Categories
мэдээ онцлох-нийтлэл туслах-ангилал улс-төр

Ерөнхий сайд асан Р.Амаржаргал: Үндэсний лидерээ гаргаад ирэх нийгмийн оюунлаг хэсэг хараахан бүрэлдээгүй байна

Түрүүч нь №186(6808) дугаарт


Монгол Улсын Ерөнхий сайд асан Р.Амаржаргалтай ярилцлаа.


-Ганц том төслийг эс тооцвол гадаадын хөрөнгө оруулалт бараг тасарчихлаа л даа. Монголын төр засаг гадаадын хөрөнгө оруулалтыг дэмжих бодлого явуулж чадаж байна уу?

-Бизнесүүд зогсчихоод уйлан дуугараад байгаа нь нэг л шалтгаантай. Том, жижиг аль ч бизнесийнхэн бүгд урд хөршид мөнгө өгдөг нэг нэг сайн ахтай. Цар тахлаас болж өнөө мөнгө нь зогсчихоор хэцүүдсэн хэрэг. Бид үүнийгээ хөрөнгө оруулалт гэж ойлгоод байдаг. Угтаа энэ бол хөрөнгө оруулалт биш. Хөрөнгө оруулалт гэдэг эцсийн дүндээ технологийн асуудал. Гадаадын хөрөнгө оруулалтаар дамжуулаад шинэ технологи оруулж ирэх, технологийн шийдлүүдийг олох, үйлдвэрлэлийн шинэ соёл, үйлдвэрлэл дагасан ахуйн соёлыг бий болгох, ноу хауг оруулж ирэх учиртай. Гадаадын хөрөнгө оруулалт гэдэг бол ийм олон талтай багц асуудал. Гэтэл бид хөрөнгө оруулалтыг огт өөрөөр хардаг. Гадаадын хөрөнгө оруулалт орж ирсэн төсөлд бараагаа шахаж мөнгөжье гэсэн сэтгэлгээгээр ханддаг. Барааг нь авахгүй гэвэл шантаажилна. Адаглаад л ариун цэврийн байцаагч явуулж дарамтална. Шуудхан хэлэхэд “Би дарга, гадаадын хөрөнгө оруулалт бол миний баяжих боломж” гэж харж, сэтгэж байгаа хүмүүс гадны хөрөнгө оруулалтыг дэмжинэ тусална, хамгаалдаг юм бий болгоно гэж мянга яриад нэмэргүй. Гадаадын хөрөнгө оруулалтыг арай ондоо өнцгөөр хардаг үе гараад ирсний дараа л байдал өөрчлөгдөх байх.

-Ерөнхий сайд асан М.Энхсайхан, С.Баяр гэх мэт учир мэдэх хүмүүс гуравдагч хөршийн хөрөнгө оруулалтыг тусгаар тогтнолын баталгаа гэж тодотгодог. Гэтэл бид энэ өнцгөөс нь хандаж чадахгүй яваад байх шигээ…?

-Гадаадын хөрөнгө оруулалттай холбоотой асуудлыг бид төрийн бодлогын хэмжээнд авч үзэхдээ эдийн засгийн тусгаар тогтнолыг яаж хангах ёстой юм, Монголын эдийн засгийн аюулгүй байдал, тусгаар тогтнолыг хангах механизм гэдэг өнцгөөс нь харах уу үгүй юү гэх мэт асуултуудыг өөрсдөдөө тавих ёстой. Хэрвээ энэ өнцгөөс нь харах юм бол бид ямар үнийг хүлээн зөвшөөрөхөд бэлэн юм, ямар үнийг хүлээн зөвшөөрч болохгүй вэ гэдгээ төрийн бодлогынхоо хэмжээнд зөв томьёолж зөв ойлгосон байх учиртай. Магадгүй зарим нэг юман дээр бид буулт хийх хэрэгтэй байх. Товчхондоо гадаадын хөрөнгө оруулалт гэдгийг дэндүү явцуугаар ойлгож хандаад байвал өөр хүний аманд орох, өөр хүний тоглоом болох эрсдэл бий. Зах зухаасаа ч мэдрэгдэж байгаа.

-Жишээ нь юун дээр мэдрэгдэж байгаа гэж?

-Төмөр зам дээр гэхэд л явсаар байгаад хүний тоглоом болоод л дууссан. Эдийн засгийн тусгаар тогтнол, аюулгүй байдал гэж юу юм, ямар салбарт онцгой анхаарах ёстой вэ, зангилаа нь юу билээ гэдгийг бүрэн гүйцэд харж чадахгүй байна. Дахиад хэлэхэд, хаана нь өгөөд хаана нь хожих вэ гэдгээ бодох ёстой юм, уг нь. Жижиг чулуугаар том чулуу хөдөлгөх гэж ярьдаг даа. Манай төрийг өмнө нь удирдаж байсан мундаг хүмүүс бүх юмны уялдааг олж харчихаад хөдөлдөг байсан. Зүй нь манай төрийн удирдлагууд Афганистанд өрнөж буй явдал, Гвинейн төрийн эргэлт, Байдены янз байдал, Австрали Англи Америкийн байгуулсан шинэ цэргийн холбоо, тэр холбоонд хандах Франц, ОХУ, Хятадын хариу байр суурь гэх мэтийг уялдуулж харчихаад төрийн бодлогоо явуулах учиртай. Харамсалтай нь тэгж харах чадвартай хүн УИХ-д, гүйцэтгэх засаглалд, ер алинд нь ч алга. Төсвөөс өөрсдийнхөө хамааралтай төсөл дээр яаж санхүүжилт авах вэ гэдэгт л анхаарч байна. Хойд хөрш манай хажуугаар нүүрсээ урд зах зээл рүү нийлүүлэх гайхамшигтай сайхан дэд бүтцийг бий болгочихлоо. Гэтэл бид эндээ ухаантай царайлаад, нэгнээ шоронд хийсэн шигээ л сууж байна.

-Нэгнээ шоронд хийх гэснээс гучаад оны хэлмэгдүүлэлт давтагдлаа л даа, сая. Хэлмэгдүүлэлт ингэсхийгээд зогсох болов уу, эсвэл дахиад үргэлжлэх процес уу?

-Гучаад оноос өмнө ч аймшигтай түүхүүд байсан.1920-иод оны сүүлээр алтан ургийнхныг шууд утгаар нь бүгдийг нь устгасан. Дараа нь гучаад оны хэлмэгдүүлэлт, залгаад сэхээтний төөрөгдөл гээд өчнөөн хүнийг хэлмэгдүүлсэн. Ийм давлагаалсан хүйс тэмтрэх үйл ажиллагааны үр дүнд Монгол төрийн ой санамж устсан. Хамгийн шилдгүүдийг нь барьж авч устгаж, монголчуудыг монголчуудаар нь хядуулчихаад, ямар ч ой санамжгүй болсных нь дараа, цэвэр цаасан дээр социалист коммунист идеалогио суулгаж өгсөн. Одоо тийм сэтгэхүйтэй хүмүүс л тэр дээр байна. Хэлмэгдүүлэлт одоо ч үргэлжилж байгаа. Гэхдээ ганцхан манайд явагдаж байгаа процесс биш. Дэлхий даяар улс төрийн үйл ажиллагаа улам бүр популист шинжтэй болоод байгаа. Популизм гэдэг чинь эцсийн дүндээ эрх мэдэлтэйгээ үлдэхийн төлөө л хийж байгаа зүйл. Би л Ерөнхийлөгч, Ерөнхий сайдаараа байвал бусад нь хамаагүй гэсэн хандлагын илрэл. Эрх мэдлээ хадгалж үлдэхийн төлөө тэмцэгчдийн хувьд ард иргэдээ харанхуй байлгах, нийгэм дэх гэгээлэг хэсгүүдээ нухчин дарах, иргэдийнхээ тархийг тасралтгүй угаах, тэтгүүлэх сэтгэлгээг дээд цэгт нь хүргэхийг л бодож, тэр зорилгынхоо төлөө ажилладаг. Нэг санаа зовоосон хандлага байна. Төрийн албанд ажилладаг хүмүүсийн тодорхой хэсэг нь гэртээ цалингаа аваад суух байдалд бүр амташчихсан, хэзээ карантин тогтоох бол гэсэн өнгө янз анзаарагдах боллоо. Гэтэл нөгөө талд хувийн хэвшлийнхэн хөдөлж хөлсөө урсгахгүй бол ямар ч орлогогүй таг суучихаж байна. Баялаг бүтээдэг хэсгийнхний хувьд хөл хорио бол маш том эрсдэл.

-Хэлмэгдүүлэлт одоо ч үргэлжилж байгаа гэсэн үгийг та дахиад өчнөөн улс төрийн хоригдлуудтай болно гэдэг утгаар хэлэв үү?

-Хэлмэгдүүлэлт тасралтгүй явагдаж байгаа. Улс төрийн хүрээнд, эдийн засгийн хүрээнд дээд зэргээр явагдаж байна.

-Эдийн засгийн хүрээнд ээ?

-Компаниудыг хэрхэн ялгаварлан гадуурхаж байгаагаас харчихаж болно. Заримыг нь яаж босгож, заримыг нь яаж нурааж явааг та ч анзаарч байгаа байх. Хэлбэр нь л өөр болчихсон. Өмнө нь алдаг хяддаг, цөлдөг, хүйс тэмтэрдэг байсан бол одоо хуулиар хэлмэгдүүлдэг болсон. Хууль гаргаад хэлмэгдүүлж байна. Товчхондоо хэлмэгдлийн үйл ажиллагааг соёлтой болгодог институциуд нь байна. Шүүх, прокурор, АТГ гэх мэт. Үнэн хэрэгтээ хөгжлийн өнөөгийн шатанд бизнестээ яаж хандах ёстой юм, бизнесүүд маань ямар байгаа билээ гэсэн өнцгөөс харах учиртай.

-АН эргэж сэргэх болов уу гэсэн асуулт олон хүнд байна. Та энэ асуултад ямар хариу өгөх вэ?

-АН асуудал биш л дээ. МАН ч хүчтэй байх ёстой. Бусад улс төрийн намууд нийгмийн захиалгаа мэдрээд зөв мессэжээ хүргээд явдаг бол гайхамшигтай сайхан л байна. Харамсалтай нь улс төрийн намууд институцийнхээ хувьд бүрэн төлөвшөөгүй байна. Улс төрийн нам гэдгийг эрх мэдэл, албан тушаалд хүрэх шат гэж хардаг болчихсон. Намуудын тухайд ерээд онд арай гэгээлэг байсан бол сүүлийн хориод жил эрх ашиг хөөдөг хүмүүсийн тоглоомын талбар, ашигладаг хэрэгсэл нь болоод хувирчихсан. Хулгайлсан мөнгөө яаж нууж хаах вэ гэсэн бодолтой хүмүүсээр дүүрчихсэн. Тэр хүмүүс өнөөдөр улс төрийн намууд доторх уур амьсгалыг тодорхойлж байгаа. Бүр сүүлдээ УИХ нь хүртэл шоронгоос зугтдаг хүмүүсийн орогнодог газар болчихсон нь нууж хаагаад байх асуудал биш. Засгийн газар ч ялгаагүй, Ерөнхийлөгчийн суудал ч гэсэн УИХ, Засгийн газартайгаа агаар нэг болчихсон.

-Ерөнхий сайдын янз байдлыг харахаар ядаж л зөвлөхөөрөө учир мэдэх улсыг аваад ажиллуулчихаасай гэж бодох юм…?

-Тэнэг хүн хажуудаа ухаантай хүн суулгана гэж байхгүй. Ухаантай хүн бол өөрсдөөсөө ухаалаг хүнийг дэргэдээ ажиллуулдаг нь хоёр гурван мянган жилийн түүхээр нотлогдсон зүйл.

-Та ярианыхаа эхэнд улс төр ярихгүй гэсэн болохоор улс төр чигийн халуун яриа ер нь өрнөсөнгүй. Гэхдээ асуух нэг зүйл байна. Танд сонгуульд нэр дэвшээч, улс төрд идэвхтэй оролцооч гэж хандвал ямар хариу өгөх вэ?

-Улс төрд орох орохгүйн тухайд хүний зан характер их нөлөөлдөг юм шиг. Жишээ нь, би хор найруулж явдаг хүн биш. Сураа ч үгүй. Сурах гэж оролдоод дийлээ ч үгүй. Миний ганц чадах юм бол санал болгох. Амаржаргал гэж нэг хувилбар байгаа шүү, авна уу авахгүй юу өөрсдөө мэд л гэнэ. Сая танд хэлсэн зан характераасаа болоод нам дотроо хүртэл гарч чадаагүй ердөө саяхны жишээ байна. Ерөнхийлөгчийн сонгууль гээд ярихад л миний хувьд гарцаагүй номер нэг кандитат байсан. Тэглээ гээд хор найруулж чадахгүй байгаа биз дээ. Ингээд харахаар ийм хүнээс юу ч хүлээж, хүсээд нэмэргүй байх. Гэхдээ асуудал Амаржаргалдаа байгаа юм биш л дээ. Маш том трансформаци 30 жилийн өмнө эхэлчихсэн. Дотооддоо хэдий чинээ их асуудал байна, гадны нөлөө төдий чинээ их орж ирдэг. Тэгээд тэр хагарч хугарсан орчин дээр нь тоглох орон зай хамаагүй илүү болдог юм байна. Ийм тохиолдолд “Эвтэй байхдаа хүчтэй” энэ тэр гэсэн уриа ажил болдог бол уг нь тийм ч хоосон үг биш. Үндэсний лидерээ гаргаад ирэх нийгмийн оюунлаг хэсэг хараахан бүрэлдээгүй байна. Хаа хүрч унаж байж ойлгох ёстой юм, мэдэхгүй.

-Ямар ч найдлага, гэгээ харагдахгүй байна гэж үү?

-Сая уг нь ковидод их найдаж байсан юм. Бизнесүүд, ард түмэн, сэхээтнүүд, төр засаг нь ойлгоод нэг цул болоод гарах боломж байгаа болов уу гэж бодсон ч тийм гэгээ харагдахгүй байна л даа.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *