Categories
мэдээ улс-төр

“Эрмитаж дахь ноён уулын эрдэнэс” номын нээлтийн ёслол болов

Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилга, Ерөнхийлөгчийн Тамгын газрын дэмжлэгээр ШУА-ийн Түүх, Археологийн хүрээлэн, ОХУ-ын Эрмитаж музей хамтран эрхлэн гаргасан “Эрмитаж дахь Ноён уулын эрдэнэс”, ШУА-иас доктор, профессор, Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин, түүхч О.Нямдаваагийн судалж эмхэтгэсэн “Иран дахь монгол өв соёл” номын нээлтийн ёслол өчигдөр Ерөнхийлөгчийн дэргэдэх Иргэний танхимд болов.

Уг арга хэмжээний үеэр Монгол Улсын Ерөнхийлөгч Цахиагийн Элбэгдорж хэлэхдээ “Эрмитажид байгаа Ноён уулын олдворыг бүрэн хэмжээгээр бүртгэж, ном болгож гаргана гэдэг бол маш чухал зүйл байсан. Энэ каталогийн араас дахиад олон ном бэлтгэгдэж байгаа. Эрмитажаас гадна Кунст Камерск, Санкт-Петербургийн Дорно дахины бичиг соёлын хүрээлэнд Монголын өв соёлын чухал зүйлс хадгалагдаж байгаа. Чухал зүйлсийн хуулбар, эх загварыг олж авах ажил үргэлжилж байна.

Нэг даавууны өөдөс, нэг утсыг ч хаяхгүйгээр бүгдийг каталогижуулаад, хэмжээс, тайлбартай гаргана гэдэг бол шинжлэх ухааны талаасаа чухал зүйл боллоо. Энэ чиглэлээр гарч байгаа анхны бүтээл юм. Ноён ууланд судлагдах боломжтой 300 гаруй булш, бунхан байдаг гэдэг. Эдгээр бол 3-аас нь л гарсан зүйл.

Тэнд байгаа уурхай, хайгуул эдгээр зүйлд нөлөөгүйгээр явж, түүхийн судалгааны ажил бүрэн хийгдээсэй гэсэн бодол байдаг.

Ираны хувьд энэ бол эхлэл байгаа юм. Манай сайн санаат хүмүүс, эрдэмтэд, тэнд сурч, ажиллаж байгаа хүмүүс анхны энэ бүтээлийг хэвлэж, гаргаж байгааг их дэмжиж байгаа. Үүнийг мэргэжлийн талаар, шинжлэх ухааны чиглэлд улам өргөжүүлж, улам нарийн судлах шаардлагатай.

Иранд очиход онцгой сэтгэгдэл төрж байсан. Ираны дээд удирдагч Аятолла Хомейнитай уулзахад монголчуудын засаглалын үеийн талаар маш сайхан сэтгэгдэлтэй байсан. Монголчууд Иранд маш их зүйл хийсэн. Бид монголчуудын хийсэн зүйлд талархаж байдаг гэж хэлж байсан. Энэ бол албан ёсны протоколд орсон үг.

Монголчууд Иранд их сургууль нээсэн. Номын сан байгуулсан. Одон орон судлалын хүрээлэн, цамхагууд бий болгосон. Сэтгэл мэдрэлийн өвчтэй хүмүүсийг хөгжмөөр эмчлэх эмнэлэг нээж байсан гэж байсан. Тэр надад онцгой сэтгэгдэл төрүүлж байсан.

Монголын түүхийг бүрнээр нь харъя гэвэл Ил хаант улсын түүх, тэр үед үлдээсэн бичиг соёл, дурсгалуудыг судлахгүйгээр бүрнээр нь харах боломжгүй юм байна гэж ойлгосон.

Монголчуудын хөл хүрсэн газарт хүрье гэвэл Ираныг орхиж болохгүй. Иранд заавал очих ёстой юм байна гэж ойлгогдсон. Монголчуудын нийслэл байсан хотуудад очоод байхад монголчуудын ул мөр арвин байдаг. Энэ үүд хаалга нээгдсэн. Ираны тал дээд удирдагчаасаа авахуулаад энэ дээр хамтарч ажиллах, судалгаа хийх бүрэн боломжтой. Иймд Иранд очиж үзэх хэрэгтэй. Ялангуяа монголчуудын нутаглаж байсан газар яг манай төв Азийн өндөрлөгт байдаг газар нутаг шиг уул, ус, бэлчээр нь маш сонин. Их танил. Тэр нутаг усны хүмүүс нь хүртэл асар их элгэмсэг байдаг.

Тэнд сурдаг манай нэг оюутан хэлж байсан. “Монгол Улсын Ерөнхийлөгчийг ирэхээс нэг жилийн өмнө, Монгол Улсын Ерөнхийлөгч ирснээс 3 жилийн дараа” гэх мэтээр он тоолол маягаар ярьдаг гэсэн. Өлзийт хааны бунхан үзэхдээ айлчилж байсан жижиг хот байдаг. Ийм учир утгатай, монголчуудыг хүсэн хүлээсэн, хамтарч ажиллах зорилготой, бие даасан бодлоготой, өөрийн түүх, соёлтой мундаг улс байдаг.

Ерөнхийлөгчийн ажил отголж байгаа энэ өдрүүдэд энэ үйл явц таарч байна. Энэ явж байгаа ажлуудыг дараа дараагийн Ерөнхийлөгч маань дэмжинэ. Миний хувьд “Их Монгол” гэсэн сан байгуулсан. Энэ сангийнхаа чиглэлээр Монголтой холбоотой түүх, соёл, энэ бүх зүйл дээр дэмжлэг үзүүлж, хамтарч ажиллая гэж бодож байгаа. Миний хийж үргэлжлүүлэх нэг сэдэв бол Монголтой холбоотой сэдвийг аль болох дэмжиж, эрдэмтэд, судлаачидтайгаа ажиллана гэсэн төлөвлөгөө байгаа. Та бүхэнтэй дахин дахин уулзах, сайхан боломж гарна гэж итгэж байна. Та бүхнийг хүрэлцэн ирсэнд их баярлалаа” гэлээ.

Монгол Улсын Ерөнхийлөгч Цахиагийн Элбэгдорж 2011 оны 5 дугаар сард Оросын Холбооны Улсад албан ёсны айлчлал хийх үеэрээ Санкт-Петербург хот дахь “Эрмитаж” музейд зочилж, тус улсын Ерөнхийлөгч Д.А.Медведевтэй эл музейд хадгалагдаж буй Монголын түүх, соёлын дурсгалт зүйлсийг харуулсан, ялангуяа 1923-1926 онд Монгол Улсад ажилласан П.К.Козловын хээрийн шинжилгээний ангийн малтаж илрүүлсэн “Ноён уул”-ын дурсгалуудыг судлан шинжлэх, тусгайлсан зургийн цомог (каталоги) гаргахаар тохиролцсон билээ. Энэхүү тохиролцоог хэрэгжүүлэх ажил сүүлийн 5 жил үргэлжилж, дурсгалуудыг амжилттай судалснаар “Эрмитаж дахь Ноён уулын эрдэнэс” бүтээлийг ийнхүү өнөөдөр олон нийтийн хүртээл болгожээ. Уг каталогид Ноён уулаас олдсон бүх олдвор буюу 2,900 гаруй олдворыг багтаасан байна.

Мөн 2012 оны 9 дүгээр сард Исламын Бүгд Найрамдах Иран Улсад хийсэн албан ёсны айлчлалын үеэр хоёр улсын Ерөнхийлөгч нарын ярилцаж тохиролцсоны дагуу Монгол Улс болон Исламын Бүгд Найрамдах Иран Улсын хооронд 2013 оны 12 дугаар сарын 5-ны өдөр Харилцан ойлголцлын санамж бичигт гарын үсэг зурсан бөгөөд уг Санамж бичигт тусгагдсан ажлуудыг хэрэгжүүлэх зорилгоор Монгол, Ираны талын хамтарсан судалгааны хүрээнд “Иран дахь монгол өв соёл” (уран барилга, зоос, шашин) хэмээх нэг сэдэвт бүтээлийг Ерөнхийлөгчийн Тамгын газрын дэмжлэгээр нийтийн хүртээл болгож байна. Уг бүтээл нь Ил хаант улсын зоос, уран барилга, шашны талаар авч хэрэгжүүлсэн бодлого, исламын ертөнцөд үзүүлсэн монгол хаадын нөлөө, үлдээсэн өв соёлын тухай өгүүлжээ.

Эдгээр бүтээл нь Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийн албан айлчлалын үеэр хоёр талын харилцан тохиролцсоны дагуу, Ерөнхийлөгчийн 2013-2017 онд хэрэгжүүлэх Бодлого, үйл ажиллагааны хөтөлбөрийн “Хилийн чанад дахь Монголын түүхтэй холбоотой баримтыг судлан бүртгэж, каталоги гаргах” зорилтын хүрээнд хэрэгжүүлсэн ажлын үр дүн юм.





Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *