Categories
мэдээ нийгэм

Ерөнхий сайд асан Ш.Гунгаадорж нарын дөрвөн хүнд “Хөдөлмөрийн баатар” цол хүртээлээ

Тулгар төрийн 2230 жил, Их Монгол Улс байгуулагдсаны 815 жил, Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 110 жил, Ардын хувьсгалын 100 жил, орчин цагийн худалдааны салбар үүсэж хөгжсөний 100 жилийн ойг тохиолдуулан Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх зарлиг гарган төрийн дээд шагнал, одон, медалиар шагнаж байна.

Тухайлбал, өнөөдөр

  • Монгол Улсын хөдөө аж ахуйн салбарын бодлого төлөвлөлтийг боловсруулахад 60 гаруй жил тасралтгүй хичээл зүтгэл, идэвх санаачилгатай ажиллаж, газар тариалан бие даасан салбар болж хөгжихөөс эхлээд Атрын III аяныг манлайлан хэрэгжүүлж, залуу боловсон хүчнийг бэлтгэн дадлагажуулахад зориулсан хөдөлмөр зүтгэлийг үнэлэн Ерөнхий сайд асан, Төр нийгмийн нэрт зүтгэлтэн, Монголын гурил үйлдвэрлэгчдийн холбооны тэргүүн Ш.Гунгаадорж,
  • Хүнсний аж үйлдвэрлэл, сүүний салбарын хөгжил, эрдэм шинжилгээний ажилд оюун ухаан, эрдэм мэдлэгээ зориулж салбарын өнөөгийн хөгжил, ирээдүйн чиг хандлагыг тодорхойлох бодлого боловсруулахад оруулсан нөр их хөдөлмөрийг нь үнэлэн Монгол Улсын зөвлөх инженер Техникийн шинжлэх ухааны доктор, профессор Л.Дамдинсүрэн,
  • Монголын уламжлалт бэлчээрийн мал ах ахуйг хөгжүүлэхийн зэрэгцээ уламжлалт ахуй соёлоо хадгалан хамгаалах, үр хойчдоо өвлүүлэн үлдээх хүндтэй үүрэгт амьдралынхаа 46 жилийг зориулсан хичээл зүтгэлийг нь үнэлж Архангай аймгийн Ихтамир сумын малчин, Хөдөө аж ахуйн ухааны академийн гишүүн, академич Ц.Доржсүрэн,
  • Монгол оронд усалгаатай газар тариалан хөгжүүлэх шинэ техник технологи нэвтрүүлж ургацын хэмжээг тогтмол өндөр түвшинд хадгалж байгаа хичээл зүтгэл, газар тариалангийн салбарт үзүүлж буй бодитой хувь нэмрийг үнэлж, салбартаа 44 жил ажиллаж буй Сэлэнгэ аймгийн Ерөө сумын “Арвин хур” ХХК-ийн Ерөнхий захирал Ч.Чадраабал нарт Монгол Улсын Хөдөлмөрийн Баатар цол хүртээлээ.

No description available.

No description available.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *