“Өргүй бол баян өвчингүй бол жаргал” хэмээх ардын маань онч мэргэн үг хоосон лоозон биш ажил амьдралын чиг зүгийг заасан луужин гэлтэй. Эндээс ургуулан бодоход бид чинь Монгол эх орон, ард олныхоо төлөө, бие сэтгэлээ зориулж явсан ахмад дээдсийнхээ үг сургаал, үйл ажиллагаанаас хэрхэн суралцаж байгаа билээ гэсэн бодол өөрийн эрхгүй төрөх юм. Энэ л бидэнд дутагдаад байх шиг “Ахмадын сургаал алт” гэдэг хоосон үг биш. Хоол тэжээлээс илүү үнэтэй. Нэн ялангуяа залуу үе маань ой тойндоо хүртэл ухаарч, ажиллах нь чухал мэт. Энэ тухай Монгол Улсын Ерөнхий сайд асан Шаравын Гунгаадоржийн ярьсныг хүргэе.
-Хүн болж төрсний утга учир юу вэ?
-Хүн адгууснаас ялгаатай нь дээд зэргийн оюун сэтгэхүйтэйд оршино. Гагцхүү хүмүүнд заяасан энэ онцгой чанар бол ухаан сэтгэхүйн илрэл нь харилцан адилгүй байдгаас амьдралын зорилго нь ч, түүний үр дүн нь ч өөр өөр байдаг бололтой. Энэ ч аргагүй байх. Бүх хүмүүсийн амьдралын зорилго нэгэн хэвээр цутгасан мэт байвал, амьдрал ямар ч сонирхолгүй, царцанги байх биз. Миний хувьд хүн болж төрсөн энэ завшаантай хувь заяаг амьдралын бүх мөчид туйлын идэвхтэй байж орчиндоо, нийгэмдээ, үр ашигтай зүйлийг хийж, бүтээх, амьдралын эцсийн мөч хүртэл сурах, сурч мэдсэнээ шингээж, хөрвүүлэх чадвартай байхыг зорьдог. Энэ зорилгодоо ямар нэг хэмжээгээр хүрч яваа гэж боддог. Хүмүүний амьдралын зорилго хязгааргүй ундарч байдаг бололтой. Харамсалтай нь тэр ундаргыг тэжээж байх, хүний нас даанч ахар юм. Гэхдээ хүн ганц өөрийнхөө төлөө зорилго тавьж амьдардаггүй учраас таны зорилго нийтлэг, өөдрөг, ирээдүйтэй байх аваас дараа дараагийн үе уламжлан тунгааж, өртөөлөн авах биз ээ. Залуу үедээ захихад “Та бүгд байнгын халуун эрмэлзэл, зорилготой амьдарч түүнээ царцааж хөргөлгүй, үргэлжийн хөрвөлт хөдөлгөөнд байлга. Амьдралын утга учир үүнд оршино”.
-Аз жаргалтай амьдрал чухам юу вэ?
-Хүн бүр аз жаргалтай сайхан амьдрахыг хүсдэг. Гагцхүү энэ хүслийн амьд илрэл нь янз бүр байдаг бололтой. Аз жаргал сайхан амдарна гэдэг нь ухагдахуун бөгөөд, нэг юмны хоёр тал. Бие биенээ тодотгосон ойлголт. Өөрөөр хэлбэл, сайхан амьдрал үгүйгээр аз жаргал үгүй. Аз жаргал үгүйгээр сайхан амьдрал гэж үгүй. Миний ойлголтоор сайхан амьдарна гэдэг нь дутах гутах, юмгүй амар тайван, эрүүл саруул, эрдэм мэдлэгтэй, эв найрамдалтай, өрх гэртээ ч өнөр олон, нийгэмдээ ч ашигтай, хэрэгтэйг бүтээхийн төлөө, байнгын эрмэлзэл тэмүүлэлтэй, өөдрөг сэтгэлтэй амьдрахыг хэлнэ байх. Аз жаргал сайхан амьдрал тэнгэрээс унахгүй, газраас ургахгүй, хоосон мөрөөдлөөр бий болохгүй. Гагцхүү хүн та өөрийгөө хэрхэн зөв жолоодохоос шалтгаална.
-Үндэсний бахархал гэж таныхаар…?
-Эзэн Чингисийн маань төв Азийн цээжинд он шавийг тавьж байгуулан, өвлүүлж үлдээсэн Монгол эх орон бол монголчуудын үндэсний бахархал, бас бардамнал байх учиртай. Монгол эх орон хөгжин цэцэглэх, эсвэл зэврэн доройтох нь монголчууд та биднээс шалтгаална. Монгол Улсаа гэсэн нэгэн үзүүрт сэтгэл хөтлөгдөн эрдэм мэдлэг, хүсэл тэмүүллээ нэгэн зорилгод чин сэтгэлээс хандуулж чадваас эх орны маань хөгжлийн гал цог ямагт асан дүрэлзэж байх учиртай. Гэвч одоо… (?) “Сиймхий ч гэсэн гэр чинь Сэгсгэр ч гэсэн ээж минь” гэсэн орой руу орсон онч мэргэн үгийг цаг ямагт санаж явцгаая.
-Эх оронч гэж хэнийг хэлэх вэ?
-Миний ойлгож байгаагаар эх оронч үзэл, үндэсний бахархал, гэдэг нэг зоосны хоёр тал юм. Эх орноо үнэн голоосоо хайрлах үзэл, бодол хүний зүрх сэтгэл шингэж, тогтвортой оршсон нөхцөлд үндэсний бахархал аяндаа бий болно. Эх орноо хайрлах, өнгөтэй өөдтэй байлгах үзэл бодол, эрмэлзэл, тэмүүллийг өлгийтэй хүүхдээс эхлээд, өтгөс буурал хүртэл бүх хүний сэтгэхүйд суулгаж төлөвшүүлэх нь чухал. Ийм учраас эх оронч үзэл, үндэсний бахархлыг төлөвшүүлэх асуудлыг цэцэрлэгээс эхлээд бүх шатны сургалтын хөтөлбөрт оруулж хэрэгжүүлэх нь нэн чухал байна. Эх нутаг, улс орныхоо бүрэн бүтэн байдлын төлөө амь насаа золиослон тэмцэж явсан үе үеийн эх орончдыг баатарлаг үйлсээс суралцах нь цаг үе улирах тутам улам үнэ цэнэтэй болохыг анхааръя. Эх оронч үзлийн нэг илрэл нь ялангуяа өнөөгийн шинэ нийгмийн үед хоног бүр улс орныхоо хөгжилд чадал боломжийнхоо хэрээр оролцож, хувь нэмрээ оруулж байгаагаар илрэх учиртай.
-Ахмадаа сонсож хүндлэх уламжлал…?
-Ахмадаа хүндэлж, бас үнэтэй сургаалыг нь хэрэгжүүлж ирсэн сайхан уламжлалыг сэргээж, ахмад залуу үеийн холбоог, орчин цагийн эрэлт хэрэгцээнд нийлүүлэн ажил хэрэг болгож бэхжүүлэх нь чухал байх шиг. Энэ нь төрийн түвшинд ч, түмэн олны хувьд ч нэгэн адил үзэж, хэвшүүлж төлөвшүүлэх ёстой юм болов уу? “Ах нь сургаж дүү нь сонсдог” гэсэн сургаал зөв боловч орчин цагт хэт нэг талыг барьсан дарангуйлсан шинжтэй учраас арай уяруулж харилцан сонсдог байх. Тэгэхдээ оймс илүү элээсний хувьд ахмад нь арай давуу эрхтэйгээр ахмад залуу үеийн холбоог нягтруулж төлөвшүүлэх нь зүйтэй юм шиг. Монголчууд дээр үеэс байгаль дэлхийгээ шүтэж, хайрлаж, халамжилж ирсэн сайхан уламжлалыг сэргээх. Харьцангуй унаган төрхөөрөө байгаа тансаг сайхан байгалиас хайрлах, хамгаалах сэтгэлийг иргэн бүрт төлөвшүүлэх, эндээс нөгөө “Эх оронч үзэл, үндэсний бахархал” жинхэнэ утгаараа илэрнэ шүү дээ.
-Улсын хөгжлийн үндсэн суурь юу вэ?
-Монгол Улсын хөгжлийн үндсэн суурь нь 3 сая хүнээ бүх талаар хөгжүүлэх, тодорхой түвшинд боловсрол, мэргэжил эзэмшүүлэх, эрүүл энх байлгахад чиглэсэн бодлого нэгдүгээрт тавигдах учиртай. Эрүүл боловсролтой иргэдтэй, төр нь тэдэндээ түшиглэсэн бодлого явуулдаг улс орон хөгжилд хүрнэ. Улс орны хөгжил, өрх гэрээс эхтэй. Төр хөгжлийн бодлогыг “Жижиг чулуугаар том чулуу хөдөлгөдөг” сургалтад тулгуурлаж явуулбал үр дүнд хүрнэ. Эзэн Чингисийн “Биеэ засаад, гэрээ зас. Гэрээ засаад төрөө зас” гэж айлдсан сургаал чинь чухамдаа “Хүнээсээ, айл гэрээсээ” хөгжлийн бодлогыг эхэл гэсэн үг биш үү. Ихэс дээдсийн сургаалыг хий цээжлэх бус, үг бүрийг ухаж ойлгоод, амьдралд буулгах учиртай юм даа.
-Эв нэгдлийн тухай таны ойлголт?
-“Эвтэй байхдаа хүчтэй” гэдгийг буурал түүх бидэнд бэлхнээ хэлж сургаад байгаа. Энэ үгийг төрийн томчуудаас аваад толгойтой бүхэн амны уншлага болгон хэлдэг. Гэтэл 1990 оноос хойш гучаад жилийн хугацаанд улс орныхоо сайн сайхны төлөө байнга эвтэй найртай байж чадав уу? Эвтэй байна гэдэг найрч үгсэн хуйвалдахын нэр биш. “Дээрээ суудлаа олохгүй бол доороо гүйдлээ олохгүй” гэсэн мэргэн сургаалын жинхэнэ илрэл өнөөдөр Монголд хэлбэр агуулгын аль ч утгаараа тод харагдаж байгаа нь хөдөлшгүй үнэн. Ийм нөхцөлд үндэсний эв нэгдэл гэдэг хоосон лоозон болно. Ганцхан жишээ хэлэхэд, дэлхийд нэр зартай ашигт малтмалын орд газруудаа хэрэгтэй үед ашиглах асуудлыг шийдэж чадахгүй, улс төрийн амбиц хөтлөгдөн, хэрэлдэж маргалдан, жагсаал цуглаан болж, үймэж шуугьсаар байгаад өнөөдөр түүнийхээ горыг яаж амсаж байна вэ? Энэ бол үндэсний эв нэгдэл гэж аман дээрээ хэлдэг ч ачир дээрээ арван зүг рүүгээ зөрөөд суучихдагийн тод жишээ. Учир иймд эв нэгдэлтэй байх үзэл санаа эхлээд иргэдэд биш, засаг төрийн дээд түвшин, дээдчүүдийг тархи толгойд гүнзгий суулгаж төлөвшүүлэх нь чухал. Ингэж байж үндэсний эв нэгдэл, ард иргэдийг төлөвшүүлж чадна. Сайхан бүхний эх үндэс эндээс тавигдана.
-Чин эрмэлзэл, тэмүүллийн тухай таны ойлголт?
-Хүн бүр өсөж төрсөн өлгий нутаг Монгол эх орноо цаг үргэлж хайрлан хамгаалж, түүний сайн сайхан хөгжил, цэцэглэлтэд нэмэр хандиваа байнга оруулж байдаг, байнгын эрмэлзэл, тэмүүлэл эрхэм зорилготой байх учиртай. Энэ бүхнээ үр хүүхэд, ач гуч, зээ нартаа үе дамжуулан уламжлан үлдээх. Хүний амьдралын ахархан хугацааны нэг ч мөчийг үргүй дэмий бүү өнгөрөө. Тогтмол сурч хөдөлмөрлөж, өөрийгөө байнга ачаалалтай байлга. Зав гарахгүй байна. Ажил олдохгүй байна гэдэг огт худлаа. Амьдарч буй хугацаандаа дэмий үргүй өнгөрүүлсэн цагаа эргээд нэг бод, тооц, Олон сар жилээр хэмжигдэнэ. Та өөрийгөө байнга дайчилж шахаж шаардвал 1 сая 500 мянган км.кв нутаг дээр ажил олдохгүй гэвэл түүн шиг худал юм байхгүй. Бод бод, дахин сайн бод. Өөрөө өөрийгөө байнга сайн дайчил. Бэлэн будаа бүү хүлээ. Төр засаг юу өгөх вэ гээд хэвтээд байвал та л хохирно. Урдахаа сайн хар, ухаанаа бүрэн шавх.
Б.БАТ