АТГ-аас Ерөнхий сайд асан С.Баярыг саатуулсан тухай мэдээллийг эх сурвалжууд мэдээллээ. Тус газраас албан ёсны мэдээлэл хараахан өгөөгүй байна. III сарын 12-ны өдөр Ерөнхий сайд асан С.Баярыг АТГ-ын Мөрдөн шалгах хэлтсээс Засгийн газрын 2009 онд байгуулсан “Оюутолгой”-н хөрөнгө оруулалтын гэрээний зарим үүрэг биелэгдээгүй, гэрээ байгуулахад тодорхой албан тушаалтнууд эрх мэдлээ урвуулан ашигласан байж болзошгүй зэрэг асуудлаар дуудан байцаалт авсан. Тухайн үед С.Баярыг “Оюутолгой”-н хөрөнгө оруулалтын гэрээ, “Эрдэнэт” үйлдвэрийн 51 хувийг барьцаалж, Өмнөд Африкийн “Стандарт” банкнаас зээл авсан хэрэгт буруутгагдаж буй Ш.Батхүүтэй холбоотой эсэх асуудлаар байцаалт авсан тухай мэдээлж байсан юм. IV сарын 1-ний өдөр Сангийн сайд асан С.Баярцогт, Татварын Ерөнхий газрын дарга асан Б.Ариунсан, “Эрдэнэс Монгол” -ын Гүйцэтгэх захирал асан Б.Бямбасайхан нарыг сэжигтнээр татан баривчилсан. Тэднийг Оюутолгойн гэрээ болон эрх зүйн баримт бичгүүдийг батлахдаа эрх мэдэл, албан тушаалаа урвуулан ашиглаж, хууль бус шийдвэрээр бусдад давуу байдал олгосон байж болзошгүй гэх хэрэгт шалгаж буй юм.
Categories