Categories
мэдээ цаг-үе

Эрхүүгийн их сургуулийн зуун жилийн түүхэн ойд оролцсон нь

Улирагч намрын сүүл сард алс Дорнодын оюуны их өргөө Эрхүүгийн их сургуулийн зуун жилийн түүхэн ойд оролцох хувь тохиосон юм. Эрхүүгийн их сургуулийн зуун жил гэдэг Дорнод Сибирь, Евразийн эрин зууны бахдам түүх билээ. Тэртээ нэгэн мянга есөн зуун арван найман онд Октябрийн хувьсгалын гал намдаагүй, иргэний дайны шуурга ид өрнөж байх цагт алс Дорнодын эл бөглүү тайгад эрдэм мэдлэг, дээд боловсролын ордон үүд хаалгаа нээсэн гэж бодохоор агуу. Улаантан цагаантнаараа хуваагдан тэмцэлдэж, их цөллөг, дайн дажны хүнд бэрх жилүүдийг туучин гарсан өнөөх луугар хэдэн генералууд нь уг сургуулийг анх байгуулсан юм гэдэг. Дайны хөлд дарагдаж хайртай бүхнээ алдсан ард түмэн сургууль байгуулахад халаасан дахь сүүлчийнхээ зоосыг шавхан өгч ирээдүйнхээ сайн сайхны төлөө итгэл үнэмшилтэйгээр зогсож байсныг анхны захирал Рубинштейн халуун дурдатгалдаа бичсэн нь бий. Ингэж орос хүний нугарашгүй сэтгэл, цөллөг амссан хатуу зовлон, эх орныхоо төлөө тэмцсэн зоригт хөвгүүдийнх нь уухайн түрлэг дунд эрдмийн өргөөний хонх жингэнэж, их соёл, түүх, шинжлэх ухааны алтан хуудас нь эхэлжээ.

Орос Монголын гүүр болсон Эрхүүд Монголын тал нутгаас ирж дээд сургуулийн босго алхсан анхны оюутан нь Юмжаагийн Цэдэнбал. 1936 онд Сибирийн Санхүү эдийн засгийн дээд сургууль буюу одоогийн Эрхүүгийн Байгалийн их сургуулийн оюутан болж Ангар мөрний хөвөөнд ирж байжээ. Тэгэхдээ Цэдэнпил нэртэй байсан гэдэг юм билээ. Бал дарга бага балчаараас номонд дуртай, ном тэврээд хэвтэхээрээ манайхны хэлдгээр ухаанаа алддаг нэгэн байжээ. Ямар сайндаа гэр сургуульд ном дэлгээд хэвтэхдээ босохоос залхуурч бусдыгаа дээгүүр алхаад гарчих гэдэг байсан тухай гавьяат багш Цагаанхичигийн дурсамжид байдаг сан.

Харин Эрхүүгийн байгалийн сургуульд суралцаж байхдаа номноос болж амиа алдах дөхсөн гэдэг юм. Монголын энэ нөхөр номноос салдаггүй, багш нараас дандаа магтаалын үг сонсдог гээд ангийн хүүхдүүд нь сургуулийн цонхоор шидчихжээ. Аз болоход хунгарласан цасан дээр унасан гэж байгаа. Хэрвээ чулуу юм уу, төмөр дээр унасан бол тэгээд дуусаа. Монголын төрийг дөч гаруй жил удирдсан Бал дарга ийм л түүхтэй Эрхүүд дээд боловсол эзэмших мянга мянган оюутны зам мөрийг түүчээлжээ. Түүнээс өмнө бүр хорин зургаан онд Монголоос долоон хүүхэд ирж Эрхүүгийн их сургуульд суралцсан байдаг. Гэхдээ нэр ус нь тийм ч тодорхой биш шиг дуулдана билээ.

Харин Эрхүүгийн их сургуулийг дүүргэсэн хамгийн тодорхой нэгэн бол агуу их Базарын Ширэндэв юм. Гучин долоон онд Эрхүүгийн Багшийн дээд сургуулийн түүхийн ангид оюутан болоод дөчин нэгэн онд төгссөн байдаг. Ингээд дөчин хоёр онд Улаанбаатар хотноо Монгол Улсын их сургууль байгуулагдахад бараг л анхны захирлаар нь томилогдож байсан. Жараад оны эхэн үед Монгол Улсад Шинжлэх ухааны академи байгуулагдахад анхны ерөнхийлөгчөөр нь сонгогдон хорь гаруй жил ажилласан. Улсын их сургууль, шинжлэх ухааны байгууллагын шинэ түүхийг бичиж, туурга тусгаар улсынхаа оюун санааны дархлааг бий болгож өгсөн Базарын Ширэндэв ийнхүү Эрхүүгийн их сургуулийн бүтээгдэхүүн юм. 1944 онд их сургуулийн ректор болчихоод дурсахдаа Тэр цагт манайд дээд сургууль төгссөн ердөө гуравхан хүн байсны нэг нь Цэдэнбал, нөгөө нь Багшийн техникумын багш Даш, гурав дахь нь би хэмээсэн. Эрхүүгийн Багшийн их сургуулийн ханан дээр Монголын нэрт эрдэмтэн, төрийн шагналт, академич, хөдөлмөрийн баатар буурал Ширэндэвийн алтан пайз хадаатай байна лээ.

Агуу их Ширэндэвийн идэр залуугийнх нь он жилүүдийг хадгалж үлдсэн Эрхүүгийн Багшийн их сургуулийг төгссөн Монголын мянга мянган сэхээтний нэгэн нь Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын сайд, Монгол төрийн түшээ Цэдэнбалын Цогзолмаа юм. Тэрбээр боловролын яамны сайдын хувиар мөн тус сургуулийн төгсөгчийн хувиар 100 жилийн түүхэн ойд уригдсан. Эх орны баруун хязгаар Ховд нутгаас Улаанбаатараар дайран алс Дорнодод хөл тавихад угтаж авсан ачит багш нар нь, оюутны анхны лекцээ сонссон хичээлийн танхим нь яг л урьдынхаара номын хуудас эргэх шиг угтсан байлгүй.

Бойко Ирина Владимировна гэж орос хэлний багш нь яг л гучин жилийн өмнөх шигээ инээд алдаад, гал цогтой дэгжин хэвээрээ гялалзаж байна. Зуун жилийн түүхэн өдрүүдэд Эрхүүгийн их сургуулийн хүндэт багш нар, эрдэмтэн профессорууд сэтгэл дүүрэн байгаа нь, мянга мянган шавь нараараа бахархаж байгаа нь царай зүснээс нь илт байв. Тэр дундаас Бойко багш бүр нэг бахархал дүүрэн байсан. Өөрийнх нь шавь Монгол Улсын Боловсрол, шинжлэх ухааны яамны сайд болоод сургуулийнхаа ойд ирсэн нь хамгийн том бэлэг байсан нь мэдээж. Нэр алдартай боллоо хэмээн баярлахдаа биш Миний шавь зөв явжээ. Миний заасан хичээлийг сайн сурчээ гэж сэтгэл нь ханасан байдал илтээс анзаарагдсан. Багш хүнд шавиараа бахархах шиг агуу юм байхгүй. Цогзолмаа сайдыг тэртээ ерээд онд хайрт ижийгээ алдчихаад хэдэн өнчин дүү нараа аавтайгаа орхиод явж чадахгүй, сургуулиасаа гаръя гэж хүртэл бодож байхад Эрхүүгээс утсаар холбогдсон хүн нь Бойко багш. Оюутнуудынхаа төлөө тэгж л уйгагүй явж, ном эрдэм сургах гэж чин сэтгэлээсээ зүтгэж байсан зүтгэл, их хайр нь төрийн сайдыг төрүүлсэнд байгаа юм.

Игорь Вячеславович Бычков гэж Эрхүүгийн улсын их сургуулийн захирал,Оросын Шинжлэх ухааны академийн Сибирийн салбарын дарга, академич тэрээр үнэндээ оргилсон, зориг золбоотой нэгэн. Монгол, Хятад, Япон, Герман, Испани, Автрали гээд дэлхийн олон орноос сургуулийнхаа ойг зорьж ирсэн төгсөгчдийнхөө өмнө, хүндэтгэлийн хүлээн авалтын үеэр Ура гэдэг үгийг гурван удаагийн давталтаар хичнээн ч удаа хэлэв. Зуун жилийнхээ ойн ёслолын буудлага шигээ сэтгэл нь оргилж ирээд Ура хашгирчихсан. Ёстой нөгөө уушгиныхаа гурван судсыг тасартал гэдэг шиг хамаг хүчээрээ хашгирсан. Алс Дорнодоор дүүрэн орилсон. Ангар мөрнөөс Калининград хүртэл орилно билээ. Ноён Бычков наян гурван онд сургуулийнхаа физик, математикийн факультетийг төгсчээ. Монгол Улсын Шинжлэх ухааны академийн Одон орон геофизикийн хүрээлэнгийн захирал С.Дэмбэрэлтэй нэг курст суралцаж төгссөн. Дэмбэрэл доктор мөн ойдоо уригдаж очсон. Нэг үеийн оюутнууд халуун дотноор уулзалдалгүй хаачихав.

Физик математикийн гэснээс тус факультетийг тэртээ жараад оны эхээр Монгол Улсын их сургуулийн профессор Санжаагийн Будням төгссөн удаатай. Гадаадад сургууль төгсч ирсэн Монголын анхны математикчдын нэг тэрээр жаран нэгэн онд Лодонгийн Дорж, Сүхчулуун гэсэн хоёр найзынхаа хамт Эрхүүд очиж байжээ. Ангарын хөвөөнөө шуугилдан очсон ангийн хоёр анд нь өнөө байхгүй бол өвгөн түүчээ 100 жилийнхээ ойд оччихсон хундага тулгаад зогсож байв. Математикийн шинжлэх ухаанаар эрдмийн зэрэг хамгаалсан Монголын гурав дахь хүн би гэж хэлсэн нь жинтэй дуулддаг. Хэдэн жилийн өмнө төрийн шагнал хүртсэн математикч Ринченгийн Энхбат мөн л Эрхүүгийн их сургуулийн бүтээгдэхүүн. Өвгөн түүчээ Будням багшийнхаа хамт ойдоо уригдсан байна.

Дорнод Сибирийн их тайга, Ангар мөрний хөвөөн дээрх губерний генералуудын цагаан байшин Эрхүүгийн их сургуулийн хичээлийн анхны байр. Зуун жилийн ойн хүндэтгэлийн ёслол энэхүү Белый дом-д болсон. Дайнтай цагийн тэнгэр дор дээд сургууль байгуулчихаад энэхүү цагаан байшинд оросын генералууд дуу шуутайхан найр хийж, Сибирийн тайгыг сэрээж байсан гэдэг. Хүндэтгэлийн ёслолд ноён Бычков болон Эрхүү хотын захирагч Дмитрий Викторович Бердников оролцож Монгол Улсын Боловсролын сайд Ц.Цогзолмаад Эрхүүгийн их сургуулийн Хүндэт профессор цол олгосон юм.

Мөн энэ үеэр Бердников захирагч Монгол Улсын баатар сансрын нисгэгч Жүгдэрдэмидийн Гүррагчаа, ШУА-ийн ерөнхийлөгч, төрийн шагналт академич Дүгэрийн Рэгдэл, Монгол Улсын их сургуулийн захирал Я.Төмөрбаатар, ШУТИС-ийн захирал Б.Очирбат, Монгол Улсын боловсролын их сургуулийн тэнхимийн эрхлэгч С.Эрдэнэмаам нарын олон хүндтэй эрхэмд Талархлын бичиг гардуулсан. Гүррагчаа баатар Эрхүү мужийг нэг талаар сансрын бүс нутаг гэж тодотгон хэлж болно гээд ЗХУ-ын хошой баатар, сансрын домогт нисэгч дотны нөхөр Борис Валентинович Вольновынхоо тухайн сэтгэл догдлон өгүүлж байлаа.

Гүрээ баатартай хамт сургуулийнхаа ойд очсон нэгэн бол Монгол Улсын гавьяат багш Дорпаламын Цогзолмаа. Жаран таван онд Архангайн төвийн арван жилийг дүүргээд Улаанбаатар хотыг үзээгүй оюутан шууд л Эрхүүд хөл тавьж байсан гэдэг. Орос хэлийг би чөлөөтэй эзэмшсэн. Энэ хэл намайг энэ амьдралын туршид тэжээж байна гэсэн нь бүхий л насаараа орос хэлний багшаар ажилласан, мөн Гүрээ баатрын тэргүүлдэг Монгол зөвлөлтийн найрамдлын нийгэмлэгийн орлогчоор ажилласнаа хэлж буйн хэрэг. Цогзолмаа гавьяат Эрхүүгийн их сургуулийн оюутан байхдаа ханьтайгаа учирч, ууган охин нь Эрхүүд төрж, сургуулийнхаа хажуу талын кафед арав арван рубль нийлүүлээд хуримаа хийж байсан гээд хүний амьдралын хамгийн баярт мөчүүдээ өнгөрүүлжээ. Түүний хань нь Монгол Улсын алдарт уяач Уламбаярын Буяндэлгэр. Эрхүүд төрсөн охин нь өдгөө Хөдөө аж ахуйн их сургуулийн сургалтын албаны дарга, доктор Энхжаргал. Хуримаа хийсний 50 жилийн ойгоо саяхан тэмдэглэжээ. Энэхүү нандин дурсамжаа сургуулийнхаа 100 жилийн ойн хүндэтгэлийн дундуур хуваалцсан юм.

Дээд шүүхийн Дэмбэрэлцэрэн гуай, Хууль зүйн сайд байсан Намсрайн Лувсанжав, Логийн Цог болон Цэрэнхүүгийн Шаравдорж гээд олон эрхэм Эрхүүгийн их сургуулийн хуулийн факультетийг төгссөн байдаг. Ерөнхий прокурор Ганбаяр, Бүдрагчаа, дээд шүүхийн шүүгч Сонинбаяр, Ундрах, Амарсайхан гээд Монголын хуулийн салбарт нэрийн хуудас болсон хуульч, шүүгчид уг сургуулийн төгсөгчид юм. Ангийнхаа нөхөдтэй гучин дөрвөн жилийн дараа уулзахад яг л өчигдөр уулзаад дахин уулзаж байгаа юм шиг сэтгэгдэл төрсөн. Бид бүхэн үргэлжийн холбоотой байдаг. Дэлхийн суутнууд төрсөн сургуулийн маань түүхт зуун жил дахиж тохиохгүй гээд бодохоор эрхгүй сэтгэл хөдөлж байлаа. Төр эрх зүй, иргэний онол зааж байсан алдарт багш нараараа бахархаж байна хэмээн наян дөрвөн онд Эрхүүгийн их сургуулийн босыг алхаж байсан Төмөрбаатарын Бат-Өлзий хуульч хэлсэн.Монголын шинэ үеийн шинжлэх ухаан болон улсын ардын аж ахуйн бүх салбарт мэргэжилтэй боловсон хүчнийг бэлтгэхэд онцгой хувь нэмэр оруулсан Эрхүүгийн улсын их сургуулийг Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар Сүхбаатарын одонгоор шагнасан. Монгол төрийн энэхүү дээд шагналыг БСШУС-ын сайд Ц.Цогзолмаа, УИХ-ын гишүүн З.Нарантуяа, Монгол Улсаас Эрхүү хотод суугаа Ерөнхий консул Лувсандагвын Амарсанаа нар хүндтэйгээр гардуулж өгсөн нь 100 жилийн ёслолын бас нэгэн оргил нь байлаа.

Орос гүрэн шинжлэх ухаан, боловсролоо ямагт тэргүүн зэрэгт тавьдгийг Алс Дорнодын хөгжлийн түүхийг бүтээсэн Эрхүүгийн их сургуулийн түүхэн ой бататгасан юм. Төр засаг нь төдийгүй улс орны капитал болсон бизнесмэнүүд нь хүртэл өндөр ач холбогдол өгч хоёр мянга арван найман он Эрхүү хот, Дорнод Сибирийн хувьд тэр аяараа улсын их сургуулийнхаа түүхээр бахархан буйг харах бахтай юм билээ. Сургуулийн ой гэхээр л манайхан шиг морь мал, бөх тэх, даншиг наадам гэхгүй ерөөс шинжлэх ухааны өмнө тэргүүн мэхийж буй нь үнэтэй. Улсын их сургуулийн зуун жил улс үндэстний нэгэн зууны их түүх, басхүү ирэх зууных нь уриа дуудлага байдаг буюу. Ийнхүү Эрхүүгийн улсын их сургуулийн 100 жилийн ойн тэмдэглэлээ товчлон хүргэлээ. Европын нам гүмхэн хотыг санагдуулах Эрхүүгийн тухай, зөөлөн цас хаялж, бороо шивэрсэн намрынх нь тухай, алс Дорнод, Ангар мөрний долгио, Байгаль далайн тухай дараагийн тэмдэглэлдээ өгүүлэх болно оо.


Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *