Ерөнхий сайд Ч.Сайханбилэг УИХ-ын Чуулганы нэгдсэн хуралдаанд Монгол
Улсын Засгийн газраас 2015 онд эрчим хүчний салбарт авч хэрэгжүүлсэн
арга хэмжээ, түүний үр дүнгийн талаар танилцуулга хийлээ.
Тэрээр “найдвартай, чанартай бөгөөд
боломжийн үнэтэй эрчим хүчээр айл өрх, хувийн хэвшлийг хангах зорилгоор
Засгийн газраас зургаан чиглэлээр цогц арга хэмжээг авч хэрэгжүүлж
байгаа” гэлээ. Тухайлбал, Эрчим хүчний хэмнэлтийн тухай хуулийг
боловсруулсныг УИХ-аас 2015 онд баталсан. Энэ хуулийг хэрэгжүүлэх,
эрчим хүчний хэмнэлтийн тогтолцоог бий болгохын тулд эхний ээлжинд эрчим
хүчний хэрэглээний стандартыг сайжруулах, салбар бүрт тохирсон эрчим
хүчний стандартыг боловсруулах, нэвтрүүлэх ажлыг эхлүүллсэн байна. Мөн
2015 онд УИХ “Төрөөс эрчим хүчний талаар баримтлах бодлого”-ыг
баталсан. Бодлогыг урт болон дунд хугацааны зорилтот хөтөлбөрүүдээр
дамжин хэрэгжүүлж байгаа бөгөөд дунд хугацааны “Эрчим хүчний үндэсний
хөтөлбөр”-ийн төслийг боловсруулаад байна.
2015 оны урьдчилсан гүйцэтгэлээр эрчим хүчний салбар 5.6 тэрбум төгрөгийн ашигтай ажилласан байна.
Мөн шөнийн цагийн цахилгаан эрчим хүчний
үнийн хөнгөлөлтөд 120,000 орчим айл өрх хамрагдаж, 2015 оны 12 дугаар
сард шөнийн цагт хэрэглэсэн 17.8 сая кВт.ц /Арван долоон сая найман зуун мянган киловатт цаг/ цахилгаан эрчим хүчинд 1.4 тэрбум орчим төгрөгийн хөнгөлөлт үзүүлсэн байна.
Эрчим хүчний шинэ эх үүсвэрийг бий болгох “Багануурын 700/Мегаватт/--ын цахилгаан станц”, “Дулааны цахилгаан станц-5”, “Баруун бүсийн 60 /Мегаватт/--ын дулааны цахилгаан станц”, “Дорнод бүсийн 100 /Мегаватт/-ын дулааны цахилгаан станц”, “Бөөрөлжүүтийн цахилгаан станц”, “Тавантолгойн 450 /Мегаватт/-ын дулааны цахилгаан станц”- төслүүдийг хэрэгжүүлэх бэлтгэл ажил хийгдэж байна.
Түүнчлэн Засгийн газар “Эгийн голын усан цахилгаан станц”, “Эрдэнэтийн дулааны цахилгаан станцын хүчин чадлыг 35 /Мегаватт/-аар
нэмэгдүүлэх”, “Улаанбаатар-Мандалговийн 330 киловольтын 2 хэлхээт
цахилгаан дамжуулах агаарын шугам, дэд станцыг барих” төслийн хөрөнгө
оруулалтыг БНХАУ-ын Засгийн газрын хөнгөлөлттэй зээлийн эх үүсвэрээр,
Архангай, Баянхонгор, Говь-Алтай, Говьсүмбэр, Дундговь, Завхан,
Өвөрхангай, Хэнтий, Төв аймгийн төвүүдэд дулааны эх үүсвэр, дулааны
шугам барих төслийг БНСУ-ын хөнгөлөлттэй зээлээр хэрэгжүүлэхээр
шийдвэрлээд байгаа гэлээ.
Эрчим хүчний салбарын хэмжээнд үйл
ажиллагааны нийт зардлыг 8.5 тэрбум төгрөгөөр хэмнэсэн байна. ОХУ болон
БНХАУ-аас өндөр үнэтэй худалдан авдаг эрчим хүчний импортын хэмжээг
бууруулж, дотоодын үйлдвэрлэгч нараа дэмжиж ажилласны үр дүнд эрчим
хүчний импортыг 120.0 гаруй сая киловатт цагаар буюу 18.0 тэрбум
төгрөгөөр бууруулжээ.
2015 онд Монгол Улсын эрчим хүчний нэгдсэн систем нийт 7,288.488 /Долоон тэрбум хоёр зуун наян найман сая дөрвөн зуун наян найман мянган киловатт цаг/ цахилгаан эрчим хүч боловсруулахаар төлөвлөснөөс хүлээгдэж буй гүйцэтгэлээр 7045.167 /Долоон тэрбум дөчин таван сая нэг зуун жаран долоон мянган киловатт цаг/–ийг боловсруулах тооцоотой байна.
Эрчим хүчний нэгдсэн системийн хэмжээнд нийт 1,436.7 /нэг тэрбум дөрвөн зуун гучин зургаан сая долоон зуун мянган киловатт цаг/ цахилгаан эрчим хүч импортоор худалдан авсны 78 хувийг БНХАУ-аас, 22 хувийг ОХУ-аас тус тус импортлосон байна.
Эрчим хүчний үнэ тарифт зохих зохицуулалтуудыг хийснээр сүүлийн 10 жилд анх удаа Эрчим хүчний салбар санхүүгийн алдагдалгүй ажилласан гэдгийг онцоллоо.
Үнэ, тарифын зохицуулалтуудын үр дүнд
2015 оны урьдчилсан гүйцэтгэлээр төвийн бүсийн 5 дулааны цахилгаан станц
2.8 тэрбум төгрөгийн ашигтай ажилласан ба мөн дүнгээр нүүрсний уурхайн
өр төлбөрийг барагдуулсан.
2015-2016 онд хувьчлах, өөрчлөн
байгуулах төрийн өмчит болон төрийн өмчийн оролцоотой хуулийн этгээдийн
жагсаалтын дагуу Засгийн газар дулааны хоёр, гурав, дөрөвдүгээр
цахилгаан станц болон Дархан, Эрдэнэтийн дулааны цахилгаан станцын нийт
хувьцаанд төрийн эзэмшил 70 хувь байх хэмжээнд нэмэлт хувьцаа гарган
Монголын хөрөнгийн биржээр арилжих, түүнээс орох орлогыг компанийн
техник, технологийг шинэчлэхэд ашиглах, Багануур, Шивээ-Овоогийн уурхайн
төрийн эзэмшлийн хувьцаа 51 хувь байх хэмжээнд нэмэлт хувьцаа гарган
Монголын хөрөнгийн биржээр арилжих замаар компанийн нүүрс олборлох хүчин
чадлыг нэмэгдүүлэх, техник, технологийг шинэчлэх төслийг хэрэгжүүлэхээр
шийдвэрлэсэн.
Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийн БНХАУ-д хийсэн Төрийн айлчлалын үеэр “Шивээ-Овоо”-ийн 4800 МВт /Мегаватт/-ын цахилгаан станц, цахилгаан дамжуулах агаарын шугамын төслийг хүчин чадлыг нь нэмэгдүүлэн 9240 /Мегаватт/
болгох техник эдийн засгийн үндэслэлийг хийж гүйцэтгэх санамж бичиг
болон БНХАУ-аас авах 1.0 тэрбум ам.долларын хөнгөлттэй зээлийн гэрээнд
гарын үсэг зурсан. Энэхүү хөнгөлттэй зээлийн хөрөнгийн 85 хувийг эрчим
хүчний салбарт Эгийн голын 315 /Мегаватт/-ын
усан цахилгаан станцын төсөл, Улаанбаатар-Мандалговийн цахилгаан
дамжуулах агаарын шугам төсөл, Эрдэнэтийн дулааны цахилгаан станцын 35 /Мегаватт/-ын өргөтгөл, шинэчлэлийн төслүүдэд зарцуулахаар Засгийн газар шийдвэрлээд байна.
Дэлхийн Уур амьсгалын хөрөнгө оруулалтын
сангийн “Бага орлоготой орнуудын сэргээгдэх эрчим хүчийг дэлгэрүүлэх
хөтөлбөр”-т Монгол Улс хамрагдаж, олон улсын байгууллагаас манай улсад
хэрэгжүүлэх төсөлд 30 сая ам.долларын буцалтгүй тусламж авахаар болсон.
Ерөнхий сайд Ч.Сайханбилэг “2015 онд
эрчим хүчний салбарын хувьд хууль, эрх зүйн орчноо боловсронгуй
болгосон, үнэ тарифын бодлогод шинэчлэл хийсэн, зах зээлийн зарчмаар
ажиллах, эрчим хүч импортлогч орноос экспортлогч орон болох зорилтыг
хэрэгжүүлэх эхлэлийг тавьсан жил боллоо. 2016 онд “Хүртээмжтэй эрчим хүч” гэсэн зорилгыг тавьж, бүтээн байгуулалтын МЕГА
төслүүдийн барилга угсралтын ажлыг эхлүүлэхээр төлөвлөж байна. Эрчим
хүчний салбар системийн бие даасан байдлыг хангах, томоохон хүчин чадлын
эх үүсвэрүүдийг барих ажлыг эхлүүлэх, эрчим хүчний импортын хараат
байдлаас гарах, эрчим хүчний нэгдсэн системийг бий болгох ажлыг эхлүүлэх
том зорилтыг тавин шинэ оны ажлаа эхлээд байна. Эрчим хүчний салбарын
өндөр насжилттай тоноглолуудыг орчин үеийн дэвшилтэт шинэ техник,
технологиор солих ажлыг үе шаттайгаар хийж, хүний хүчин зүйлсээс
хамаарах хамаарлыг бууруулах чиглэлийг барин ажиллах болно. Сүүлийн
3 жил хийсэн эрчим хүчний үнэ, тарифын бодлогын өөрчлөлт, зах зээлийн
зарчмаар ажиллахаар тавьсан эхлэлийг үргэлжлүүлэн цаашид эрчим хүчний
үнийг өөрийн өртөгт хүргэх, өрсөлдөөнийг бий болгохоор төлөвлөж байна”
гэсэн юм.
Ерөнхий сайдаас гишүүд сонирхсон асуултдаа хариулт авч байна.