-Түүнээс сөрөг хүчин 18 тэрбум төгрөг нэхлээ-
Улсын төсвөөс Ерөнхий сайдын багцад хуваарилсан 50 тэрбум төгрөгийг юунд хэрхэн зарцуулсныг Шинэчлэлийн Засгийн газрын тэргүүн Н.Алтанхуяг тайлагнав. УИХ-ын чуулганы баасан гаригийн үдээс хойших хуралдаан түүний мэдээллийн цагаар үргэлжилсэн юм. Тэрбээр эхэнд нь 47.9 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтаар долоон төрлийн ажил гүйцэтгэсэн гэлээ.
Замын цагдаагийн торгуулийг бэлнээр төлдөггүй, тасалбарын систем нэвтрүүлэхэд 1.7 тэрбум төгрөгийг нь зарцуулсан байна. Энэ мөнгөөр 350 ширхэг гар компьютер, хэвлэгч машин худалдан авч, программ хангамж сүлжээг бий болгожээ. Мөн шуудангийн үйлчилгээг иргэдэд хүртээмжтэй, шуурхай болгох ажилд 1.9 тэрбумыг зарцуулсан байна. Тэгвэл 9.7 тэрбум төгрөгөөр Ховд, Увс, Баян-Өлгий аймгуудад худалдаа үйлчилгээний битүү зах барьжээ. Үндэсний цэцэрлэгт хүрээлэнд гэхэд 5.3 тэрбум төгрөгөөр бүтээн байгуулалтын ажил гүйцэтгэсэн гэнэ. Энэ мөнгөөр спорт цогцолбор, дугуйн зам, хөлбөмбөгийн, талбайн теннисний болон сагсан бөмбөгийн талбай, 2.6 км урт дугуй, цана, гүйлтийн хосолсон зам барьжээ. Мөн тэнд дугуйн зогсоол байгуулсан байна.
Хүүхэд, залуучуудын төвийг иргэд чөлөөт цагаа гэр бүлийн хамт өнгөрөөх үйлчилгээний төв болгох зорилгоор зайлшгүй тоног төхөөрөмж худалдан авахад зориулан 3.1 тэрбумыг, Улаанбаатар хотын Эх нярайн тусламж үйлчилгээний төвд тоног төхөөрөмж, антиграфийн аппарат худалдан авахад 2.2 тэрбумыг зарцуулжээ.
Дээрхээс гадна 11 аймагт оношилгооны төв байгуулахад 23.6 тэрбумын хөрөнгө оруулалт хийсэн байна. Харин иргэдэд шаардлагатай лавлагаа, мэдээлэл өгөх 120 автомат машиныг Улаанбаатар хот болон 21 аймагт байрлуулах ажил бүрэн хэрэгжээгүй болохыг Ерөнхий сайд тодотгов. Учир нь тендерийг хоёр дахь удаагаа зарлаж “IT Zone” Ххк-д гэрээ байгуулах мэдэгдэл хүргүүлсэн ч гомдол гарч Сангийн яам хянан шалгаж байх явцад тендерийн хүчинтэй хугацаа дууссан хэмээн тэрбээр тайлбарлалаа. Энэ мэтчилэн 32 төсөл арга хэмжээнд Ерөнхий сайдын багц дахь 50 тэрбумын 47.9 тэрбум төгрөг нь дуусчээ.
Ерөнхий сайдын мэдээлэлтэй холбогдуулж сөрөг хүчний зүгээс дүгнэлт хийж, УИХ-ын гишүүн Б.Бат-Эрдэнэ танилцуулсан юм. Тэрээр “Ерөнхий сайдын мэдээллээс дүгнэхэд 50 тэрбум төгрөгийг нийт долоон багц арга хэмжээнд зарцуулжээ. Гэхдээ 50 тэрбум төгрөгийн төсөвт өртөг бүхий 34 төсөл, арга хэмжээнээс 32 төсөл, арга хэмжээ буюу нийт 44.3 тэрбум төгрөгийн гэрээ байгуулж, ажлыг хүлээлгэн өгсөн гэжээ. Үүнээс 2013 оны төсвийн жилд Сангийн яамнаас ирүүлсэн мэдээллээр 26.342.659.844 төгрөгийг гүйцэтгэлээр санхүүжүүлсэн байх бөгөөд үлдсэн зөрүү болох 18 тэрбум төгрөгийн санхүүжилтийг 2014 оны төсвийн жилд хэрхэн санхүүжүүлсэн нь тайлбар шаардаж байна. Өөрөөр хэлбэл, үлдэгдэл 18 тэрбумын санхүүжилтийг вексел буюу нэг төрлийн өр болгосон байх бөгөөд энэ нь анхнаасаа 50 тэрбумын хөрөнгө оруулалтыг 2013 оны эхний улиралд багтаан байнгын хороогоор батлуулах үүргээ Засгийн газар биелүүлээгүй зөрчсөн. Ерөнхий сайд буюу уг төслийн төсвийн ерөнхийлөн захирагч Н.Алтанхуяг “хөтөлбөрийн хэрэгжилтэд хяналт тавих, хүрэх үр дүнг хангаж ажиллах” үүргээ хангалтгүй биелүүлсний үр дүн гэж үзэхэд хүргэж байна” гэлээ.
Улмаар 2014 оны төсөвт тусгагдаагүй үлдэгдэл 18 тэрбумын санхүүжилтийг хэрхэн шийдвэрлэх талаар Үндэсний аудитын байгууллагаар тусгайлан дүгнэлт гаргуулна гэж тэрбээр мэдэгдлээ. Тендерийн хууль тогтоомж зөрчсөн байх үндэслэлтэй асуудлыг холбогдох хууль хяналтын байгууллагаар шалгуулж, буруутай албан тушаалтанд хариуцлага ногдуулахыг УИХ дахь МАН-ын бүлэг шаардав.
МАН-ын бүлгийн дарга С.Бямбацогт Долоон буудалын Должин эмээгийнд хамтдаа очиж амьдралтай нь танилцах хүсэлтийг Ерөнхий сайдад тавилаа.
Энэ тухай С.Бямбацогт гишүүн “Ерөнхий сайд та цөөнхийн бүлгийн гишүүдээс асуулт асууж, саналаа хэлэхээр “Та нар бүх юмыг харлуулж байна” гэж хардаад байна. Уг нь бид Засгийн газар алдаагаа засаасай, өмнөхөөсөө илүү эрчтэй ажиллаасай, ард олноо илүү ажилтай, орлоготой болгож, Монгол Улсыг хөгжүүлээсэй гэж бодож шаардлага тавьдаг, зөвийг нь дэмждэг, бурууг нь шүүмжилж ирсэн. Тэгэх ч ёстой болов уу. Гэтэл та “Амьдрал сайхан байгаа” гэж ярьсаар байтал ард иргэдийн маань амьдрал хүндэрлээ. Гэдэс нь өлсч, мөр нь нүцгэрлээ. Хамтдаа Долоон буудалын Должин эмээгийнд очъё. Тэндээс амьдрал болж байна уу гэдгийг харъя. Тэвчээр барагдаж байна, өчигдөр би танд энэ тухай хэлсэн. Ер нь тэгээд бид супер Ерөнхий сайдыг томилсон юм байна, сайд нар ажил хийж чаддаггүй учраас Ерөнхий сайд өмнөөс нь ажлыг нь хийдэг юм байна. Эрүүл мэндийн сайд Н.Удвалын өмнөөс, Ц.Оюунгэрэл сайдын өмнөөс олон ажил хийжээ. Цаашдаа бид сайд нарын багцад хөрөнгө оруулалт тавьж батлахаа больё. Шууд Ерөнхий сайдын багцад бүх хөрөнгө оруулалтыг тавьчихъя, маш гоё ажил хийсэн байна. 1.3 их наядын ажлыг Ерөнхий сайд ганцаараа хийг.
Уг нь бол 50 тэрбум төгрөгийн зарцуулалттай холбоотой асуудлыг УИХ дахь МАН-ын бүлэг “Ланд-200 авах мөнгөөр 469 машин авчихсан байна шүү” гэдгийг л анхааруулж хэлсэн. Тендэрийн хууль зөрчсөн байна гэдэг дүгнэлтийг Авлигатай тэмцэх газар гаргаад Засгийн газарт хүргүүлсэн. Холбогдох албан тушаалтнууддаа хариуцлага тооц гэхэд та өнөөдөр “Бид хууль зөрчөөгүй” гээд сууж байна. Буруу шүү дээ. Зорилго нь аргаа зөвтгөхгүй” гэв.
Харин Ерөнхий сайд Н.Алтанхуяг яам, агентлагийн дарга нарт хандаж “Та нар хийсэн ажлаа олон нийтэд сайхан тайлбарлаарай. 50 тэрбум төгрөгөөс хэдэн тэрбум төгрөг цохьсон хүмүүс шиг харагдаад байна. Авсан төхөөрөмж юмнуудаа хэдэн төгрөгөөр авсныгаа тоо ширхэгтэй нь нэгбүрчлэн мэдээлээрэй. Үр ашгаа өгсөн олон ажил бий, иргэд ч баяртай байгаа” гэв. Үүгээр УИХ-ын чуулганы баасан гаригийн үдээс хойших хуралдаан өндөрлөсөн юм.
М.МӨНХ