Categories
мэдээ улс-төр

Ерөнхий сайд Ч.Сайханбилэг Шинзо Абэ нар Эдийн засгийн түншлэлийн тухай хэлэлцээрт гарын үсэг зурлаа

Монгол Улсын Ерөнхий сайд Ч.Сайханбилэг энэ сарын 9-11-ний өдрүүдэд Япон улсад ажлын айлчлал хийж байгаа билээ. Засгийн газрын тэргүүний анхны айлчлал Япон улс болж байна. Айлчлалын гол зорилго болох “Эдийн засгийн түншлэлийн тухай Монгол Улс, Япон Улс хоорондын хэлэлцээр”-т гарын үсэг зурах явдал байлаа.

Тэгвэл өчигдөр орой Монгол Улсын Ерөнхий сайд Ч.Сайханбилэг, Япон улсын Ерөнхий сайд Шинзо Абэ нар эдийн засгийн түншлэлийн хэлэлцээрт гарын үсэг зурлаа. Энэхүү гэрээг хийхийн тулд хоёр тал гурван жилийн турш ажилласан бөгөөд өчигдөр ийнхүү биелэлээ оллоо. Уг гэрээ нь Монгол Улсын хувьд анхных болж байгаа бол Япон улсын 15 дахь орон нь Монгол Улс боллоо. Япон улс өнгөрөгч онд Австрали улстай энэхүү гэрээг байгуулсан юм. Уг гэрээг соёрхон баталснаар гаалийн татвар, визийн хураамж гээд олон давуу нөхцөл бий болохоос гадна талуудын хүлээх үүргүүд ч ил болох юм. Гэрээнд гарын үсэг зурснаар Хөшигтийн хөндийд баригдаж байгаа нисэх онгоцны буудал барихад шаардлагатай 36.8 тэрбум иенийн нэмэлт зээлийн хэлэлцээр давхар баталгаажиж байна.

Энэ тухай Японы Ерөнхий сайд Ш.Абэ хамтарсан мэдэгдэл хийхдээ онцолсон бол Монгол Улсын Ерөнхий сайд Ч.Сайханбилэг “Хэлэл­цээрийг хоёр тал хамтран байгуулснаар худалдаа, хөрөнгө оруулалт, үйлчилгээ, бараа бүтээгдэхүүний урсгал, цаашдаа иргэд хоорондын харилцан солилцоог нэмэгдүүлэхээс гадна Монгол Улсыг бүс нутаг болон дэлхийн зах зээлтэй холбоход чухал ач холбогдолтой” хэмээн онцлон тэмдэглэлээ. Гэрээнд талууд гарын үсэг зурснаар ойрын үед гэрээг УИХ-аар соёрхон батлах талаар Ерөнхий сайд онцолсон юм.

Даваа гаригийн өдөр Японы олон улсын хамтын ажиллагааны банк (JBIC)-ны дэд Ерөнхийлөгч К.Яжиматай уулзалт хийв. Монгол Улсын ардчилал, шинэчлэлийг гүнзгийрүүлэх, орчин үеийн хөгжлийн суурийг тавихад Япон улсын зээл тусламж, онцгой үүрэг гүйцэтгэж ирснийг Монголын төр засаг, ард иргэд өндөр үнэлж, талархаж байдаг гэж Монгол Улсын Ерөнхий сайд Ч.Сайханбилэг хэллээ.

Монгол, Японы эдийн засгийн харилцаа, хамтын ажиллагаа манай улсад зээл тусламж хэлбэрээр нэг урсгалтай явж ирсэн. Цаашид худалдаа, хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлж, харилцан ашигтай хамтын ажиллагаа бүрдүүлэх сонирхолтой байна. Энэ шинэ шатны хамтын ажиллагаанд хоёр орны хувийн хэвшлийнхний идэвхтэй оролцоо нэн чухал. Үүнийг бүрдүүлэхэд JBIC-ийн оролцоо, дэмжлэг онцгой ач холбогдолтойг цохон тэмдэглэлээ. Ерөнхий сайд 300 хүртэл сая ам.долларын зээлийн шугам нээх хүсэлтийг Ерөнхий сайд уулзалтын үеэр тавьж, энэхүү боломжийг судлан үзэхийг хүслээ.

Мөн Ерөнхий сайд Ч.Сай­хан­билэг Монгол, Японы бизнес эрхлэгчдийн уулзалтад оролцож үг хэлсэн байна. Японы бараа бүтээгдэхүүнийг гадаадад таниулах, гадаад орнуудаас Японы хэрэглэгчдэд шаардлагатай импортын бүтээгдэхүүнийг судлах, тэдгээр бараа материалыг үзэсгэлэн яармаг хэлбэрээр сурталчлах, бизнесийн төлөөлөгчдийг хүлээн авах зэрэг үйл ажиллагаа явуулдаг Японы Гадаад худалдааг дэмжих байгууллага (ЖЕТРО) тус улс дахь Монголын Элчин сайдын яамтай хамтран бизнес эрхлэгчдийн ажил хэрэгч уулзалт зохион байгууллаа. Энэхүү арга хэмжээнд 150 хүн оролцохоор бүртгүүлсэн ч 200 гаруй бизнес эрхлэгч оролцов. Ерөнхий сайд “Монгол Улсын Засгийн газар улс төр болон бизнесийн тогтвортой байдлыг хангахын төлөө ажиллаж байна.

Сүмитомо корпорацийн ерөнхийлөгч К.Накамура өчиг­дөр Монгол Улсын Ерөнхий сайдад бараалхлаа. Монголын үүрэн холбооны хэрэглэгчдэд үзүүлэх үйлчилгээгээ улам дээшлүүлэх саналтай байна, иймд тусгай зөвшөөрлийн асуудлыг хурдан шийдэж өгөхөд дэмжлэг үзүүлэхийг ноён К.Накамура Ерөнхий сайдаас хүслээ.

Түүний дараа Японы Парламентын Зөвлөхүүдийн танхимын дарга М.Ямазакиг хүлээн авч уулзсан байна гэж Засгийн газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах албанаас мэдээллээ.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *