Categories
мэдээ нийгэм онцлох-нийтлэл туслах-ангилал

Эрт илрүүлгийн үзлэг, шинжилгээ хийгдэж байгаа ч иргэд тодорхой мэдээлэлгүйгээс хамрагдалт бага байна гэв DNN.mn

Монгол Улсын Засгийн газар, Эрүүл мэндийн яамнаас “Эрүүл мэнд үндэсний баялаг” уриан дор “Хүн амын нас, эрүүл мэндийн эрсдэлд суурилсан зонхилон тохиолдох халдварт болон халдварт бус өвчнөөс урьдчилан сэргийлэх, эрт илрүүлэх үзлэг шинжилгээ, оношилгоог зохион байгуулах” ажлыг 2022 оны дөрөвдүгээр сарын 4-ний өдрөөс эхлэн үе шаттайгаар зохион байгуулж байгаа юм. Энэхүү ажил нь хэр явцтай байгааг сурвалжлахаар Сүхбаатар дүүргийн Эрүүл мэндийн төвийг зорилоо. Өчигдөр үдээс хойш 15:00 цаг орчимд тус дүүргийн эмнэлэгт хөл хөдөлгөөн үдээс өмнөхөө бодвол бага байв. Зарим эмчийн өрөөний үүдэнд 5-6 хүн дугаарлан суужээ. Энэ дундаас дотрын тасгийн дараалал хүн ихтэй харагдлаа.


Дараалалд суугаа 60 нас гаруй настай болов уу гэмээр хоёр ахмадаас цөөн асуултад хариулт авлаа.


-Та хоёр ямар зовуурьтай ирэв. Үзүүлж чадсан уу?

-Хэдэн өдөр баахан шинжилгээ, ЭХО хийлгэж байж эмчтэйгээ уулзах гээд сууж байна.

-Юуны шинжилгээ өгсөн юм бэ?

-Цус, шээсний ерөнхий шинжилгээ, В,С вирусийн шинжилгээ гэх мэт олон шинжилгээ өгсөн.

-Эдгээр шинжилгээнүүдийг чинь эрт илрүүлгийн үзлэгээр авчих юм байна шүү дээ. Та эрт илрүүлгийн үзлэг шинжилгээний талаар дуулсан уу?

-Уг нь нэг тийм юм сонссон. Тэгээд эмнэлгийнхнээс асуухаар нууц аятай хэлэхгүй юм гэв.


Эмнэлэгт ирэхээр ирсэн хүмүүс эрт илрүүлгийн үзлэг шинжилгээний талаар мэдээлэлгүй байгаа бололтой. Ингээд эмнэлгийн үүдэнд цаг бичдэг ажилтнаас тодруулахад 122 дугаарын өрөөг зааж өгөв. Тус өрөөнд очиход хоёр ажилтан сууж байлаа.


СБД-ийн Эрүүл мэндийн төвийн сувилагч С.Жавхлантай ярилцлаа.


-Эрт илрүүлгийн үзлэг шинжилгээг танай эмнэлэгт хийж байгаа юу?

-Хийж байгаа.

-Хэзээнээс эхэлж хийсэн бэ?

-Тавдугаар сарын 1-нээс эхэлж хийж байгаа.

-Хүмүүс хэр их ирж үзүүлж байна вэ?

-Одоогоор мэдээлэл бүрэн аваагүй байгаа бололтой, хүмүүс цөөн ирж байгаа.

-Харьяалал харгалзах уу. Танай эмнэлэгт тус дүүргийн хэдээс хэддүгээр хорооныхон хамрагдаж байна вэ?

-Одоогоор хүмүүс цөөн байгаа тул харьяалал харгалзахгүй ирсэн бүх хүмүүсийг авч байна.

-Иргэд үзлэгт орохын тулд ямар бичиг баримт шаардлагатай вэ?

-Эрүүл мэндийн даатгалаа сүүлийн гурван жил тасралтгүй төлсөн байхад болно. Бүртгүүлэхдээ бичиг баримттайгаа ирж бүртгүүлээд шууд цагаа бичүүлээд авна.

-Энд бүртгүүлчихээд үүдний бүртгэлийн ажилтнаас дахин цаг авах уу?

-Тэгэх шаардлагагүй, энд нэрээ бичүүлээд шууд үзүүлэх эмчид нэр нь цахимаар очно.

-Хүмүүсийг төрсөн сараар нь үзэж байгаа гэсэн. Энэ сард зөвхөн тавдугаар сард төрсөн хүмүүс үзүүлэх үү?

-Одоогоор хүн бага байгаа болохоор тийм хуваарь гаргаагүй, ирсэн хүн болгоныг үзэж байна. Яваандаа ачаалал нэмэгдвэл хуваарьт оруулах байх хэмээв.


Ингээд үдээс хойш ажиллаж байсан цөөхөн эмчийн нэг Д.Баярмаатай ярилцав.


-Эрт илрүүлгийн үзлэг, шинжилгээний талаар хүмүүс мэдээлэл бага байх шиг. Эрт илрүүлгийн бүртгэл хийлгэж, цаг авсан хүмүүс хэр их ирж байна вэ?

-Одоогоор хүмүүс цөөн байгаа. Яваандаа мэдээлэл тархаад эхлэхээр ачаалал нэмэгдэх байх. Угаасаа дүүргийн эмнэлгүүдийн амбулатори ачаалал ихтэй байдаг. Түүний нэгэн адил манай эмнэлэг ч ачаалалтай байдаг.

-Энэ ачаалал юунаас болж үүсч байна гэж бодож байна вэ?

-Хүн амын төвлөрлөөс л үүсэлтэй шүү дээ. Хот төлөвлөлтөө зөв хийхгүй бол энэ ачаалал нэмэгдэнэ үү гэхээс хасагдахгүй.

-Танд ирж үзүүлж байгаа хүмүүс ихэвчлэн ямар оноштой байна вэ?

-Хэт авиан шинжилгээ гэдэг нь хэт авиан дууны долгионыг ашиглаж хүний биеийн эд, эрхтнүүдийн бүтцийн байдалд үнэлгээ өгдөг шинжилгээ юм. Хэт авиан шинжилгээ нь хүний эрхтнүүдийн байрлал, хэлбэр, бүтэц, хөдөлгөөн зэргийг үнэлдэг. Манайхны зүрх томрох, өөхлөх асуудал их байгаа.

-Хүмүүс эрт илрүүлэгт орсноор ямар ач холбогдолтой вэ?

-Маш олон талын ач холбогдолтой. Ямар өвчлөлтэй байгаагаа эрт мэднэ. Цаашид архагшихаас сэргийлнэ. Хүндрэх эрсдэлтэй өвчлөлийг эрт илрүүлж эмчилнэ. Нас насандаа үзүүлэх ёстой үзлэг шинжилгээнд иргэд байнга хамрагддаг болчихвол олон талын ашиг бий.

-Нас насандаа үзүүлэх ёстой үзлэг шинжилгээндээ хүмүүс хэр хамрагддаг вэ?

-Мэдээлэл дутмаг байдгаас маш бага хувь нь л хамрагддаг. Энэ талын мэдээ мэдээллийг өрхийн эмч, сувилагч нар сайн хэлж өгч баймаар байна гэв.

Эмчийг хүлээн үүдэнд сууж байсан үйлчлүүлэгч Н.Ганцэцэг ярихдаа “Эрт илрүүлгийн үзлэг шинжилгээ гэж нэг хэсэг мэдээгээр явж байгаад чимээгүй болчихсон. Тэгэхээр нь үзэхээ больчихсон юм байх гэж бодоод хэдэн өдөр оочер дараалал үүсгэн байж цаг аваад одоо үзүүлэх гэж байна. Хэдэн сарын өмнө гэнэт хэвлийгээр өвдөөд бас эмнэлгээр явсан. Улсын эмнэлэг асуудалгүй, эрүүл байна гэхээр нь сэтгэл амар ажлаа хийж байтал нөгөө өвдөлт бүр хүчтэй болж эхэлсэн. Аргаа бараад хувийн эмнэлгээр явж үнэтэй шинжилгээ өгөөд хариуг нь хартал умайн хоргүй хавдар гэдэг онош гарсан. Тэр оношоо барьж очоод Улсын Нэгдүгээр төв эмнэлэгт хагалгаанд орж авахуулсан. Тэгээд сар тутам ЭХО-д харуулж байгаарай гээд одоо үзүүлэхээр явж байгаа нь энэ. Ер нь улсын эмнэлэгт итгэх итгэл буурсан. Онош буруу гаргана. Хүнд сурталтай гээд асуудал их. Боломж нь байвал хувийн эмнэлгээр явмаар байгаа ч юмны үнэ нэмэгдээд цалин хүрэхгүй яах аргагүй нөгөө оочер дараалал ихтэй газартаа эргээд ирэх юм” хэмээн ярьж суутал, ЭХО-ны эмч өрөөнөөсөө гарч ирээд “Манай компьютерийн программ уншаад болдоггүй ээ. Та маргааш ирж шинжилгээ өгнө биз дээ. Тэгэхдээ нэгмөсөн ирээд үзүүлчих” гээд өрөө рүүгээ буцаад орчихов. Дарааллаа хүлээж суусан үйлчлүүлэгч эмэгтэй “Тэр харж байна уу, өдөржин хүлээсэн. Яг ээлж нь тулаад ашгүй нэг орох нь гэж байтал ийм шалтаг хэлээд. Хэзээ ч энэ эмнэлгийн ажил цэгцрэх юм, бүү мэд” гээд өөдөөс мөрөө хавчив. Эрт илрүүлгийн үзлэг шинжилгээ хийгдэж байгаа ч энэ мэт хүнд суртлаас болоод зарим хүмүүс эмнэлгээр явахаас залхдаг бололтой.


Энэ талаар Нийслэлийн Эрүүл мэндийн газрын дарга Г.Бямбадоржоос тодрууллаа.


-Эрт илрүүлгийн үзлэг шинжилгээ хэзээ дуусгавар болох вэ?

-Эрт илрүүлэг, урьдчилан сэргийлэх үзлэг 2022 оны тавдугаар сарын 1-нээс 2023 оны тавдугаар сарын 1-ний хооронд нэг жил үргэлжилнэ. Жилийн хугацаанд аль хорооны иргэдийг хэзээ шинжилгээнд хамруулах тухай нэгдсэн төлөвлөлт, хуваарь гарсан. Хуваарийг өрхийн эрүүл мэндийн төв, хорооны хэсгийн ахлагч нар зохион байгуулж, товлолын дагуу урилга хүргэж байгаа. Иймд товлолт өдөр буюу урилга очсон өдөр хуваарьт эрүүл мэндийн байгууллагад очиж, шинжилгээнд хамрагдах ёстой. Эрүүл мэндийн ердийн, үндсэн тусламжийн үйлчилгээ хэвийн үргэлжилнэ. Эрүүл мэндийн асуудал үүссэн, өвчнөө оношлуулах шаардлага гарсан нөхцөлд урьдын журмаар аль ч эрүүл мэндийн байгууллагад хандах боломжтой. Эрт илрүүлэгтэй үндсэн тусламжийг хольж болохгүй. Мөн үйлчлүүлэгчдэд чирэгдэл учруулахгүйн тулд иргэн хоёр өдөрт бүх шинжилгээнд хамрагдах зарчимтай ажиллана.

-Нэг эрүүл мэндийн байгууллага өдөрт дунджаар хэдэн иргэнд үйлчлэх боломжтой вэ?

-Эрүүл мэндийн байгууллагуудын хүчин чадал харилцан адилгүй. Мөн тоног төхөөрөмжийн шинжилгээнд өдөрт ордог тоо хязгаартай. Иймд эдгээртэй уялдуулж төлөвлөлтүүдийг хийсэн. Өдөрт дунджаар 40-60 хүнийг шинжилгээнд хамруулахаар зохион байгуулсан. Түүнчлэн энэ удаагийн шинжилгээг албан байгууллагаар очиж авахгүй. Зөвхөн харьяа хорооны хуваарийн дагуу, товлогдсон өдрөө очиж шинжилгээнд хамрагдах хэрэгтэй.

-Эрүүл мэндийн салбарын ажилтнуудын хүний нөөц хүртээмжтэй байгаа юу?

-Энэ тал дээр хувийн хэвшлийн эрүүл мэндийн байгууллагуудтай гэрээ байгуулан хамтран ажиллаж байна. Гэхдээ эрт илрүүлэг, шинжилгээ бүтэн жил үргэлжлэх учир эрүүл мэндийн ажилтан ээлжийн амралт авах, түр чөлөөлөгдөх зэрэг асуудал гарна. Ийм эрсдэлд анализ хийж, сургалт зохион байгуулах, хүний нөөцийг төлөвлөх, ээлжийн амралтыг зохицуулах ажлуудыг хийж байна. Түүнчлэн НЭМГ-аас рентген 18 аппарат, ЭХО-ны 18 аппарат, улаан хоолой, ходоодны дурангийн 10 аппаратыг харьяа эрүүл мэндийн байгууллагуудад хуваарилж тараасан. Хоёр дурангийн аппаратыг нөөцөнд авч, тухайн аппарат доголдлоо гэхэд нөөц аппаратыг түр ашиглах зэргээр тасралтгүй үйл ажиллагааг хангахад анхаарч байна.

-Эрт илрүүлэг, урьдчилан сэргийлэх үзлэгийг өмнө нь ингэж орон даяар зохион байгуулж байсан уу. Хэдэн цэгээр хэчнээн хүн үзэх вэ?

-Үзлэг, шинжилгээг өмнө нь зохион байгуулж байсан. Энэ оноос өрхийн эрүүл мэндийн төвд нэг иргэний санхүүжилт хоёр дахин нэмэгдсэн. Мөн нийгмийн эрүүл мэндэд чиглэсэн, эрүүл дадлыг бий болгох, өвчнөөс сэргийлэх тал дээр илүү анхаарч ажиллах бололцоо нээгдсэн. Улсын хэмжээнд нийт 75 цэгээр дамжуулан иргэдийг үзлэг, шинжилгээнд хамруулна. Иргэдийн очих цэгийг графикаар нарийн гаргасан байгаа. Дүүрэг, хороо, аймаг, сумаар нь. Тиймээс иргэд графикт заасан цэгт урилга ирэхээр очиж үзүүлж болно. Нийслэлийн хэмжээнд 1.532.880 иргэний бүртгэлд бид хуваарилалт хийсэн. Мөн тухайн хороонд түр оршин сууж байгаа иргэд хамрагдаж болно. Судалгаанаас үзэхэд, нийт хүн амын 98 хувь нь эрүүл мэндийн даатгалын шимтгэлээ төлсөн. Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газраас иргэдэд сануулга, зөвлөмж гаргасан. Завсардсан төлбөрөө нөхөн төлж, бүрэн төлсөн нөхцөлд эрт илрүүлгийн шинжилгээнд хамрагдах боломжтой.

-Эрт илрүүлгийн үзлэг ,шинжилгээ хийх төвүүд дүүрэг, аймаг бүрт бий юү. Иргэд хаана очиж үзүүлэх вэ?

-Нийт 75 цэг бий. Үүнд: Улсын бүх томоохон эмнэлгүүд, дүүргүүдийн эрүүл мэндийн нэгдлүүд, гэрээ байгуулсан хувийн эмнэлгүүд орсон байгаа. Одоогоор 11 аймагт эрүүл мэндийг дэмжих төв байгуулж байна. Цаашдаа бүх аймагт байгуулагдана. 38 төрлийн үзлэг, оношилгоог хийхэд шаардагдах тоног төхөөрөмжүүд бүгд байгаа. Иргэдэд очих урилга дээр нь цэгийг нь тодорхой бичсэн байна. Тэгэхээр иргэд урилга дээрх тухай цэгт цагтаа очих шаардлагатай.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *