Монгол Улсын Ерөнхий сайд асан Ч.Сайханбилэг www.saikhanbileg.com вэб хуудсаараа дамжуулж мэдэгдэл хийлээ. Түүний мэдэгдлийг бүрэн эхээр нь хүргэж байна.
Өөрийн чинь өмгөөлөгч “Таны хэрэг гэгч хамгаалахад хэцүү биш ээ. Гэхдээ та улс төрийн нөлөө, оролцоог нь хаагаад өгч чадах уу? Тэгэхгүй бол хуулийн хичнээн сайн үндэслэл гаргаад ч хий хоосон ажил болох гээд байна” гэдгийг сонсоход үнэхээр сэтгэл гонсоймоор. Хуульд захирагдах ёстой шүүгч, прокурорыг томилохдоо Ерөнхийлөгч өөртөө “Захирагд” гэж дарамтлаад, үгүй бол огцрох өргөдлөө огноогүй бичиж өгөхийг шаарддаг гэж Ерөнхий сайд нь ажлаа өгөхдөө мэдэгдсэнийг бодохоор үнэхээр сэтгэл өвдмөөр. Хууль зүйн сайд нь Ерөнхийлөгч албан өрөөндөө шүүгчдийг дуудаж, хэнд ямар ч зүйл ангиар хэдэн жилийн ял өгөхийг даалгадаг Ерөнхийлөгчтэй гэдгийг илчилснийг хараад үнэхээр уур хүрмээр. “Чамайг төрийн нэр ашиглан баривчилж байгаад шоронд хатааж, тэнд нь хувиараа ална аа” гэдэг заналхийллээ байж болох бүх сувгаар надад хүргэхээр оролдож байгаа Ерөнхийлөгчтэй гэж бодохоор үнэхээр дургүй, зэвүү зэрэг хүрмээр. Энэ бүхэн солонгос савангийн дуурь, эсвэл холливудын кино зохиолын дүрүүд биш ээ. Энэ бол бидний бодит байдал, өнөөдрийн дүр төрх. Холбогдох хэд хэдэн хууль байтугай Үндсэн хууль зөрчсөн Ерөнхийлөгчийн энэ үйлдлүүд гуравхан хоногийн сошиалын сэвэлт болоод мартагдах учиртай гэж үү? Энэ Ерөнхийлөгч “Монгол ялна” гэдэг боловч Монголоо ялагдуулаад дууслаа. Өөрөө 800 километр төмөр зам тавьж байгаа гэж хэлдэг ч хоёр зуун жаран долоохон километр яваад зогссон. Төмөр зам өнөөдөр ч дуусаагүй л байна. Өөр чиглэл барьсаар байна. Хятадад нүүрс нийлүүлэх Австралийн орон зайг Орос нөхөж, харин Монгол ялагдлаа. Гуравдагч хөршийн хөрөнгө оруулагч дээр түшиглэсэн Оюу толгой төслийг хөдөлгөсөн хүмүүсийг бүгдийг нь шоронд хийсэн. Өнөөдөр Улсын их хурал, Засгийн газрын урдуур, энэ асуудлын дундуур шургалж энэ төслийн ажлын хэсгийг хэзээ ч асуудал шийдүүлэхгүй, бүтэлгүй топуудаар дүүргэх гэж байна. Цаад зорилго нь ердөө л гуравдагч хөршийн хөрөнгө оруулалтыг хөөж гаргах, хоёр хөршид уг төслийг барьж өгөх Монголыг дахин ялагдуулах юм аа. Түүний бүрэн эрхийн дөрвөн жилийн хугацаанд хүмүүсийн амьжиргааны түвшин улам буурлаа, эдийн засгийн өсөлт зогслоо, хувийн хэвшлүүд үүд хаалгаа барилаа. Том компаниудыг өөртөө үнэнч эсэхээр нь хоёр хуваалаа. МАНАН, гучин гэр бүл, оффшор гэсэн хуйвалдааны баахан хуурмаг онолыг бий болголоо. Гэхдээ өөрөө жинхэнэ МАНАН-г байгуулж, оффшорын жинхэнэ эзнээр өөр хүмүүс бус харин өөрөө тодорлоо. Бүтээн байгуулалтын жинхэнэ ажлуудыг бус бүтэлгүй үзэл суртлын дайн өрнүүлж, монголчуудыг талцуулж нийгмээ дэндүү хагалган бутаргалаа. Манай улс сүүлийн гуч гаруй жилийн хугацаанд төв Ази дахь ардчиллын цорын ганц Баянбүрд гэж нэрлэгдэж ирсэн. Ардчилал, чөлөөт зах зээл, хүний эрх, эрх чөлөө, хуульд захирагдах ёс, хараат бус шүүх засаглалаа өдөр бүр арчилж, хордож суухгүй бол нүд ирмэхийн зуур алдах боломжтойг, дарангуйлал руу гулсах боломжтойг, Ардчиллын баянбүрд асар хурдан цөлжих аюултайг бид мэдэрлээ. Бид энэ бүхнийг хараад зүгээр ам хамхин сууж болохгүй ээ. Энэ хэвээрээ үргэлжилбэл сайнаар бол нэг намын тогтолцоо тогтоно, саараар бол нэг хүний диктатур тогтоно. Болоод өнгөрсөн үйл явдлын мөн чанарыг ойлгох, дахин гаргуулахгүй байх зорилгоор хууль дээдлэх ёсыг тогтоож, хараат бус шүүх засаглалыг бий болгох зорилгоор олон улсад “Amsterdam and partners” хуулийн товчоотой хамтран өөрийн “Цагаан ном”-оо гаргаж байна аа. Та бүхэн сайханбилэг.ком вэб хуудсаар зочилж монгол, англи хэлээр татаж аваарай.
Анхаарал тавьсан явдалд баярлалаа.