагадаа дурджээ.

Гуравдугаар нүүрт Ерөнхий сайд Эрдэнэбат эздийнхээ авсан “Эрдэнэт”-д очоогүй “Оюу толгой”-н амсар дээр омогдож омогдож ирлээ нийтлэл хэвлэгдлээ.

Тавдугаар нүүрт Буянгийн Жаргалсайхан: “Стэнд бай”-г хэрэгжүүлэхээс юундаа цааргалж, айж үхчих гээд байгаа юм ярилцлаган ийтлэгдлээ. Тэрээр, “Эдийн засаг тэгтлээ муу болчихсон зүйл байхгүй. Хүмүүс ингэж л амьдарч байсан. Зам дээр машин түгжирч байгаа юу, хэвээрээ байна. Баар ресторан пиг байдаг байв уу, тийм. Долоо хоног хоол идсэнгүй гээд өлсөж үхсэн хүнтэй таарав уу. Би лав таарсангүй. Ийм байхад эдийн засаг хямарлаа, муудлаа гэж хоосон яриад байх хэрэггүй. Бүх юм байдгаараа байна. Ам.долларын ханш өслөө л гэх юм. Тэрүүгээр яах гээд байгаа юм. Манай үндэсний валют төгрөг шүү дээ” хэмээн ярилцлагадаа дурджээ.

Мөн даваа гаригийн дугаарт МУГЖ Т.Карматай хийсэн “Бичлэгийг нягталж сонсвол цөхрөнгөө барсан багш хүний дүр л харагдана” ярилцлага хэвлэгдлээ.

Эдгээр болон бусад цаг үеийн мэдээ мэдээлэл, ярилцлагуудыг “Өдрийн сонин”-ы даваа гаригийн дугаараас уншаарай.

Эрхэм уншигч та, манай сонины өнөөдрийн дугаарыг “Монгол шуудан” компанийн нийслэл Улаанбаатар дахь 35 салбар, “Түгээмэл” шуудан, “Улаанбаатар”, “Скай” шуудангийн салбаруудаас очиж авч болох ба сонин борлуулах бүхий л цэгүүд, Хэвлэлийн биржээс худалдан авах боломжтой юм. Мөн “Мөнгөн завъяа” дахь сонин борлуулах цэг, Сансрын үйлчилгээний төв дэх сонин борлуулах цэг, Хан-Уул дүүргийн 19 дүгээр хорооллын үйлчилгээний төвд байрлах сонин борлуулах цэг, Саппорогийн “Миний дэлгүүр” дэх сонин борлуулах гол гол цэгүүдээс худалдах авч болохыг дуулгая. “Өдрийн сонин”-ы өөрийн байранд ирж худалдан авч бас болно.

“Өдрийн сонин”-той холбоотой бүхий л мэдээллийг Мэдээлэх эрхийн утас 19001987-гоос лавлаж болох ба захиалга өгөхийг хүсвэл 9911-2954, 8811-1375 дугаарт холбогдоно уу. Хэрэв цахим хэлбэрээр нь захиалахыг хүсвэл 88071920 дугаарт холбогдож дэлгэрэнгүй мэдээллийг лавлаарай.

“ӨДРИЙН СОНИН” ӨГЛӨӨ БҮХЭН ТАНТАЙ ХАМТ

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *