Categories
гадаад мэдээ

“Эрлийз дайн”-ы цахим тулаан DNN.mn

Орчин үеийн “Эрлийз дайн” суртал ухуулгаас гадна эсрэг талынхаа улс төрчдийг “худалдан авах”, эсэргүүцлийн жагсаал санхүүжүүлэх гэх мэтээр өрнөж байна. Үүнд мэдээж цахим орчин чухал үүрэгтэй. Тухайлбал, Өнөөдөр л гэхэд Германы Холбооны Мэдээллийн Аюулгүй Байдлын Албаны (BSI) дарга Арне Шёнбом ОХУ-тай холбоотой гэдэг мэдээлэл нийтлэгдсэн тул Дотоод хэргийн сайд Нэнси Фазер түүнийг “аль болох хурдан” огцруулахаар болоод байна.

Өнгөрсөн тавдугаар сард Оросын хакерууд Германы засгийн газрын сайтууд руу хэд хэдэн цахим халдлага үйлдсэн билээ. Батлан хамгаалах яам, Бундестаг, холбооны цагдаа, холбооны мужуудын хэд хэдэн цагдаагийн албаны порталууд, уг халдлагад өртсөн юм. Мөн канцлер Олаф Шольцын вэб сайт түр хугацаанд ажиллахгүй болсон. Уг халдлагын хариуцлагыг ОХУ-ын Украины дайныг дэмждэг “Killnet” хакерын бүлэглэл хүлээсэн байдаг. Тэгвэл энэ оны нэгдүгээр сард оршин тогтнож байгаагаа албан ёсоор зарласан олон улсын хамгийн алдартай хакерын бүлгүүдийн нэг болох “Anonymous” Оросын байгууллагуудын цахим хуудас руу халдаж Кремлийн эсрэг “дайн” зарласан юм. “Anonymous”-ын хакерууд Кремлийг дэмжигч “RT” суваг руу халдсан бол дараа нь Герман дахь “Роснефть” компанийн охин компани болох “Роснефть Дойчланд” компанийн компьютерт халдсан байна. Хакеруудын өөрсдийнх нь мэдэгдсэнээр кибер халдлагын үр дүнд тэд 20 терабайт өгөгдлийг хулгайлсан аж.

Беларусийн сонгуулийн луйврын улмаас 2020 онд үйл ажиллагаагаа эхэлсэн тус улсын “Кибер партизан”-уудын хакерууд Оросын түрэмгийллийн эсрэг өнөөдөр нээлттэй тэмцэж байна. Тэд Беларусийн төмөр замын системд хэд хэдэн амжилттай кибер халдлага үйлдэж, Беларусь улсад байрлаж буй Оросын цэргүүдэд логистикийн ихээхэн хүндрэл учруулаад байгаа юм.



Крымын Керчийн гүүрэн дээрх дэлбэрэлтийн шалтгааныг “Украины тусгай албаныхны террорист халдлага” гэж ОХУ-ын ерөнхийлөгч мэдэгдсэнийг Владимир Зеленскийн ажлын албаны зөвлөх “Бүр Оросын хувьд ч бүдүүлэг нь дэндсэн үйлдэл” гэж мэдэгдэв. “Оросын онгоцнууд Запорожье хотын орон сууцны хороолол руу 12 пуужин харваж, 13 хүн амь үрэгдэж, 50 гаруй хүн тахир дутуу болсноос хойш 24 цаг ч болоогүй байна. Үгүй ээ, өнөөдөр ганцхан террорист улс бий, аль улс болохыг дэлхий нийт мэднэ” гэж Украины ерөнхийлөгчийн Тамгын газрын даргын зөвлөх Михайло Подоляк “Твиттер” хуудсандаа бичжээ.

l l l

Киргизистан улс Хамтын аюулгүй байдлын гэрээний байгууллага (ХАБГБ)-ын энхийг сахиулах хүчний команд, штабын цэргийн хээрийн сургуулийг цуцалж байгаагаа мэдэгдэв. Киргизийн Балыкчи хотод энэ сарын 10-14-ний хооронд болох байсан сургуулилтыг цуцлах болсон шалтгаанаа тус улс тайлбарлаагүй байна. Энэ сарын 7-нд Санкт-Петербургт болсон ТУХН-ийн орнуудын удирдагчдын албан бус уулзалтад Киргизийн ерөнхийлөгч Садыр Жапаров оролцоогүй юм. Үүний зэрэгцээ ХАБГБ-ын гишүүн. Киргизстан, Тажикистаны цэргийн хооронд өнгөрсөн сарын дундуур томоохон мөргөлдөөн гарч, хоёр талаас 10 гаруй хүн амь үрэгдэж, гурван зуу шахам хүн шархадсан билээ.

l l l

Хятадын Коммунист намын Төв хорооны 370 орчим гишүүн хаалттай хаалганы Бээжинд хуралдав. Төрийн мэдээллийн “Синьхуа” агентлагийн мэдээгээр энэ сарын 16-нд эхлэх намын Ардын их хуралд Си Жиньпиний тавих илтгэлийг Төв хорооны гишүүд сонсож санал бодлоо илэрхийлсэн байна.

l l l

Америкийн “General Dynamics Land Systems” корпораци шинэ үеийн “Abrams X” танкийн эх загварыг танилцуулав. Уг танкийг энэ сард Вашингтонд нээгдэх АНУ-ын Армийн нийгэмлэгийн “AUSA-2022” үзэсгэлэнд олон нийтэд танилцуулах юм байна. Тус компанийн вэб сайт дээрх тайлбараас харахад энэ танк хүнгүй цамхагтай байх гэнэ. Үүнтэй ижил зохион байгуулалтыг Оросын Т-14 “Армата” танкны дизайнд ашигласан байдаг. Гэхдээ “Армата” танк Оросын хувьд хэтэрхий үнэтэй учир бөөнөөр үйлдвэрлэж чадахгүй байгаа юм.

АНУ-д 1980-аад оны эхэн үеэс үйлдвэрлэсэн бүх төрлийн M1 “Abrams” танкуудад жолооч, командлагч, буудагч, сумлагч гэсэн дөрвөн багийн гишүүнтэй байсан. Тэгвэл хиймэл оюун ухааны технологийг энэхүү танканд ашигласан нь түүнийг бүрэн “хүнгүй” горимд ашиглах боломж олгож байгаа юм байна. Ингэснээр байлдаанд удахгүй цэрэггүй, хиймэл оюун ухаантай танк тулалдах болж байна.

Г.АМАРСАНАА

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *