Categories
мэдээ нийгэм онцлох-нийтлэл туслах-ангилал

Эрт илрүүлгийн үзлэг ирэх жилийн тавдугаар сар хүртэл үргэлжилнэ DNN.mn

Саяхан Эрүүл мэндийн сайд эрт илрүүлгийн талаар мэдээлэхдээ урьдчилан сэргийлэх үзлэг эхнээсээ үр дүнгээ өгч буй талаар онцолсон юм. Энэ тухай ЭМЯ-ны Нийтийн эрүүл мэндийн газрын дарга Д.Баярболдоос тодрууллаа.


-Өнгөрсөн тавдугаар сарын 1-нээс улс орон даяар хүн амыг эрт илрүүлгийн үзлэг, шинжилгээнд хамруулах ажил эхэлсэн. Эрүүл мэндийн сайд эрт илрүүлгээр 844 хавдрын сэжиг илэрсэн талаар хэд хоногийн өмнө онцолсон билээ. Энэ ажил хэр явцтай байна вэ?

-Засгийн газрын шийдвэрийн дагуу энэ оны тавдугаар сарын 1-нээс эхлэн улс орны нийт хүн амыг нас, хүйс, эрүүл мэндийн эрсдэлд суурилсан зонхилон тохиолдох халдварт болон халдварт бус өвчнөөс урьдчилан сэргийлэх, эрт илрүүлэх үзлэг, шинжилгээ, оношилгоонд хамруулж эхэлсэн. Үүний үр дүнд энэ сарын 25-ны байдлаар 844 хортой болон хоргүй хавдрын сэжигтэй тохиолдлыг илрүүлж, дараагийн шатны эрүүл мэндийн байгууллагад онош тодруулж, баталгаажуулах шинжилгээнд хамруулах ажил хийгдэх гэж байна. Ер нь энэ арга хэмжээ зохих үр дүнд хүрч ахицтай үргэлжилж байна гэж үзэж болно.

-Энэ арга хэмжээнд яг ямар хүмүүсийг яаж хамруулаад байна вэ.Одоогийн байдлаар нийт хичнээн хүнд үзлэг шинжилгээ хийсэн бол?

-Эрүүл мэндийн сайдын 2022 оны А/139 дүгээр тушаал болон Эрүүл мэндийн даатгалын үндэсний зөвлөлийн 06 дугаар тогтоолоор иргэн бүрийг жилд нэг удаа урьдчилан сэргийлэх, эрт илрүүлэх үзлэг, шинжилгээ, оношилгоонд хамруулахаар зохицуулсан гэдгийг юуны өмнө тэмдэглэх нь зүйтэй болов уу. Үүний дагуу иргэд 0-5, 6-17, 18-30, 31-45, 46-60, 61-ээс дээш гэсэн зургаан насны бүлэгт хуваагдан урьдчилан сэргийлэх, эрт илрүүлэх үзлэг, шинжилгээ, оношилгоонд хамрагдаж эхлээд дөрвөн сар болох гэж байна. Энэ сарын 25-ны байдлаар урьдчилан сэргийлэх, эрт илрүүлэх үзлэгт улсын хэмжээнд 282 мянга 120 хүн хамрагдлаа. Тэдгээрээс 44.5 хувь нь эрэгтэйчүүд, 55.4 хувь нь эмэгтэйчүүд байна. Байршлаар нь авч үзвэл 51.7 хувь нь Улаанбаатарт, 48.2 хувь нь орон нутагт хамрагджээ. Харин насаар нь ангилбал эрт илрүүлэгт хамрагдагсдын 67.3 хувь нь 0-17 насны хүүхэд бол 32.6 хувь нь 18-аас дээш насныхан байна.

-Иргэд энэ талаар дутмаг мэдээлэлтэй байх шиг. Олон хүн үүнд хамрагдахын тулд хаана, яаж хандах вэ гэж лавлах юм?

-0-17 насны хүүхэд өрх, сум, тосгоны эрүүл мэндийн төвд урьдчилан сэргийлэх, эрт илрүүлгийн багцад шууд хамрагдана. Харин насанд хүрсэн даатгуулагчийн хувьд өрх, сум, тосгоны эрүүл мэндийн төвийн урилга, зохицуулалттайгаар эрүүл мэндийн даатгалын байгууллагатай гэрээ байгуулсан лавлагаа шатлалын эрүүл мэндийн байгууллагад энэхүү багцад хамрагдаж байна. 18-аас дээш насны иргэдэд урьдчилан сэргийлэх, эрт илрүүлэх үзлэг, шинжилгээ, оношилгоонд хамрагдах урилгыг харьяалах өрх, сум, тосгоны эрүүл мэндийн төвөөс цахим юм уу цаасан хэлбэрээр хүргэхээс гадна утсаар мэдэгддэг. Ингэхдээ урьдчилан сэргийлэх үзлэгийн багц, зохион байгуулалт, эрүүл мэндийн байгууллагуудын мэдээллээр хангаж, сонголт хийхэд нь тусалж байгаа юм. Тэгээд тухайн иргэний сонгосон эрүүл мэндийн байгууллага руу даатгуулагчийн холбогдох мэдээллийг хүргэдэг. Иргэд Нийгмийн эрүүл мэндийн үндэсний төвийн 119 лавлах утас руу залгаж энэ талаар тодорхой мэдээлэл авч болно.

-Эрт илрүүлгийн энэ чухал арга хэмжээ хэр удаан үргэлжлэх вэ?

-Ирэх жилийн тавдугаар сарын 1 хүртэл бүтэн жилийн турш үргэлжилнэ.

-Энэ арга хэмжээний хүрээнд хичнээн газар ямар төрлийн шинжилгээ авч байгаа бол?

-Насанд хүрэгчдийн урьдчилан сэргийлэх, эрт илрүүлэх үзлэг, шинжилгээ, оношилгоог улсын хэмжээнд 118 төр, хувийн хэвшлийн эрүүл мэндийн байгууллагад явуулж байна. Насанд хүрэгчид насны бүлгээс хамаарч 12-19 нэр төрлийн үзлэг, шинжилгээ, оношилгоонд хамрагдана. Тухайлбал, зүрх судасны өвчин, чихрийн шижин, сүрьеэ, сэтгэцийн эрүүл мэндийн эрсдэлийн үнэлгээ, биохими, цус болон шээсний лабораторийн ерөнхий шинжилгээ, өлөн үеийн глюкоз, өтгөнд далд цус илрүүлэх, ПАП сорил, гепатит В, С, тэмбүү, ХДХВ илрүүлэх хурдавчилсан сорил, мөн төрөл бүрийн багажаар зүрхний цахилгаан бичлэг, улаан хоолой ба ходоодны дуран, цээжний рентген, хөх, хэвлий, бамбайн хэт авиан шинжилгээ хийлгэн эмчийн үзлэг, дүгнэлт, зөвлөгөө авна. Харин 0-17 насны хүүхэд мөн л дотроо насны бүлгээсээ хамаарч 4-6 нэр төрлийн үзлэг, шинжилгээ, оношилгоонд хамрагдах боломжтой. Тухайлбал, хүүхдийн сэтгэхүйн хөгжил болон сэтгэц, зан үйлийн эмгэг, сүрьеэгийн эрсдэлийн үнэлгээ, эмнэл зүйн бүрэн үзлэг, биеийн хэмжилт, өсөлт, хөгжлийн үнэлгээ, нүдний хараа шалгах, амны хөндийн эрүүл мэндийн үзлэг хийж, эцэг эхчүүдэд тодорхой зөвлөгөө өгч байна.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *